Тавилан

31711

Цэцэгсийн дэлбээн дээр бөнжигнөх шүүдэр өглөөний мандаж буй нарны тусгалд гялтагнаж үзэгдэх нь эрдэнийн шигтгээ гэлтэй гоёмсог харагдана .Өглөө эртлэн мордсон өвгөн Балдан насаараа нутаглаж буй Унаган толгойнхоо баруун сугаар ороон пөг пөг шогшуулахдаа сэтгэлийнх нь угт үргэлж байдаг хөндүүрээ сэдрээн нэгэн гунигт дурсамжаа бодон шүүрс алдана
Балдан өвгөн залуудаа тэвхэгэр өргөн цээжтэй өтгөн хар хөмсөгтэй яггүй барилдчихдаг нутаг усныхандаа нэр сайтай сайхан залуу байлаа.Тэрээр хар багаас тоглож өссөн нутгийн бүсгүй Цэрмаатай нэг л мэдхэд хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэж амьдрахаар сэтгэл шулуудсан байлаа.Цэрмаа бол гол усандаа байтугай сумандаа толгой цохих сайхан бүсгүй агаад ажил төрлөөрөө гайхагдсан нэгэн.Цэрмаагийн аав панз Доной гэгч бүдүүн халзан эр элдэв наймаа панз үсэргэн мөрийтэй тоглоом тоглож тогооны архи эргүүлж явдаг хүн.Тэрээр хэд хоногоор тоглоом эргүүлээд явчихана ирэхдээ хонь үхэр адуу туугаад л эсхүл элдэв хатуу эдлэл авчирна гэхдээ дандаа олз омогтой ирэхгүй заримдаа хоосон хараал урсгасаар л согтуу ирнэ.Цэрмаагийн ээж залуугаараа хорвоог орхисон учир тэр аавтайгаа хоёулханаа амьдардаг тов хийсэн амьжиргааны хэдэн малтай болоод л байдаг улс .Панз Доной урдын адил хэд хоног мөрийтэй тоглоомоо эргүүлж яваад ирэхдэа их л уруу царайтай хараал тавьсаар иржээ .Тэгээд л хүрлийчээд л бодол болон тамхи татаад л таг суучихдаг болов охин нь аав минь юу болоов гэж асуухад хариу эс хэлнэ .Гэтэл хагас сарын дараа тэднийд нэгэн зочин ирэв тэр бол ханх Ойдов гэгч ойворгон эр Түүнийг хараад панз Доной байх суух газраа олж ядан хавчигнаж буйг охин нь анзаарсан ч учрыг нь эс ойлгоно .Хоёр эр хойд хамар дээр гарч удаан ярилцаж ярилцаж ирээд ханх Ойдов харихаар мордов Тэр цагаас хойш Ойдов өдөр бүр ирж ааваас нь өр нэхэн дарамтлаж буйг Цэрмаа харах бүр эцгийгээ өрөвдөнө.Ханх Ойдов бүр тэднийхээс салахаа больж Цэрмааг ичгүүр сонжуургүйгээр элдэвлэн зовоох болов аав нь тэр байдлыг мэдсэн ч нүдээ аниад л бүлх залгисан мэт таг дуугүй байх аж.Нэг өдөр Балдан хайрт бүсгүйндээ иртэл ханх Ойдов хэзээ язааны гэрийн эзэн шиг тухлан байх агаад Балданг хараад их л ёозгүй за дүү хүү хаа хүрч явна даа гээд бас элдэв муу үгээр өдөж хатгаж эхлэв .Угийн үг дуу цөөнтэй Балдан ч нээх юм ярьсангүй өөрөөс олон ах хүнтэй адарч сөргөлдөхийг ч хүссэнгүй Цэрмааг гарая гэж дохиод гарчээ.Балдан гэрийн гадаа хайртай бүсгүйгээ нарч ирэхийг хүлээгээд зогсож байтал гэрээс Цэрмаагийн Балдаан гэж орилох дуу гарч Балдан ч ухасхийн гэрт харайн ортол Ойдов Цэрмааг хүчээр тэврээд авчихсан Балданг чи муу гуйлагчин эндээс зайл дахин үүгээр битгий үзэгдээрэй гэж давшлав.Балдангийн уур маш их хүрч Ойдовыг чирч гаргаад л гөвшиж гарчээ гэнэт Цэрмаагий болиочээ хүн аллаа гэх дуунаар л ухаарч зодохоо болив .Энэ өдрөөс гурав хоногийн дараа сумын хэсгийн төлөөлөгч ирж Балданг аймагруу авч яваад хүн зодож танхайрсан хэргээр эрүү үүсгэн цагдан сэргийлэхэд өгч удалгүй шүүх хурал болж ханх Ойдов гомдолтой хэмээсэн учир шүүх Балданг жирийн дэглэмтэй хорих ангид жил зургаан сар хүмүүжих ял оноожээ.Ингээд л Балдан аавын хаалга татаж жил орчим суугаад ажилаа сайн хийж хэрэг зөрчил гаргаагүйн уламаас хугацаанаасаа өмнө суллагдан ирэв.Гэтэл Балдангийн хувьд хорвоо хөмрөх шиг болж хайртай бүсгүй нь өөрөөсөө олон ах ханх Ойдовын эхнэр болсон байлаа . Тэр цагаас хойш Балдан өдий хүртэл эхнэр авалгүй ганцаараа хорвоог туулж яваа нь энэ бөлгөө.Ийнхүү гунигт дурсамжаа бодон шогшиж яваа өвгөн Балдан нутгийн хүмүүсээс Цэрмаа хөгшиний бие тааруу гэж дуулаад очиж биеийг нь асуухаар өглөө эртлэн мордсон нь энэ ажээ.Өвгөн цоггүй болсон нүдээрээ уулсын оройг ширтэн шогшсоор л …….

Ж.Баянмөнх 2018-1-10


Тавилан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.