Бяцхан үрээ эртнээс “гараас гаргах” хамгийн чухал 6 арга

baby-mom-797x570

Хүүхэд 2 наснаасаа эхлээд л бие даахын хүслэн болж эхэлдэг. Бүдэрч унасан ч хамаагүй заавал замын хашлага давж алхахаар зүтгэнэ. Өөрийнх нь хийх гэж байсан зүйлийг өмнөөс нь өөр хүн хийчихээр цухалдаж уйлна. Бараг хэлд ч ороогүй байхдаа л тэд “Би бол тусдаа бие хүн”, “Би ч бас аав, ээж, ах эгчтэйгээ адилхан” гэсэн ойлголтыг тархиндаа аль хэдийнэ авсан байдаг. Харин энэ үед нь бид түүнийг “гараас гараагүй нялх амьтан” л гэж хардаг учраас бие даах хүсэл эрмэлзэлд нь алхам тутамдаа саад болдог.

Мэдээж 2, 3-хан настай хүүхдээ бид ганцааранг нь гэртээ орхиж, олон нийтийн газар хөтлөлгүй явж чадахгүй. Гэхдээ давхар бие даах оролдлогыг нь бага багаар хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Бие даах гэсэн оролдлогыг нь дэмжихгүй байвал хүүхэд аав ээжийнхээ дэргэдээс холдох, цэцэрлэгт явах дургүй, араас үргэлж уйлагнадаг, аливаа зүйлийг өөрөө хийхээс илүүтэй үргэлж хэн нэгнээр хийлгэхгүй л бол болохгүй гэж боддог нэгэн болж төлөвшинө.

Урдуур нь орж бүү хий
Үнэхээр өөрөө хийж чадахгүй, “арай болоогүй” зүйлийг нь л хийж өг. Харин хүүхдийн өөрийнх нь хийж чадах зүйлээс нэгийг нь ч өмнөөс нь бүү хий. “Би өөрөө”, “Би чадна” гэж шулганан зүтгэж байгаа ч бяцхан үрд чинь эхэндээ юм бүхэн тийм хялбар байхгүй нь мэдээж. Гэхдээ түүний сэтгэлд нь багтсан болоод л тэр зүтгэж байгаа юм. Энэ үед нь яаран сандран болиулахын оронд аль болох өөрийн биеэр үлгэрлэж харуулахыг хичээгээрэй. Чи хүүхдийнхээ ачааллыг хэдий чинээ өөр дээрээ авна, түүнд цаашид төдий чинээ үүнийг өөрөө хийхэд хэцүү байх болно.

Алдсан ч гэсэн дахин оролдохыг нь зөвшөөр
Бие даалтыг эзэмших замд нь хүүхдэд чинь өчнөөн бэрхшээл тулгарч таарна. Аяга тавгаа хагална, ханцуйгаа норгоно, шал заваартуулна. Ийм үед нь хүүхдийг сэтгэлээр унагаж, ахин хийхийг нь хориглож, буруутган загнаж болохгүй. Дараагийн удаа илүү сайн хийж чадна гэж тайвшруулаад туслахыг санал болго. Түүнд аав ээжээс нь илүү эрч хүч, өөртөө итгэх итгэл өгөх хүн олдоно гэж үү.

Өөрөөр нь шийдвэр гаргуул
Хүүхдийг биеэ дааж сурахад шийдвэр гаргах эрхийг олгох нь маш чухал. Гадаа тоглохоор гарахад нь ямар тоглоомоо авч гарахыг өөрөөс нь асуу. Гэхдээ асуултаа зөв тавих хэрэгтэй. Хэрвээ томоос том чихмэл бамбаруушаа авч гарна гэх вий гэж сэрэмжилж байгаа бол авч гарах боломжтой тоглоомуудыг нь нэрлээд сонгуулж болно. Өнөөдөр ямар хувцас өмсмөөр байгааг нь өөрөөр нь сонгуул. Дэлгүүрээс ном авч өгөхдөө ч хэд хэдэн сайн сонголтыг өгөөд өөрөөс нь асуугаарай. Өөрөө хүсээгүй байхад нь хэн нэгнийг үнсүүлж, тэврүүлэх гэж оролдохоо боль. Орой ямар үлгэр уншуулахыг өөрөөр нь шийдүүл.

Гаргасан амжилт бүрийг нь анзааран магт
Хүүхдийнхээ жижигхэн зүйл дээр ч гаргасан амжилтыг нь тухай бүрд нь тэмдэглэж, магтаж бай. Тэгвэл тэр дараагийн удаа үүнээс ч илүүг хийхээр оролдох болно. Гэхдээ \”үр дүн”-ээс нь илүү \”оролдлого”-ыг нь онцолж магтаарай. Тэр магадгүй хааяа үдээсээ буруу үдэж, оймсоо буруу харуулан өмсөж болно. Зөвхөн зөв хийсэн үед нь магтахаас гадна, буруу хийсэн үед нь ч өөрөө хийх гэж уйгагүй оролдсон нь мундаг хэрэг гэж магтаад зөвийг нь зааж өгөөрэй.

Хугацаа олго
Охин чинь үсээ самнахын тулд бүхэл бүтэн 10 минут зарцуулдаг бол гарах цагаасаа 10 минутын өмнө түүнд самыг нь өг. Өөрөө юмаа хийх боломж гарах үед нь \”Хоцорлоо” гэдэг шалтгаанаар өмнөөс нь хийж өгсөөр байвал түүний суралцах үйл явц удаашрах болно. Бас түүнээс яг төгс үр дүн хүлээх хэрэггүй. Тэр өөрийнхөөрөө халбагадаж, өөрийнхөөрөө аягалаж, өөрийнхөөрөө тоглоомоо хурааж байг. Асгачихвал арчихыг нь л заагаад өгчих.

Тодорхой хугацаагаар орхиж яв
Гэхдээ танихгүй хүмүүсийн дунд, гадаа эсвэл дэлгүүрт гэсэн үг биш шүү. Жижиг өрөөндөө оруулаад \”Ээж нь 5 минутын дараа эргэж ирнэ. Тэр хүртэл эндээ байж байгаарай” гэж хэлээд 5 минутын турш том өрөөнд байж, түүнд ээжгүйгээр өөрийгөө саатуулах боломжийг олго. 5 минутын турш томоотой, өөрийгөө өвтгөлгүй, араас нэхэж уйлахгүй байгаад сурчихвал хугацаагаа уртасга. Нууцаар, сэмхэн зугтааж хэрэггүй, тэгвэл хүүхэд эргэж ирэхгүй байх вий гэж айснаасаа болоод дараагийн удаад улам л явуулах дургүй болно. Харин \”Энэ цагийн зүү энд хүрэхэд ээж нь эргээд ирнэ” гэж тодорхой хэлж яваад, хэлсэндээ хүрэн цагаасаа хоцролгүй эргэж орох хэрэгтэй. Тэгвэл хүүхэд цэцэрлэгтээ үлдэхдээ ч, эмээ өвөө дээрээ үлдэхдээ ч өөртөө итгэлтэй, айдас хүйдэсгүйгээр биеэ дааж сурах болно.

Алхам алхмаар хийж сурсаар байгаад таны хүүхэд бүх зүйлийг хийж чаддаг болно. Хамгийн гол нь амжилтанд итгэх хэрэгтэй.


Бяцхан үрээ эртнээс “гараас гаргах” хамгийн чухал 6 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.