Гуравхан орцтой вакс хийж, илүүдэл үснээсээ салж гоо сайхан харагдаарай

Хөл, гарныхаа үснээс санаа зовж, хэрхэн салах аргаа олохгүй байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд чанартай вакс бэлтгэж гоо сайхандаа анхаарч болно шүү.

 

Урин дулаан цагаар эсвэл онцгой үдэшлэг, баярын үеэр хүссэн хувцсаа өмсөх гэтэл гар, хөл, суганы үснээсээ санаа зовоод байна уу? Хичнээн үсээ хуссан ч тэр дороо л амархан ургаад байгаа биз. Үүнээс ангижрах арга бол ваксдах юм. Үсийг ваксдаж хуулснаар үсний ёзоор хүртэл гүн хуулах ба үсний дахин ургалт маш удааширч эсвэл үс шингэрч тачирхан болно. Гоосайхан талаасаа ч үнэхээр толигор сайхан арьстай харагдах болно. Гэтэл гоо сайханы салонд ваксдуулах үнэ өртөгний хувьд хэцүү шүү дээ. Харин гэртээ өөрийн гараар чанартай байгалийн гаралтай вакс бэлтгээд хэрэглэж болох юм.

Үүний тулд танд

- 250гр элсэн чихэр

- 250гр зөгийн бал

- 125мл нимбэгний шүүс хэрэгтэй.

Хийх заавар:

1. Элсэн чихрийг хайлуулна - Наалддаггүй хайруулын тавгыг дунд зэргийн гал дээр халаагаад элсэн чихрийг хийж хайлуулна. Эхлээд хутгалгүй өөрөөр нь хайлуулаарай. Элсэн чихэр хайлж уусч эхлэмэгц галын хэмийг багасгаж хайлуулна. Энэ үед модон хутгуураар зөөлөн хутгаж эхлэнэ. Элсэн чихэр бүрэн хайлж нялцгай болох ба сайхан үнэртэж эхэлнэ. Таны сонгосон элсэн чихэр жижиг нарийн ширхэгтэй байх тусмаа вакс хийхэд тохиромжтой байдаг шүү.

2. Нимбэгний шүүс, зөгийн бал - Элсэн чихэр бүрэн хайлсны дараа галын хэмийг унтраалгүйгээр маш зөөлөн гал дээр тааруулж нимбэгний шүүс, зөгийн балыг хийж модон халбагаар зөөлөн удаан хутгана. Энэ үед хайлсан элсэн чихэр хөөсөрч үсрэх ба маш халуун байх тул түлэгдэхээс болгоомжилж хийгээрэй. Модон халбагаар хутгах үед наалдамхай, зунгаарсан жигд зуурмаг болох болно. Яг л вакс шиг. Зуурмаг хэт өтгөн болж хутгахад хэцүү зууралдаж байвал 1 хоолны халбага ус хийж сайтар хутгаарай. Ваксны наалдамхай чанар таны арьсанд яг тохирохоор болсон гэж үзэх үедээ галаас гаргаарай.

3. Хөргөнө - Вакс өтгөн зөгийн бал мэт зууралдсан наалдамхай, бор шаргал өнгөтэй болно. Ингээд галаас гаргаж сайтар хөргөсний дараа хэрэглэнэ. Шилэн сав, варианы шилэнд хийхэд тохиромжтой.  Эсвэл бүр хөргөгчинд хийгээд хэд хоногийн дараа ч хэрэглэж болно.

Хэрэглэх заавар:

- Хүний биеийн энгийн шар үс ваксанд тэр болгон хуулагдахгүй. Харин нэлээн мэдэгдэхүйц урт үстэй хэсгийг ваксдахад тохиромжтой шүү.

- Хөвөн даавуун материалтай даавууг үс хуулах хэмжээгээр урт нарийн хайчилж бэлтгэнэ. Хуучин хувцсаа хэрэглэж болох юм.

- Ваксдах биеийн хэсэгт baby powder буюу хүүхдийн цацлага эсвэл эрдэнэ шишийн цардуулыг нимгэн түрхэж цацаж өгөөрэй. Энэ нь вакс таны арьсийг гэмтээлгүйгээр зөвхөн үсэнд наалдаж үсийг өвдөлт багатайгаар хуулахад хэрэг болно.

- Ингээд зайрмагны модон иш эсвэл хавтгай модон савх ашиглан үстэй хэсэгт ваксыг жигд түрхэж нялна.

- Дараа нь бэлтгэсэн даавууг ваксдсан хэсэг дээр тавьж зөөлөн жигд дарж наалдуулж өгөөрэй.

- Вакс даавууг нэвтрэх болно.

- Наалдаж, зууралдаж байгаа нь танд мэдрэгдэх болно. Вакс бага зэргийн хатуурч, хатаж байгаа мэт болох болно. Ингээд вакс даавуутай болон таны арьс, үстэй нягт наалдаж зууралдтал хүлээнэ. Хэрхэн зөв бэлтгэж түрхсэнээс шалтгаалж 5-15 минут болно.

- Ингээд бэлэн боллоо гэсэн үедээ хуулахад бэлтгэнэ. Вакс наасан хэсгийн булчинг чангалж, давууны ирмэгээс эхлэн маш хурдан хуулж авна. Нүд ирмэхийн зуур л хуулаарай. Ингэж хуулахдаа үсний ургалтын эсрэг чиглэлтэй хуулах ба ингэснээр үсийг илүү үр  дүнтэй, ёзоор хүртэл нь хуулна гэсэн үг. Мэдээж тодорхой хэмжээгээр өвдөнө шүү. Та тэвчээртэй байгаарай.

- Үүний дараа арьсийг бүлээн усаар угааж, зөөлрүүлж тайвшруулах тос түрхэж болно. Та ваксаа өөртөө тохируулан зөв хийж бэлтгээд зөв хуулж чадсан бол ямар ч үс үлдээлгүй хуулсан байх болно.

- Үлдсэн ваксыг шилэн саванд хийж таглаад 2-3 сар хадгалаад хэрэглэж болно.

 


Гуравхан орцтой вакс хийж, илүүдэл үснээсээ салж гоо сайхан харагдаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.