2018 онд хаашаа аялах вэ: Яг одоо тренд болж буй 10 газар

Одооноос эхлээд аяллаа төлөвлөөрэй

 

Мэдээж хэрэг ямар ч үед аль ч улс орныг зорин аялсан та цоо шинэ мэдрэмж, туршлага, онцгой дурсамжийг олж авна гэдэгтэй маргах зүйл үгүй биз ээ. Гэхдээ бид энэ удаад шинэ музей, үзэсгэлэн, зочид буудал гээд 2018 онд цоо шинэ бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа 10 сонирхолтой газрыг онцлохоор шийдлээ. Дэлхийн аялал жуулчлалын шинэ чиглэл болж буй эдгээр аяллын маршрутууд таны 2018 оны аяллын төлөвлөгөөнд хэрэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

ИСЛАНД

main-island-044657eae2759cf31f60e72f39e5c926

Үлгэрийн мэт байгалиараа дэлхийн аялагчдын мөрөөдлийн жагсаалтанд үргэлж дээгүүр байранд бичигддэг улс бол мэдээж Исланд юм. Энэхүү Скандинавын гайхамшигт оронд салхич шувуун сафари, халуун рашаан, нисдэг тэрэгтэй аялал гээд байгалийн сайхныг үзэх зориулалттай янз бүрийн аяллын төрлүүд бий. Ингээд ч зогсохгүй Исландад энэ оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл Trollaskagi Camp нэртэй цоо шинэ поп-ап глэмпинг бааз нээгдсэн байгаа. Энд та үзэсгэлэнт Туйлын туяаг орондоо хэвтэн, тав тухтай нөхцөлд үзэж сонирхох боломжтой. Мөн сүүлийн үед тренд болоод байгаа шилэн бөмбөрцөг хэлбэртэй зочид буудлуудад заавал зочилж, тэнгэрт гэрэлтэх үзэсгэлэнт оддыг ширтэн нойрсож болох юм. Бид танд 5 Million Star гэх зочид буудлыг санал болгож байна. Үүнээс гадна, Исланд улс нь аюулгүй орчин, нөхөрсөг уугуул иргэдээрээ алдартай тул ганцаараа аялж буй хүмүүст хамгийн тохиромжтой улс орны нэг байх болно. Мөн Исланд улс нь олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ирэх жилүүдэд нийт тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: Зун, намар, өвөл. Зуны улиралд Исландын цаг агаар дулаарч, явган ба уулын аялал хийхэд хамгийн тохиромжтой байх болно. Мөн цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодорч харагдана. Энд Туйлын туяаг 9-4 сар хүртэл нийт найман сарын турш харах боломжтой гэдгээрээ онцлогтой.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: 3-5 сарын хооронд Исландын байгаль ерөнхийдөө саарал, өнгөгүй харагдах бөгөөд өвлийн улирлын дараа мөс хайлж нэлээд их шавар, шавхайтай байдаг гэдгийг санаарай.

АБУ-ДАБИ

87654678

Хэрэв Дубай хотыг Ойрх Дорнодын Лас-Вегас гэж хэлж болох бол Абу Дабиг уг бүс нутгийн Парис гэж нэрлэж болохоор болжээ. 2018 онд Абу-Дабиг зорих хамгийн гол шалтгаан бол мэдээж хэрэг бараг тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Луврын музей юм. Нийт 87,000 м2 талбайтай музейн барилгыг Притцкерийн шагналт архитектор Жан Нувелийн бүтээсэн байгаа. Абу-Даби дахь Луврын музейд VII зууны Куран судар, XX зууны Пикассогийн бүтээлүүд мөн мэдээж хэрэг Леонардо да Винчигийн суут зургуудыг үзэх боломжтой. Мөн тун удахгүй домогт архитектор Фрэнк Гэригийн бүтээсэн Гуггенхаймын музей, Заха Хадидын “Performing Arts Centre” зэрэг томоохон төслүүд нээгдэх төлөвлөгөөтэй байгаа.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: Абу-Дабид 2-3 сард цаг агаарын байдал илүү сэрүүн байдаг тул аялахад хамгийн тохиромжтой байх болно.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Зуны улиралд +43 хэм хүртэл халдаг тул бие физиологийн хувьд аялахад нэлээд хүндрэлтэй байх болно.

ЛОС-КАБОС, МЕКСИК

chileno-mexico

Өнгөрсөн жилийн хуй салхины улмаас Сен-Бартс болон Карибын бусад арлуудыг зорих жуулчдын тоо эрс багассан. Тэгвэл 2018 онд Мексикийн Лос-Кабос бүс нутаг нь далайн эрэг, наран шарлагын газрын цоо шинэ амралтын цэг болон хүч түрэн гарч ирж байна. Мөн тун удахгүй Лос-Кабост нэг тэрбум ам.долларын үнэтэй зочид буудлын төслүүд хэрэгжих тул ирээдүйд энэхүү газар нь тансаг зэрэглэлийн аяллын салбарыг байлдан дагуулах болно. Жишээ нь Four Seasons at Costas Palmas зочид буудалд бууж (энэ оны сүүлээр нээгдэнэ), Кортез далайд сэлж, шумбаж (снорклинг), кайтсерфинг болон бусад усан спортуудаар хичээллэх боломжтой. Хэрэв та оны эцэс хүртэл хүлээж тэсэхгүй бол The Ritz-Carlton сүлжээний Zadun гэх зочид буудал зургаадугаар сард нээгдэнэ гэдгийг анхааралдаа аваарай.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: Тавдугаар сард цаг агаарын таатай байдал бүрддэг ба аяллын төрөл бүрийн урамшууллууд энэ үеэр зарлагддаг. Мөн өвлийн саруудад халим харах боломж бүрдэнэ.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Есдүгээр сард хуй салхи дэгдэх өндөр магадлалтай.

ГҮРЖ

Баялаг хоолны соёлыг туршиж, цанын баазад цагийг зугаатай өнгөрүүлж, байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч, мөн мэдээж хэрэг сайн чанарын дарс амтлахыг хүсвэл Гүржийг зорих хэрэгтэй гэдгийг туршлагатай аялагчид сайн мэднэ. Үүнээс гадна, Гүрж улс нь цагаан хоолтнуудад зориулсан асар олон төрлийн зоогийг санал болгодгоороо онцлогтой. Гүржийн алдарт зочид буудлын брэнд болох Adjara нь энэ хавраас эхлэн Stamba гэх цоо шинэ зочид буудлаа нээхээр төлөвлөсөн байгаа. ЗХУ-ын үед хуучин хэвлэх үйлдвэр байсан энэхүү шинэ таван одтой зочид буудал нь Гүржийг зорих хангалттай шалтгаан болно.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: Дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын эхэн үе хүртэл гайхалтай цаг агаар, үзэсгэлэнт байгаль таныг угтана. Мөн 9-10 сарын үед ургацын оргил үе байдаг тул та нутгийн шинэхэн ногоогоор хийсэн амтат зоогуудыг амталж үзэж болно.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: 7-8 сард Гүржид аагим халуун байдаг гэдгийг санаарай. Мөн 11-3 сар хүртэл чийгтэй, хүйтэн уур амьсгалтай байдаг.

КАМБОЖ

КАМБОЖ зурган илэрцүүд

Сүүлийн жилүүдэд Камбож улс нь өөрийн баялаг соёл, үзэсгэлэнт байгалиараа маш олон жуулчдыг өөртөө татаж байгаа билээ. Тэгвэл тус улс нь 2018 онд маш онцгой тансаг зэрэглэлийн бүтээн байгуулалтаа нээж байна. Тодруулбал Кардамон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Shinta Mani Wild нэртэй 16 ширхэг сафари стилийн асар бүхий зочид буудал үүд хаалгаа нээхээр болсон байгаа. Жуулчид энд заан, баавгай, бар зэрэг зэрлэг амьтдыг онгон байгальд нь харах боломжтой. Түүнчлэн Краби арал дээрх Six Senses зочид буудал 2018 оны есдүгээр сард дахин 40 шинэ вилла ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Шинэ вилла тус бүр өөрийн гэсэн усан сан, дарсны мухлагтай тул аялагчид дээд зэргээр тав тухтай, тансаг байдлыг мэдрэх болно.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: 6-8 сарын хооронд жуулчид бага байдаг тул зочид буудлын үнэ харьцангуй хямд тусна.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Камбожид дөрөвдүгээр сард маш халуун байдаг бол есдүгээр сард ихэвчлэн бороо ордог гэдгийг анхаараарай.

ФЛОРЕНЦ

florence зурган илэрцүүд

Сэргэн мандалтын үеийн гайхамшгуудыг нэг дор цогцлоосон Флоренц хот нь бүх цаг үед олон улсын жуулчдын заавал очиж үзэх хэрэгтэй газарт зүй ёсоор тооцогдож ирсэн билээ. Тэгвэл энэ жил ч мөн Италийн энэхүү гайхамшигт хотыг зорих шалтгаан олон бий. Жишээ дурдахад XVI зуунд баригдсан 800м үргэлжлэх Васари хонгил хоёр жилийн турш сэргээн засварлагдсаны эцэст 2018 онд олон нийтэд нээгдэж байгаа. Бид танд аравдугаар сард Флоренц хотод очихыг зөвлөж байна. Учир нь энэ үеэр Леонардо да Винчигийн “Codex Leicester” гэх шинжлэх ухааны сэдэвтэй уран зургийн цуглуулгыг Уффици галерей тэрбумтан Билл Гейтсээс түр зээлэн олон нийтэд дэлгэх болно.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: 3-4 сард цаг агаар тааламжтай байхын зэрэгцээ зочид буудлууд ч боломжийн үнэтэй байдаг. Мөн 10-11 сард ч энэхүү таатай нөхцөл үргэлжилнэ.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Зуны улиралд маш халуун цаг агаартай болдог ба энэ үеэр маш их жуулчидтай байдаг.

СИНГАПУР

SINGAPORE зурган илэрцүүд

“Арслангийн хот”, “Хамгийн цэвэрхэн хот” гэгддэг Сингапурт энэ жил дэлхийн шилдэг хэд, хэдэн коктейль баар болон Мишелиний одтой ресторанууд нээгдэх болно. Ингээд ч зогсохгүй Сингапур хот улс нь 2,4 тэрбум ам.долларыг технологийн шинэчлэлд зориулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс гадна тус улсын хамгийн алдартай зочид буудал болох түүхэн дурсгалт Raffles шинэчлэгдэн нээлтээ хийж байгаа. Шинэчлэгдсэн зочид буудалд Францын домогт ахлах тогооч Ален Дюкасс уригдан ирж, зочдод өөрийн нэрийн зоогоор үйлчлэх болно. Хэрэв эдгээр шалтгаанууд танд Сингапурыг зориход хангалтгүй санагдвал сүүлийн хэдэн жилийн турш дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар шалгарч байгаа Чанги шинэ терминал нээж байгаа гэдгийг бид онцолж байна. Нүүр царай таних системээр тоноглогдсон энэхүү дэвшилтэт нисэх онгоцны буудал нь энэ оны сүүлээр дөрөвдүгээр терминалаа нээх болно.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: Борооны улирал эхлэхээс өмнө буюу 2-4 сард таныг сайхан цаг агаар угтана.

 

Хэзээ аялах тохиромжгүй вэ: 12-1 сард борооны улирал ид өрнөж байх тул төдийлөн тохиромжтой биш юм.

ӨМНӨД СОЛОНГОС

south korea зурган илэрцүүд

“Пёнчан-2018″ Өвлийн Олимпийг амжилттай зохион байгуулсан Өмнөд Солонгос улс нь манай орны иргэдийн хувьд аялал жуулчлалын чухал цэг байсаар ирсэн. Хоол, дуу хөгжим, архитектур, шоппинг гээд Өмнөд-Солонгосын нийслэл Сөүл хотыг зорих шалтгаан олон бий. Тэгвэл тус хотод дэлхийн тав дах хамгийн өндөр барилга болох Lotte World Tower худалдааны төв, “Seoullo 7017″ гэх явган зорчигчдод зориулсан “агаар дээрх цэцэрлэгт хүрээлэн” нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Мөн нийслэл хотоос 400 гаруй км зайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн Чежү арал оршиж байгаа. Чежү арал нь Shinhwa World нэртэй бараг 2,5 км2 талбайтай асар том энтертэйнмент цогцолборын тусламжтайгаар бүр ч их жуулчдыг татна гэж төлөвлөөд байгаа юм. Уг төсөл нь дотроо Lionsgate кино компанитай хамтран бүтээсэн “галзуу хулгана” ба бусад олон аттракцион тоглоомтой парк, Four Seasons зочид буудал, хамгийн алдартай K-Pop уран бүтээлчид тоглолтоо хийх концертын танхим болон бусад олон зүйлсийг багтаах аж.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: 10-11 сард дулаан уур амьсгал зонхилох бөгөөд төрөл бүрийн сонирхолтой фестивалиуд зохион байгуулагддаг. Жишээ нь Гванжу кимчиний фестиваль, Намдо хоолны фестивалийг зорьж өөрийн хүссэн хоолоо зооглох боломжтой.

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Хэрэв та зуны бороотой өдрүүдэд дуртай биш л бол борооны улирлаар очихыг бид зөвлөхгүй.

СЛОВЕНИ

Мелания Трампын төрсөн нутаг гэдгээрээ сүүлийн үед дэлхий дахинаа алдаршаад байгаа Словени улс нь 2018 онд маш олон жуулчид хүлээн авна гэдэгт бид итгэлтэй байна. Тэр тусмаа уулын спортод дурлагсдад энэ улс бүр ч их таалагдах болно. Учир нь дэлхийн хамгийн алдартай уулчдын нэг, Piolet d’Or шагналын эзэн Алес Чезен өөрийн гэсэн уулын спортын академийг энд нээх гэж байна. Та энэхүү академид элссэнээр уулын тусгай экспедиц аяллуудыг хийх боломжтой. Түүнчлэн Блед нуурын эрэгт байрлах хадан хавцлаас бууж, Шкоцьянске-Яме агуйн системээр аялж, гайхалтай адал явдлыг туршиж үзэх болно. Эцэст нь хэлэхэд тус улсын нийслэл Любляна хотод саяхан минималист уур амьсгалтай Intercontinental зочид буудал шинээр нээгдсэн байгаа.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: Тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхэн үе хүртэл байгаль дэлхий цэцэглэж, бүх зүйл ногоон харагдах болно. Мөн энэ үеэр алдарт интоорын фестиваль зохиогддог тул та нутгийн шинэхэн жимсийг амтлаад үзээрэй.

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Арваннэгдүгээр сард Словенид маш хүйтэн байдаг гэдгийг анхааруулж байна.

ӨМНӨД ТАНЗАНИ

south tanzania зурган илэрцүүд

Африкийн зэрлэг байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, дахин давтагдашгүй мэдрэмж олж авахыг хүсвэл мэдээж Танзани улсыг зорьж, сафари аялал хийх хэрэгтэй. Хэрэв та олон тооны сафари аяллын машин харахыг хүсэхгүй байвал жинхэнэ онгон байгалиараа байгаа “Selous” дархан цаазат газар болон “Ruaha” гэх үндэсний паркийг зорьж зэрлэг амьтдыг тэр дундаа анааш ба арслангийн сүргийг хараарай. Сүүлийн үед асар хэлбэрийн тансаг зэрэглэлийн зочид буудлууд жуулчдын дунд нэлээд түгээмэл дэлгэрч байгаа. Тухайлбал өнгөрсөн оны есдүгээр сард эко аялал жуулчлалаар дагнадаг Asilia Africa компани Roho ya Selous гэх тансаг зэрэглэлийн зочид буудал нээсэн байгаа. Эндээс Африкийн цөөвөр чонын хамгийн том тоо толгойг олж харах боломжтой.

 

Хэзээ аялахад тохиромжтой вэ: 7-11 сард хуурай улирал эхэлж, зэрлэг амьтад устай газар цуглардаг тул тэднийг илүү ойроос харах боломж олдоно. Мөн хэрэв та Африкийн их нүүдлийг харах зорилготой бол долоодугаар сарын сүүлээс наймдугаар сар хүртэл аяллынхаа төлөвлөгөөг гаргаарай.

Хэзээ аялах тохиромжгүй вэ: Дөрөвдүгээр сард маш их устай бороо орсноор дэлхийн хамгийн аюултай амьтдын жагсаалтанд багтдаг Цеце ялаа ихэсдэг.


2018 онд хаашаа аялах вэ: Яг одоо тренд болж буй 10 газар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.