Финландын Хельсинки хотын их сургуулийн судлаачид хоолны дэглэм барих, хоолноос татгалзах зэрэг нь ашиг тус өгөхөөсөө илүү хор хөнөөл авчирч магадгүй гэдгийг анхааруулж байна. Хоол ундаа хязгаарлах юм бол дараа нь тухайн хүн хэт их идэх аюултай болдог аж. Тиймээс биеийн жингээ хэвэнд нь байлгаж байхын тулд тогтмол бага багаар идэж байх хэрэгтэй гэнэ.
Тэдний явуулсан судалгаанд 5000 орчим залуус оролцжээ. Оролцогчид 24 болон 34 насандаа биеийн жин, түүний өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухай асуултад хариулжээ. 10 жилийн хугацаанд оролцогчдын дийлэнх нь таргалсан байна. Эмэгтэйчүүдийн ердөө 7,5%, эрчүүдийн 3,8% нь турсан аж. Жингээ хэвэнд нь байлгахад нөлөөлсөн зүйл бол хоолны дэглэм барих бус харин тогтмол хооллолт байжээ.