Г.Золжаргал: Бариста нар бол соёл түгээгчид мөн өглөөг эхлүүлэгчид

34464251_1099789530159986_5414618218700472320_n

“Анх баристаг энгийн үйлчилгээний ажил гэж боддог байлаа. Гадагшаа явж сурахын хажуугаар ажил хийхэд хэрэг болно гэж бодоод Монголдоо баристагаар суралцах зорилгоор нэгэн кофе шоп-т ажлын анкет бөглөн, ажлын ярилцлагад нь орохдоо “би кофег урлаг гэж боддог , би кофегүй амьдарч чадахгүй гээд” л бурж өгөв өө. Эхний ярилцлага дээрээ тэнцээгүй болохоор бүр шар хөдлөөд, өөр кофе шоп-т найз оруулаад өгье гэсэн боловч татгалзаад, нөгөө газраа дахиад анкет бөглөлөө.

2 дахь ярилцлагад нь өөр эгч авч байна, тэгэхээр нь өмнө нь ярьж байсан шигээ “кофе бол урлаг, кофегүй амьдарч чадахгүй” гээд “хусаж” өгөв. Энэ удаад харин тэнгэр ивээж нэг ажилд орлоо. Хороололд байдаг салбарт нь томилогдож, жил орчим ажиллахдаа кофе жаахан гадарладаг болохтойгоо болоод ажлаасаа гарсан юм. Тухайн үед манай найзууд кофе шоп нээх гэж байгаа гээд ажиллах санал тавьсан нь, одоогийн миний ажиллаж буй ROC Caffeine Bar билээ.

Анх ямар ч төсөөлөлгүй байхад “гар аргын кофе” хийж сурах шаардлага гарсан тул, би сургалтын төв хайж хайж PeaBerry specialty coffee house and roasterie-ийн сургалтад сууж сая нэг жинхэнэ кофены соёлыг зах зухаас нь мэдэж авснаар уг мэргэшлийг хүндэтгэх болсон юм. Сургалт дуусаад “Peaberry”-д дадлага хийнгээ кофены талаар интернэтээс бие даан судалж эхэлсэн. Хэдэн сарын дараа “ROC” нээгдэхэд би энэ мэргэшилдээ аль хэдийн дурлачихсан байж билээ.

“ROC”-д 2 жил ажиллах хугацаандаа өөрийнхөө чадварыг улам сайжруулан кофены соёлыг судалсаар, саяхнаас “бариста” гэж хэлж болохуйц боллоо. Мөн баристаг насны залууд хийдэг үйлчилгээний ажил гэж харах хандлага минь өөрчлөгдсөн юм. Бариста бол “хими , физик , ярих чадвар , түүх , амтлах , үнэрлэх” зэрэг олон чадвар , мэдлэг мэдээллүүдийг шаарддаг нарийн мэргэшил. Яг л Япон, Австрали зэрэг улсууд шиг, Монголд кофе “соёл” талаасаа дэлгэрээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсдэг.

Бариста байх давуу талууд их. Миний хувьд мандах нарыг хамгийн түрүүнд хардаг хүмүүсийн нэг гэх үү дээ, орой эрт унтаж өглөө эрт босохыг ажил минь надаас шаарддаг. Өглөө ажил дээрээ 7 гэж очоод бүх хөшгөө нээн, жазз, жазз хип хоп, блюз, Pink Floyd зэрэг дуртай хөгжмөө сонсож байгаад, цонхоор тусах гэрэлд өөртөө зориулан кофе хийж уух тэр өглөө болгон минь хамгаас сайхан. Дараа нь үйлчлүүлэгчдийнхээ өглөөг кофегоороо эхлүүлж, сайхан мэдрэмжийг хүмүүст түгээнгээ сонин хачин ярилцаж хууч хөөрнө.

Бариста нар бол соёл түгээгчид мөн өглөөг эхлүүлэгчид. Дэлхий нийт шинжлэх ухаанд анхаарал тавих хийгээд хөрөнгө оруулалт багассан үетэй зэрэгцэн анхны кофе “корнер”-ууд үүссэн бөгөөд тухайн үед эрдэмтэд кофе корнеруудад уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, цаашлаад бүр тэндээ байрладаг болж, олон теорем баталж байсан түүхтэй юм билээ.

Харин “specialty” кофе шоп нь “friendly zone” үүсгэх зорилготой бөгөөд бариста нар нь ч их хотын “соёлыг түгээгчид” байдаг. Манайх энэ зарчмаар ажилладаг бөгөөд ихэнх үйлчлүүлэгчид маань бидний маш сайн найзууд. Одоо бол би кофег утгаар нь “урлаг” гэж боддог болсон. Бариста нар соёл түгээхийн сацуу кофе урлаж буй уран бүтээлчид юм.”

Г.Золжаргал (Бариста, 1vs100 лэйбэлийн DJ)


Г.Золжаргал: Бариста нар бол соёл түгээгчид мөн өглөөг эхлүүлэгчид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.