Бүжгийн спортын “Улаан сарнай” хамтлагийн удирдсан багш Б.Номингэрэлтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцлаа
-Монгол Улсын бүжгийн спортын нүүр царай болсон “Улаан сарнай” хамтлаг ДАШТ –д маш өндөр амжилт үзүүллээ. Юуны түрүүнд баяр хүргэе?
-Баярлалаа. Сэтгэл хангалуун байгаа. Бид стандарт бүжгийн ДАШТ -д улсаа төлөөлж оролцлоо. Тэмцээнд европын орны бүжгийн спортын төлөөлөл болсон 10 гаруй орны 19 баг тамирчид оролцсон.
-Европын ихэнхи оронд бүжгийн спорт хөгжөөд 100 гаруй жил болсон байдаг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Гэтэл манайд үүсч хөгжөөд 10 жил болж байна. Энэ бол асар том ялгаа. Асар их ялгаатай л даа. Хамгийн сэтгэлд тодоор үлдсэн мөч нь Азийн төлөөлөл болсон Монгол Улсын “ Улаан сарнай” хамтлаг гэж дуудуулах тэр мөч үнэтэй байлаа. Бид цаашдаа хичээх болно.
-“Улаан сарнай” хамтлаг маань Санхүү эдийн засгийн дээд сургуулийн харьяа билүү. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багийн цөмийг сонирхмоор байна л даа?
-Тийм ээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16-25 насны тамирчид оролцлоо. Дандаа л оюутнуудаас маань бүрдсэн баг нэг цөм байсан. Арай ахимаг насны тамирчид сургуулиа төгссөн ажил дээр гарчихсан хүмүүс байсан. Аргаггүй л ур чадвараараа илүү учраас оролцсон.
-Тамирчид маань тэмцээнд оролцох нэг хүндрэлтэй асуудал заал байсан гэсэн. Зориулалтын шал жаахан асуудалтай ч юм уу?
-Бид ДАШТ болох өдрөө л заалаа үзсэн. 15 минутын хооронд зориулалтын паркетан шаланд дасан зохицоно гэдэг асуудалтай байсан. Бид чинь энд зуурдаг шаланд л бэлтгэл хийдэг. Гэнэт халтиргаатай шалан дээр бүжиглэх тамирчдад амар байгаагүй. Монголдоо нэг зориулалтын шалтай болчих юмсан гэж мөрөөдсөөр л ирлээ. /Инээв/
-Өнгөрсөн 12 дугаар сард ДАШТ –ий эрх авсан шүү дээ. Гэтэл тэмцээнд оролцохоос нэг хоногийн өмнө зардал мөнгө бүтсэн гэх юм?
-Инээв. Тийм ээ. Энэ спорт хөгжөөд удаагүй болохоор дэмжих байгууллага тун ховор байсан. Гэтэл явж явж Худалдаа хөгжлийн банк бидэнд их тусалсан. Яг явахын өмнөх өдөр л санхүүгийн асуудал бүтэж байлаа. Миат компани, Классик Жемийн Энхтайван ах хүртэл их тус хүргэсэн. Тэдэндээ их баярлаж байгаа. Тусалсан хувь хүмүүсээ дурьдаад байвал дуусахгүй байх.