Амьдралын хэмнэл өдөр ирэх тусам асар хурдтай өрнөж, ажил амьдрал, ар гэр, өөртөө тавих анхаарал халамж энэ бүгдийг нэгэн зэрэг ном ёсоор нь гүйцэтгэнэ гэдэг үнэхээр хэцүү. Аль нэг нь дутуу дулимаг орхигдож л байдаг. Дээр нь нэмээд замын түгжрэл, санхүүгийн эрх чөлөөт бус байдал гээд асуудал ар араасаа хөвөрнө.
Хүслээр болдог бол айлын сайн эхнэр, ажлын шилдэг албан хаагч, бас хэний ч харцыг унагаж чадах өөртөө итгэлтэй бүсгүй баймаар байдаг. Бүсгүй хүн гэдэг даанч их ачааг үүрдэг гэдгийг Гоолингоо найз нь мэднээ. Тиймээс энэ бүгдийг хэрхэн хялбараар шийдэж, эрч хүчтэй болж болох Юуны өмнө эмэгтэй хүн бүр л энэ бэрхшээлтэй тулгардаг гэдгийг санаарай. Гэхдээ үүнийг өөрт тохиолдсон зовлон гэж бодох хэрэггүй. Харин ч зөвхөн бүсгүй хүн л мэдэрч чадах жаргал гэж бодоорой. Хааяа үймүүлж, шуугиад үгэнд чинь орохгүй дэггүйтдэг үрс чинь ааваасаа илүү ээждээ хайртай, учир нь тэдэнд сүүний чинь үнэр шингээстэй байдаг. Тэд аливаа зүйлээс айхдаа аавыгаа биш, ээжийгээ дууддаг. Учир нь та тэдний “тэнгэрийн элч”.
Аливаа зүйлийн хандлагаас л бүх зүйл хамаардаг. Ажлаасаа ядраад ирэхдээ “Хэн нэгэн миний өмнөөс хоол унд бэлдэж, хувцас хунар угааж, гэр орон цэвэрлэдэг ч болоосой” гэж бухимдах үе бишгүй байдаг уу? Дэмий бухимдаж эд эсээ үхүүлэхийн оронд хийх ажлаа төлөвлөж ажлаа хурдан дуусгаад тухтай орчинд амрахаа бод. Бухимдлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Хэрэв хүүхэд чинь гарын үзүүрт зарагдахаар том болсон бол түүнд ажил хуваарилж өг, бас хэрхэн хийхийг нь хөгжилтэй байдлаар зааж өг. Та сайн үлгэрлэж чадвал тэд энэ хэвшилд дороо суралцах болно.
Орчин үед гэр бүлийн ажлын хуваарилалт бараг үгүй болсон гэж хэлж болно. Учир нь бид амьдралын асар хурдтай хэмнэлээс хоцрохгүйн тулд бас хэнээс ч дутуугүй амьдрахын тулд хоёулаа л хамтдаа хөдөлмөрлөж байна. Тиймээс гэртээ хэн түрүүлж харьсан нь хоолоо хийж, ажлаасаа хэн түрүүлж тарсан нь хүүхдээ цэцэрлэгээс нь авч байх гэх мэтээр ар гэрийн ажлын хуваарилалтаа хийх хэрэгтэй. Айл гэрийн ноён нурууг эр хүн тодорхойлох авч, эмэгтэй хүн гол зохицуулагч байдаг юм шүү.
Тийм ээ, чи зохицуулагч бас гайхалтай эмэгтэй байх ёстой. Сайхан эмэгтэй байхын тулд үргэлж салоноор үйлчлүүлж, брендийн хувцас хэрэглэнэ гэсэн үг биш. Яаралтай тохиолдолд өөрөө өөртөө гоо сайханч болчихдог, өөрт зохисон хувцасаа яг тааруулаад өмсчихдөг байхад л хангалттай. Гол нь ажлын хуваарилалтаа зөв зохицуулж өөрөө өөрийгөө арчилахад цаг гаргадаг байх. “Энэ дэлхий дээр царай муутай эмэгтэй гэж байдаггүй, өөртөө арчаагүй эмэгтэй л байдаг” гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Бид бүгдээрээ үзэгслэнтэй бүсгүйчүүд.
Ар гэрийн асуудлаа шийдчихсэн байхад арагшаа санаа зовохгүйгээр амар тайван ажлаа хийх боломжтой болно. Бас өөртөө итгэлтэй байдал чинь ажилдаа амжилт гаргахад том хувь нэмэр болох болно. Аливааг бэрхшээл гэж шантралгүйгээр, би үүнийг чаднаа гээд урагш алхаарай.