ӨМӨӨРЧ САНАЛ ӨГСНӨӨСӨӨ МУУХАЙ ХАРАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮД

Өнгөрсөн жилийн өдийд билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид халуурч, ер бусын баримтууд ар араасаа хөвөрч байв. Сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн штабуудаас цацсан хар пиартай зэрэгцэн жилийн өмнөх яг энэ өдөр “УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогджээ” гэсэн мэдээлэл цацагдаж байлаа. Удсан ч үгүй “Баттай эх сурвалжууд” хүчингийн хэрэгт холбогдсон хүн нь УИХ-ын гишүүн Д.Гантулга гэдгийг нотолцгоож сонгуулийн нэр дэвшигчдийн сөрөг пиарууд хүртэл сүрд нь дарагдам дуулиан дэгдээж билээ. Тухайн үед Ардын намынхнаас аль нь ч хүчингийн хэрэгт холбогдсон журмын нөхрөөсөө ичээгүй билээ. Харин ч хайрлаж, харамлаж, өмөөрч, өөгшүүлж байлаа… Тэр явдлаас хойш жил тойрчээ. Ерөнхийлөгчийн сонгууль алсран одож, УИХ-ын сонгуулийн нэгэн цикл хаяанд ирсэн байна. Өөрөөр хэлбэл, одоогийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд аль хэдийн хоёр жил болсон байна. Сонгуулийн дөрвөн жилийн циклийн сүүлийн хоёр жил бол манай улстөрчдийн хувьд ирэх сонгуулийнх нь бэлтгэл хангах үе л байдаг. Энэ үедээ тэд үнэн байдаггүй, ихэвчлэн ирэх сонгуулийнхаа оноог цуглуулахад хамаг анхаарлаа хандуулдаг. Бүрэн эрхийн хугацааны сүүлийн хагас гэдэг бол улстөрчдийн хувьд бодлогоор уралдах биш, попролтоор өрсөлдөх талбар л болдог. Ерөөсөө л практикт давтагддаг, батлагдсан үнэн тэр билээ. Баг өмсөн, хамгийн чангаар шударга ёсыг тунхаглах ч харамсалтай нь энэ нь ганцхан саналын төлөөх явуургүй арга байдаг нь гачлантай. Энэ л гажуудсан жимээр алхах энэ удаагийн улстөрчид эхнээсээ ил гарч эхэллээ. УИХ дахь Ардын намын голдуу эмэгтэй гишүүд ардын баатрын дүрд тоглож эхэлснээс харвал шүү дээ. Бараг л тэмцлийн хурц хэлбэрийг сонгох шахуу сүрт мэдэгдэл хийсэн тэд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Д.Гантулгын өчигдрийн үйлдлийг “Бидний гавьяа” хэмээн сагсуурцгаав аа. Тухайлбал, Н.Оюундарь гишүүн өөрийн твиттэр хуудсаар дамжуулан “Эмэгтэй гишүүдийн тэмцэл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг харууллаа” гэсэн байв. Уг нь тэд ганцхан хоногийн өмнөөс л “тэмцэж” эхэлцгээсэн юм шүү дээ. Бүтэн жил тойроход ганц үг ганхийгээгүй тэд эцсийн цэг хатгах мөчид цээжээ дэлдэн гүйж ирцгээдэг байна шүү. Үйл явдлын эцэст нь биш, эхэнд нь үгээ хэлж байсан бол тэдний үг үнэн сонсогдож, үйлдэл нь үнэлэгдэх байлаа. Жилийн өмнө хөдөлсөн шударга ёсны галт тэрэгт амжиж суугаагүй тэд жирийн бусаар ийн титмийн төлөө тэмцэлдэх нь Д.Гантулгыг авч үлдэхийн төлөө гараа өргөсөн бусдаасаа ч муухай харагдаад байна.

                                                                                                                     А.Болдбаатар


ӨМӨӨРЧ САНАЛ ӨГСНӨӨСӨӨ МУУХАЙ ХАРАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: АНУ ЗОЯ Огноо: 13 June 2018 Reply

Гашуудалд оролцож байгаа юм шиг царай гаргаад. Яаж ингэж жүжиглэж чаддаг байна аа. Хүний өмнөөс ичих их хэцүү юмаа.

Leave a Reply to АНУ ЗОЯ Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.