Өндөр өсгийттэйгээ тулж ажилла!

e242bfc8d3cb3b268b3eb19bc30d9c6a

Өсгийтэй гутал өмсчихөөрөө чи өөрийн эрхгүй нуруугаа цэхлээд, гэдсээ татдаг биз дээ? Гэхдээ түүнийг санасныхаа хэрээр зүгээр л нэг өмсчихдөг юм биш. Эхлээд хөл өвдөнө, цэврүүтнэ, холгоно гээд асуудал мундахгүй. Өндөр өсгийт өмсмөөр байдаг ч өвдөхөөс нь айгаад, аль дээр авсан чамин гутлаа шүүгээнийхээ хаа нэг мухарт хийчихсэн юм биш биз? Алив гаргаад ир хамтдаа сургуулилт хийе.

- Юуны өмнө эхлээд гэртээ өлмий дээрээ явах сургуулилт хий. Энэ нь чамайг өндөр өсгийт өмсөх үеийн чинь сургуулилт болохоос гадна булчинг чинь дасгах болно. Гэртээ хоол хийж байхдаа, алхахдаа өлмий дээрээ явж бай. Өлмий дээрээ яваад сурчихвал дараа нь өндөр өсгийт өмсөхөд тийм ч хэцүү биш байх болно. Учир нь өсгий чамайг “түшээд” өгнө.

- Намхан өсгийтөөс эхлэ. Яваандаа гуталныхаа өсгийний өндрийг бага багаар нэмэгдүүл. Өсгийтэй гутал өмсөж байхдаа шагайны аюулгүй байдлыг дээд зэргээр бодолцох хэрэгтэй. Нэг л эвгүй гишгэвэл шагай мултрах аюултай.

- Яаж “асуултын тэмдэг” шиг явахгүй байх вэ, гэж үү? Хөлөө ойр ойрхон тавьж, нэг шугамын дагуу алх. Эхлээд өсгийгөө, дараа нь улаараа гишгэ. Энэ бол өндөр өсгийтийн дүрэм шүү! Өвдөг нугалараад байдгийн гол учир нь үүнийг зөрчсөнд л байгаа юм.

- Шантраад байвал чи хэзээ ч чадахгүй. Өндөр өсгийт дээр торолгүй явдаг бүсгүйчүүд ч бас анхандаа чам шиг л бэрхшээлтэй тулгарч байсан гэдгийг санаарай. Тиймээс юу юугүй хөл өвдөөд байна гээд гутлаа тайлаад шидчихэж болохгүй.

- Үргэлж шулуун замаар яваад байлгүй шатаар өгсөж, уруудаж, өвсөн дээгүүр, зөөлөн газраар явах зэргээр олон замыг “турших” хэрэгтэй.

- “Запас” байгаа юм чинь санаа зовох хэрэггүй. Эхний ээлжинд намхан ултай гутал цүнхэлж явж бай. Тэгвэл санаа амар явдаг болно. Гэхдээ юу юугүй намхан гутлаа өмсөхгүй шүү. Бүр аргагүй болсон үедээ л запасаа хэрэглэ.

Өсгийтэй гутал худалдаж авахдаа анхаарах зүйлс:
• Таалагдсан гутлаа хараад шууд авахаар бүү шийд. Сэтгэл чинь хэтэрхий их хөдөлснөөс болоод хөлийн хэлбэр, нумны тохироодоо таараагүй гутал авах вий. Тиймээс авах гэж буй гутлаа сайтар өмсөж үзэх хэрэгтэй.

• Хямд гутал хямд л байдаг. Гутал сайт гурвын өмнө гэдэг дээ. Тэгээд ч хямд гуталнууд хөлд тийм ч эвтэйхэн биш, эдэлгээ муутай байдаг. Нэг улиралд чанар муутай гутал дахин дахин авч байснаас, нэг мөсөн ганц сайн гутал авчих хэрэгтэй.

• Өлмий хэсгээрээ өндөрлөгчтэй гутал сонго. Нэгдүгээрт ийм гутал шороо, чулуун дээгүүр явсан ч хөлийн улыг өвтгөхгүй байх болно. Хоёрдугаарт өмсөхөд эвтэйхэн байх болно. Учир нь өсгийний өндрөөс улны өндөр хасагдана шүү дээ. Нэг ёсондоо энэ нь ухаалаг зохион бүтээгчдийн нүд хуурах залжин аргуудын нэг юм.

• Зуузай, ул зөөлөнтэй гутал сонго. Эс тэгвэл хөлийг чинь холгож хэд хоногтоо худалдаж авсан сайхан гутлаа харж санаашрахаас өөрцгүй болно.

• Чамайг сайхан харагдуулахын тулд их “хичээл зүтгэл” гаргасан хөлөндөө орой бүр иллэг хийж, бүлээн усанд амрааж бай. Орой унтахдаа хөлөө тосолж маргаашийн “албанд” нь бэлтгэж байгаарай.

 


Өндөр өсгийттэйгээ тулж ажилла!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.