Харц (Өгүүллэг)

8f8ff9056f2c8a64117bc1835465c41c

Хяргачих шахсан хоёр нүд ширвэх үед би гэж гэм хийж ээждээ шавхруулсан хүү мэт өнчирч хоцрох болчихож. Яг ийм үед сэтгэлийн минь гүнд нуугдан байдаг номхон, дөлгөөхөн харц намайг өрөвдсөн янзаар ширтдэг юм. Би тэр харцанд хичнээн хайртай гээч. Тийм нэг урсгал дөлгөөхөн харц.

Аргагүй юм даа. Зүрх догдлуулж, цус булиглуулсан, зүгээр ч үгүй зүүдэнд ч хааяа үзэгдчихдэг, халуун залуу насны минь хайрыг булаасан тэр харц шүү дээ. Энэ хорвоод анх хайр дурлал гээчийг би тэр л харцнаас мэдэрсэн юм. Харин тэр харц одоо зүрхний минь нэгээхэн буланд эсвэл тархины минь нэгээхэн нугалаасанд нуугдчихаж. Гээд яахав ээ, хэрвээ намайг хүсвэл хаа нэгтэйгээс гараад ирчирсэн, намайг харжээ байдаг юм. Би бүр давраад тэр харцтай ярилцахыг оролддог гээч. Надтай ярихгүй л дээ. Зүгээр л анх түүнийг харсан тэр мөч шиг тийм нэг хөөрхөн инээвхийлдэг юм. Тэр инээвхийлэхийг нь харахаар баярламаар ч юм шиг заримдаа нэг их гунигламаар ч юм шиг. Сэтгэл гэдэг сонин шүү…

Харин сүүлийн хяргачих гэсэн энэ харц бол ондоо л доо. Давхраатай юм болохоор хөөрхөн үедээ хөөрхөөн. Гэхдээ давхраатай нүдний доторхи хар нь том байхыг хэлэх үү. Цоолчих гэсэн шиг цоргино. Зовхио хараар эмжээрлээд будчихвал бүр яана гээ. За дээр нь хөмсгөө атируулвал мөн ч сүртэй. Ийм харцтай учраад бараг арваад жил болж байгаа хэрнээ нэг л дасахгүй л байгаа юм. Би гэдэг хүн сүүлийн хэдэн жил дотроо намирч дуниарсан хоёр, гаднаа дэгж дэрвэсэн хоёр гээд ийм дөрвөн нүдний дунд амьдрах болов.

Миний хань гэж гараараа амаа дарж нуг нуг инээсэн, үргэж дэргэсэн уруултай, эгдүүтэй жижигхэн бор охин байв даа. Би ч анх харсан даруйдаа шунанхан дурласан гэж байгаа. Түүнийхээ, тэр номхон, дөлгөөхөн харцанд л татагдсан гэж одоо ч бодож явдаг. Хайр дурлал гээч хаанаас ирдэг юм бол? гэж хайсаар, олдохоор нь гайхсаар, намирсан хайрын бүлээн аялгуунд уярсаар явтал нэг л мэдэхэд ханьдаа дассан. Үр хүүхэдтэй ч болсон. Олон жил сайхан ч амьдарсан. Бидний хайр хаа очиж бөх юм. Наддаа эрхлээд талимаарахдаа, эсвэл намайг эрхлүүлэн энхрийлэхдээ хардаг тэр харцыг би яахан мартах билээ. Магадгүй би тэр л харцыг харах гэж, мэдрэх гэж хорвоод ирсэн ч юм билүү хэн мэдлээ. Бурхан надад өгөх ёстой хишигийн жин дарах хэсэг нь тэр харц ч байж болох шүү дээ. Би ханийхаа намайг энхрийлэх бяцхан гарт нь, эмзэгхэн уруулд нь, эмнэг хангал амьсгаанд нь, эрхэлж нялхарсан харцанд нь гээд надад зориулсан бүхэнд хайртай.

Хүний хүсэл, тэр тусмаа бүсгүй хүний хүсэл гэж нэг юм байнаа. Ханийн минь мөнхийн гэж хэлж болох хүсэл бол давхраа байлаа. Уг нь надаас асуугаагүй биш, асуусан л даа. “Хөөрхий дөө, муу хань минь насаараа мөрөөдөж явсан юм” гэж бодоод
- Хожим хараанд чинь л нөлөөлдөггүй юм бол хийлгэ дээ гэлээ
- Төлбөрийг нь яах вэ? Чамгүй үнэтэй ш дээ гээд зөөлхөн хар нүд нь гэрэлтэж байна
- Тэр яахав ээ, хамгийн гол нь чиний минь мөрөөдөл шүү дээ гээд л духан дээр нь үнссэн.

Баярласандаа, бас намайг зөвшөөрсөнд нулимс унагаж ч байх шиг. Хайртай хүнийхээ мөнхийн хүстийг зөвшөөрсөндөө би ч бас хэрэндээ маадгардуу. Хань минь мөн ч их баярлав даа. Учир алга. Тэр давхраа гээчийг хийлгэлээ. Зовхин дээрээ нарийхан цагаан лент наачихаад л гүйгээд байсан. Нэг өдөр авлаа. Мөн гоё хийжээ. Манай зарим эмнэлэг гоо сайхны хагалгааг, тэр дундаа давхрааг мөн мундаг хийдэг болж. Давхраа хийлгэсэн зарим хүүхнүүд гэж хэд хоног нойргүй туучихсан юм шиг л бэлцийчихсэн юмнууд гүйж явдаг, манай хүнийх гэж үгүй ээ бүр төрмөл юм шиг. Хүн болгон гоё, сайхан болсныг гайхан шагшрана. Хаана байдаг, ямар эмнэлэг вэ? гээд л шалгаана. Хань минь баярлаж байна ч гэж юүхэв. Эхнэрээ үнэн голоосоо баярлахыг харах нь надад ч гэсэн нэгэн жаргал.

Түүнээс хойш хөөрхөн алаг нүдтэй бүсгүй надтай цуг амьдрах болов. Анхандаа ч анзаарсангүй. Сүүлдээ нэг л бишээ. Тэс өөр нүд намайг хараад ч байх шиг. Хачин. Заримдаа бүр ширвээд ч авах шиг. Эхнэрийнхээ хэзээний танил уруулыг үнсэх хичнээн сайхан. Харин үнсэж байхдаа нүдээ нээхээр огт танил биш харцтай тулгарахаар нэг л эвгүй. Хурдхан шиг нүдээ анимаар. Өдөр хоног өнгөрөх тусам надад нэг юм дутагдах боллоо. Үгүй ээ, яг дутагдаад байна уу гэхээр үгүй. Гэхдээ л би нэг юм үгүйлээд л, эрээд л, хайгаад л…Тэгж, тэгж оллоо шүү.

Анхны хайрыг булааж, алаг зүрхийг минь догдлуулсан тэр зөөлөн дулаан харц одоо нэгэнт ой дурсамжинд минь л үлдэж. Намайг л харж байх ёстой өнөөх сэтгэл татам зөөлөн харц хаашаа ч юм алга болжээ. Хүн гэдэг он цаг улирах тусам бие биендээ уусаж, бие биенийхээ оюун санаатай амьдардаг шиг санагддаг. Тэгэхээр би ханьдаа хайртай хэвээрээ байх нь мэдээж юм. Гэхдээ би хаа нэгтэйгээс магадгүй тархи зүрхнийхээ нэгэн нугачаанаас эсвэл он цагийн шарласан хуудаснаас мөнөөхөн зөөлхөн, дулаахан харцаа эрсээр л байх биз ээ…


Харц (Өгүүллэг)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.