Төрсний дараа эмэгтэйчүүдэд тохиолддог томоохон асуудлуудын нэг нь язралт байдаг. Гормоны өөрчлөлтөөс болж арьсны холбогч эдүүд суларч, уян хатан чанар нь алдагдсанаас язралт үүсдэг байна. Ихэвчлэн хэвлий, хөх, гуя, гарын хэсгээр язралт явагддаг.
Зөвхөн төрсний дараа гэлтгүй өөр шалтгаанаас язралт бий болох тохиолдол байдаг. Жишээ нь бэлгийн бойжилтийн үед, гормоны тэнцвэр алдагдах үед, хэт таргалж турах үед язралт явагддаг. Язралт нь хүний эрүүл мэндэд ямар нэг хор нөлөө байхгүй ч гоо сайханд нөлөөлдөг. Гэхдээ язралтаас сэргийлэх, түүнийг багасгах хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
Ихэнх эмэгтэйчүүдийн язралтын шалтгаан нь төрөхөөс үүссэн байдаг. Жирэмсний үед тодорхой хэмжээний язралттай байх нь зүй ёсны хэрэг. Харин язралтын хэмжээ гол асуудал юм. Язралт удамшдаг. Хэрэв танай ээж чинь язралт ихтэй бол чамд ч бас энэ асуудал үүсэх магадлал өндөр байна гэсэн үг. Удамшлын гаралтай язралттай тэмцэхэд ихээхэн тэсвэр, хүч хөдөлмөр шаардагддаг.
-Эрүүл арьсанд язралт явагдах нь бага байдаг. Тиймээс амин дэмтэй хоол сайн хэрэглэж, арьсаа байнга тэтгэж байх хэрэгтэй.
– Жирэмсний үед арьсаа сайн тосолж, иллэг хийж уян хатан байдлыг нь сайжруул.
-Жингээ тогтмол хянаж, огцом таргалж, турахаас сэргийл.
-С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх.
Язралтын хөнгөн хэлбэр эхэндээ улаан, ягаавтар өнгөтэй байдаг. Харин удах тусмаа цайрч, нүдэнд үл үзэгдэх төдий мөнгөлөг өнгөтэй болдог. Одоогийн байдлаар язралтыг эмчлэх төгс арга бий болоогүй л байна. Хөнгөн хэлбэрийн язралтыг тосон түрхлэг, иллэг массажын аргаар эмчлэх боломжтой. Мөн сүүлийн үед арьсны өнгөн хэсгийг лазераар хуулж, харагдах байдлыг бүдгэсгэх эмчилгээ хийдэг болсон. Гэхдээ энэ мэдээж төгс үр дүн хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс язралтааас урьдчилан сэргийлэх дээрх аргыг бага дээр нь хэрэглэх хэрэгтэй.