Хийлч Дээгий: Хань минь ааваас минь 10н насаар ах гэхдээ энэ бол хайр

 

 

 

01-3

 

Хийлийн уран яруу эгшгээр бидний сэтгэлийг хөглөж, зүрхийг дулаацуулдаг бүсгүйтэй Америкаас ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа. Хийлч Дээгий алс холын нутагт бэрлэж, Америкт үрийн зулай үнэрлээд, ээж болоод ирж. АНУ-ын Вашингтон хотод амьдарч, сурч байгаад ирсэн тэрээр энэ учраас хэсэг хугацаанд буюу “Дээгий концерт-2008” тоглолтоо хийснээсээ хойш сонсогчдоосоо хөндийрч, сураг алдарсан аж. Донжтой, өөрийн гэсэн эрхэмсэг өнгө аясыг Монголын урлагт, сонгодог урлагийн ертөнцөд тамгалж чадсан залуухан хийлч бүсгүй амьдрал, хайрын тухай ийн ярьж байна.

-Таны хийлийн аялгуу холдсон. Харь орноос л сураг сонсч байлаа. Шинэ хүнтэй, ханьтай болсон таниар сонин их байгаа байх?
-Баярлалаа. “МНӨ” сонины бүх уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлч Дээгий миний бие хэсэг хугацаанд Америк улсад амьдарч, сурч байгаад бас уран бүтээлээ туурвиж байгаад ирлээ. 2008 оны “Degi concert” 4-р сарын 10-нд Дуурийн театрт болсон. Тэр тоглолтоо хийчихээд дараахан нь Америк улсыг зорьсон. Тэнд байсных гурав, дөрвөн фестивальд оролцлоо. Тэр дундаас Чингис хааны тахилгын ёслолын үйл ажиллагаа Нью-Жерси мужид болсон. Энэ үйл ажиллагаанд би 4 жилийн өмнө оролцож байсан. Түүнээс Америкт сурч байхдаа гадна энэ жил Охойяа мужийн Мидлтаун хотод Монгол улсыг сурталчилсан фестивальд, мөн оrlоо.соm гэдэг дэлхий даяар тархан сууж байгаа Монголчуудыг нэгтэсэн том сайтын 3 жилийн ой болж, миний амьдарч байсан Вашингтон ЭС хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. Энд бас ая дуугаа өргөлөө. Ер нь хүн эх орондоо байхдаа Монголын тухай дэлхий юу гэж байгааг сонирхдоггүй юм уу даа. Харин эх орноосоо хол явахдаа Монголын тухай сонирхдог, уншдаг болчихдог юм байна. Уран бүтээлч хүнд зүгээр суух цаг зав байдаггүй хойно тэнд байх хугацаандаа судалгааны ажил бас хийж байлаа.

-Уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн байж. Шинэхэн ээж, гэргийн, сонин гэвэл?
-Баярлалаа. Би уран бүтээл туурвиад, хийлч Дээгий гэгдээд 10-аад жил өнгөрч. Уран бүтээлийн хажуугаар хүн гэр бүлийн амьдралыг орхигдуулж болохгүй, балансыг бариад явж байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл гэрээс гараад ч хүн, гэртээ ирээд ч Дээгий шүү дээ. Энэ бүхнийг бодож явсан. Амьдрал надад маш сайн хань, сайхан үр заяалаа. Дээгий хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.

-Тэр эрхэмтэй бид танилцаж болох уу?
-Хэрэггүй байх аа. Хувийн амьдралынхаа талаар нэг их яримааргүй байна. Уучлаарай.

-Ядаж ээж болсон тухайгаа ярих байлгүй дээ? Хийлийн эгшгээр өөрийгөө, бусдыг хөглөдөг уран бүтээлч эмэгтэйд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрсөн нь сонин байна.
-Ямар ч байсан юуны түрүүнд эмэгтэй хүн бүрт ээж болоорой гэж хэлмээр байна. Энэ бол хүн болгоны туулаад гарах ёстой, амтлаад үзэх ёстой жаргал юм байна гэж мэдэрсэн. Сайхан үрийг энгэртээ тэврэх үнэхээр сайхан юм билээ. Миний хувьд төлөвлөсөн гэхэд хаашаа юм, төлөвлөөгүй гэхэд ч хаашаа юм, ямар ч байсан ээж болоход бэлэн болчихсон үедээ хүүхэдтэй болсон болохоор аз жаргалтай байна. Уран бүтээлч хүний хувьд хэлэхэд хүн их зөөлөрчихдөг юм байна. Би өөрөө зөөлөн эмэгтэй хүн, гэхдээ хүүхэд гэдэг амьтан эмэгтэй хүнийг илүү зөөллөдөг юм байна. Ний нуугүй хэлэхэд урьд өмнө нь амьдралд өөрийгөө л бодож явж. Тэр нь ч бас сайхан байж. Яагаад гэвэл би өөрийгөө бодохгүй бол өөр хэн намайг бодохов. Гэтэл ээж болохоор үрээ боддог юм байна. Энэ нь эргээд намайг сайн хүн болгож байгаа юм л даа. Сайн хүн байсан бол бүр сайн хүн болгож байгаа гэсэн үг. Том үүрэг хариуцлагыг хүлээж байна, зүрх сэтгэл цаг, заваа өөр бас нэг хүнд зарцуулж байна гэдэг бүр сайн хүн болж байгаа гэсэн үг,

-Харийн хүнтэй гэрлэсэнд сонгодог урлагаар хичээллэдэг мэдрэмж тань бас Америкт сурч, амьдарч байсан тань нөлөөлсөн юм болов уу гэж би таамаглаж байна?
-Би боддог юм, болох ёстой юм болсон гэж. Юм хэт их туйлшрахаараа онцгүй байдаг. Хэт их болгоомжлохоороо бас хэцүү байдалд ордог гэж би боддог юм. Товчхондоо болох ёстой юм болдгоороо болсон. Юмыг би зөнгөөр нь байлгах дуртай. Тэгвэл ирэх ёстой юм ирдэг. Уран бүтээлч хүний өнцгөөс харвал хүн дандаа нэг хэвийн байгаад байвал баригдмал, шинэ юмгүй болчихдог. Амьдрал ч гэсэн өөрөө цаанаасаа хүнийг өөрчилж байдаг. Үүнийг дагаад сайн сайхан үр дүнг бий болгохыг хүсэж, хүлээж байна. Үүнийг дагаад уран бүтээл маань ч баялаг, урьд өмнө нь мэдэрч байгаагүй шинэ соргог мэдрэмжээр баялаг болох байх аа. Аливаа хүн амьдралтайгаа уялдуулж уран бүтээлээ туурвих нь хамгийн үнэн байдаг гэдэг. Жишээлбэл, би ээж болоогүй байхдаа ээжийн тухай дуу тоглож байсан. Гэхдээ ээж болсон хойноо энэ дууг арай өөр мэдрэмжээр тоглоно доо. Үүнтэй ижил бие сэтгэлээрээ мэдэрсэн зүйлээ уран бүтээлдээ тусгах их сайхан байх болов уу.

-Та энэ амьдралаа төлөвлөсөн үү эсвэл хувь төөргийнх байсан уу?
-Бурхан чамд 50 хувийг өгдөг, үлдсэн 50 хувийг чи өөрөө олж авдаг юм шүү гэдэг. Би сайн хувь заяа надад ирсэн байгаасай гэж үргэлж залбирдаг. Би өөрөө мэдэхгүй, ухаарахгүйгээр хажуугаараа өнгөрүүлчих вий дээ гэж бас айдаг. Бурхны 50 хувь хангалттай юм шиг байгаа юм. Өөрийн 50 хувийг гүйцэлдүүлж, тэр одыг шүүрч авахын тулд явж байна. Аль алийг нь нийлүүлэх гэж л явна даа.

-Таныг хувийн амьдралаа ярихыг хүсэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ таныг элчин сайд асан нэгний гэргий болсон гэх яриа байгаа
-Таныг энэ асуултыг тавьж байх хооронд би бодлоо л доо. Циркэд яагаад илбийн үзүүлбэр гэж байдаг юм бэ? Сонирхолтой учраас л тэр үзүүлбэр байгаа. Гэтэл илбийн үзүүлбэрээ тайзан дээр гарч ирээд ингэж илбэддэг юм аа гээд хэлчихвэл сонин байхаа больчихно. Би өөрийнхөө амьдралыг илбэтэй зүйрлэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л хүмүүс тэгж ярьдаг, ингэж ярьдаг гэхээр надад сонирхолтой байдаг. Яагаад гэвэл би өөрийгөө сонирхолтой байгаа юм байна гэж мэдэрдэг. Хүмүүс хангалттай мэдээлэлгүй учраас буруу ташаа ойлголт их байна гэдгийг би их эерэгээр хүлээж авдаг. Тэгэхээр энэ асуултын хариулт гэвэл хэн гуай ч бай, би ямар ч байсан хүнтэй суусан, Хүнтэй суусан шүү / инээв/. Дахин дахин хэлэхэд уран бүтээлчийн хувьд би ил байхыг хүсдэг. Хувийн амьдралын тухайд оньсого хэвээрээ байг л дээ. Эсвэл сонирхолтой таавар хэвээрээ байг. Ямарваа нэг зүйлийг би өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд нууцлахыг хүснэ. Хэрвээ миний эрх мэдлээс даваад ил гарах юм бол би түүнийг цагдаж, хорьж дийлэхгүй.

-Бүх хүн энэ сонголтын өмнө эргэлздэг гэдэг. Таньд тийм эргэлзээ байсан уу? Ялангуяа яс үндэс, шашин шүтлэг өөр гээд эргэлзэх шалтгаан таны хувьд мундахгүй байсан байх?
-Тэр тухайд ерөөсөө эргэлзээгүй, Эмэгтэй хүн хамгийн гол нь өөрийнхөө эрх чөлөөг боогдуулахаас, хүнтэй суугаад хүүхэд гаргаад уран бүтээлээ, дуртай зүйлээ хийж чадахаа больчих болов уу гэж боддог байх. Тэр тухайд эргэлзээ байсан. Өөрийг нь дэмждэг хүнтэй л хүн суух ёстой юм шиг ээ. Ялангуяа уран бүтээлч хүн улаан фентэйгээ суух хэрэгтэй. Тэр хүнээ олсон болохоор дажгүй ээ. Миний уран бүтээлд надаас илүү санаа зовдог хүн. Эмэгтэй хүн тийм хүнтэйгээ л суух ёстой гэж боддог. Тэгэхгүй манайхны нийтлэг ч гэмээр чи миний эхнэр болсон бол ийм цагт гэртээ ирсэн байх ёстой гэх мэтээр байж боломгүй шаардлага тавьдаг эр хүнтэй суух юм бол зарим эмэгтэйчүүдийн тухайд байж болох юм, ямар ч байсан карьер хөөдөг эмэгтэйн хувьд зөв сонголт биш. Анхны шинж тэмдгүүдээр ийм байдал ажиглагдаж байвал ямар ч байсан позитив шинжүүд биш байх гэж бодож байна.

-Америкт амьдарч сурч байсан, нэлээн хожуу гэр бүлийн амьдрал зохиосон, чамгүй олон жил ганц бие амьдралаар амьдарсан, биеэ даасан бүсгүйн хувьд монгол залуутай гэр бүл болно залуутай гэр бүл болно гэдэг хэцүү байсан байх?
-Ер нь бүх юм надаас шалтгаалах ёстой гэж би боддог. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бий болгох ёстой. Би хэн нэгэн хүнтэй суулаа гээд өөрчлөгдөх ямар шаардлагатай юм. Эмэгтэй хүн жаахан дархан цаазтай байх ёстой. Тэр дархан цаазыг дандаа өөртөө бий болгож, барьж явах ёстой. Ер нь тэгээд эцсийн эцэст миний амьдрал бол миний л амьдрал шүү дээ. Хүнтэй суугаад, хүүхэд гаргаа л биз. Тэглээ гээд би тэр хүний хамраар амьсгалж эхлэхгүй ш дээ. Өөрийнхөө л хамраар амьсгална. Бүсгүйчүүддээ гэж хэлэхэд өөрийгөө хайрласан сонголт хийгээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ энэ ярилцлагыг нөхөр маань олж уншихгүй байгаасэй гэж хүсэж байна /инээв/. Хүн өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрладаг, бусдаар хайрлуулдаг. Өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Энэ бол хатуу үнэн.

-Эмэгтэй хүний нас ахих тусам, цаг хугацаа явах хэрээр аливаад, тэр тусмаа нөхөртөө тавих шалгуур өндөрсдөг гэдэг. Та санал нийлэх үү?
-Тийм шүү. Үнэн. Хүүхэд гэхэд л балчир байхдаа бага проблемтой, томрох тусмаа проблем нь томордог. Үүнтэй адил эмэгтэй хүний амьдрал залуу байхдаа асуудал багатай, одоо бага багаар нэмэгдэж байна. Энэ бүхнийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй юм болов уу. Тэр дундаас өөрийгөө олж авах нь чухал. Хүн янз бүрийн хүнтэй уулзаж учирдаг. Янз бүрийн учралыг үздэг. Тэр болгонд тэр ч болсонгүй, энэ ч ингэсэнгүй гэж тунидаг. Гэтэл тэр болгон хүнд асар их юм өгч байдаг. Түүнээс суралцаж байдаг. Тэр дундаас өөрийгөө олж авсны дараа том шийдвэр гаргадаг. Тэр нь магадгүй гэр бүлтэй болох.

-Ер нь гэр бүлтэй болсноор эрх чөлөөт амьдралын талаарх таны бодол хэр өөрчлөгдсөн бэ?
-Энэ бол хүүхэдтэй холбоотой тавигдах асуудал. байх. Юу гэмээр юм бэ дээ, хүүхэдгүй байсан бол гараад л явна. Хүүхэдтэй болохоор бас хэцүү юм байнаа. Юу нь хэцүү гэвэл хүүхэд өөрөө маш их анхаарал, халамж шаардаж байдаг. Ачаалал хоёр дахин нэмэгддэг гэдэг.

-Таныхаар эмэгтэй хүн энэ амьдралд ямар ачаа үүрч, үүрэг хариуцлага үүрэх ёстой юм бол?
-Ер нь бол их л ачаа үүрдэг юм байна. Эмэгтэй хүний торгон ухаанаар юмыг шийддэг гэдэг. Энэ бол их үнэн үг гэж би бодож байгаа шүү. Олон юмны учрыг олох гэж оролддог. Хүнтэй суулаа гэхэд амьдрал огт өөр болж байна. Улам их торгон ухаан хэрэгтэй болж байна. Тэрний хажуугаар уран бүтээлээ туурвина. Уран бүтээлч гэдэг өвөрмөц мэргэжил. Нэг утгаараа хүнийг их сайхан байлгадаг. Нөгөө талаар хэцүү. Тэгэхээр тэр бүх ачааг үүрэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Бас туслахуудтай байх ёстой. Тэр туслахуудыг өөрөө бий болгоно. Гэр бүл, найз нөхөд маань юм л даа. Үүрэх л хэрэгтэй. Төрж үзсэн эмэгтэй хүн мэдрэх байх. Төрж байх үедээ голоосоо эмэгтэй хүн ямар их юм үзнэ вэ гэж үнэн голоосоо хэлсэн. Гэхдээ жаргалтай. Саяхан би Ц.Хулан эгчийн ярилцлагыг уншлаа. Галын дөл гэдэг өөрөө улаан өнгөтэй, гайхалтай эд. Гэхдээ хажууд нь хар утаа заавал гарч байдаг гэж ярьж байсан. Үнэн шүү. Амьдрал яг л тийм байдаг. Тэр бүхнийг үүрэх, тээх чадалтай байх ёстой. Хоёулаа тээх тухай л яриад байгаа биз дээ, тийм ээ.

-Монголд урлагийг үнэлэх үнэлэмж доогуур учраас урлагаар амьдарна гэдэг хэцүү гэдэг. Таны хувьд авьяас, хөдөлмөрөө хэр үнэлүүлж чадаж байна?
-Хангалттай хэмжээнд үнэлүүлж чаддаг гэж боддог. Ер нь би чамлахыг хүсдэггүй. Тэртэй тэргүй би уран бүтээлээсээ маш их аз жаргалыг мэдэрдэг. Уран бүтээлч хүнд сэтгэл, авьяас, ухаан гэж гурван чухал юм байдаг. Үүнийг ухаанаар зохицуулж болно шүү дээ.

-Хэрвээ Дээгий хийлч болоогүй бол өдийд юу хийгээд явж байх байсан бол?
-Айдаг юм. Би тийм хүн байж байна гэж бардам хэлж чадахгүй. Хүний амьдрал хаашаа ч эргэж болно. Магадгүй сайн байсан бол тэр л биз. Магадгүй муу байсан бол ямар ч байх байсан юм. Хийл гэдэг агуу хөгжим. Энэ амьдрал залбирч явдаг амьдрал маань болохоор үүгээрээ тогтоно. Гэхдээ дандаа хоёрдугаар хувилбарыг бодож байх ёстой. Өөрийг чинь тэгж бодож асуусан байх гэж бодож байна.

-Хөл хүндтэй эмэгтэйчүүд сонгодог аялгуу сонсож хэвлийд байгаа үрээ хүмүүжүүлдэг. Таны хувьд хийлийн эгшгээр хүүгээ ёстой “бөмбөгдөж” өгсөн байх даа?
-Тэр үнэн шүү. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг. Ээж нь хүүдээ ямар витамин өгч байна түүгээр тэжээгдэж өснө шүү дээ. Бие махбодийн хувьд бол өөр, сэтгэл мэдрэхүйн хувьд ямар дуу авиа, хөгжим сонсож байна, түүнээ дагана. “Дээгий концерт”-оо хийж байхад би таван сартай жирэмсэн байсан юм. Намайг ер зовоогоогүй, харин ч их гоё тоглолт болсон. Зөөлөрдөг юм байна лээ гэж дээр хэлсэн дээ. Апор сайтай болдог юм билээ. Өөрөөр хэлбэл биеийн хүч, дотоод сэтгэлийн хүч нэмэгдсэн тоглолт болсон. Хийлийн өнгө гэж чухал юм байдаг. Тэр өнгө маань их дулаан, өргөн болсон гэж би өөрөө мэдэрч байгаа.

-Хайр гэж юу юм бол?
-Хайр гэж амьдралд нэг л байдаг зүйл гэж би боддог. Бусад нь бүрэлдүүлдэг жижиг жижиг хэсгүүд байх. Хүн нэг их олон хайртай учраад, хөгширтлөө дурлаад явдаг гэвэл худлаа шүү. Шохоорхол бол өөр хэрэг. Эмэгтэй хүн дурлаж байх хэрэгтэй, дандаа өөрийгөө шинэчилж байх хэрэгтэй гэдэг дээ. Тэр бол бас өөр хэрэг. Хувь хүний асуудал. Ямар өнцгөөс нь харж байгаагаас их зүйл шалтгаална.

-Та тэгвэл тэр ганцхан хайртайгаа учирч чадсан уу?
-Мэдэхгүй…гучин нас гэдэг…мэдэхгүй, хэлж мэдэхгүй байна. Тэр хайртайгаа учирчихсан гэвэл тэрнээс илүү юм байгаа ч юм шиг бас санагдаад байгаа ш дээ. Учраагүй гэхээр хайраа бас буруушааж болохгүй.

-Эмэгтэй хүний хувьд төгс нас 30-аас эхэлдэг гэх. Танд тийм мэдрэмж төрж байна уу?
-Тийм шүү. Хүн залуу байхдаа залуу л байдаг. Тодорхой нэг үе ирэхэд хүн өөрөө задардаг. Тэр задралыг би өөрөө мэдэрч байна. Үүнийг дагаад уран бүтээлийн ухаарал ч ирж байна. Хүн нийгмийн амьтан болохоор ухаарлыг нийгмээсээ, өнгөрсөн амьдрал, туршлагаасаа олж авдаг. Амьдрал сайхан байна. Бас цаашид, 30-40 насанд миний амьдралд юу тохиолдох бол гэж сэтгэл догдлуулсан өдрүүдийг би үдэж байна.

-Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орчихсон байгаа. Та урилга, захиалганд хэр дарагдаж байна?
-Эх нутагтаа ирээд удаагүй байна. Би ажлаа хийхээр ирсэн. Ажлаа гэдгийг хашилтанд оруулж бичиж болно. Яагаад гэвэл шинэ жил гэдэг бол урлагийнхны хувьд маш их завгүй, халуун дулаан үе байдаг. Завгүй байна гэдэг их сайхан зүйл шүү дээ.
Ялангуяа миний мэтийн бие даасан уран бүтээлчдийн хувьд ганц цалин авдаг үе нь юм. Бусад үед бидэнд цалин гэж байдаггүй. Энэ үеэр би цалингаа авах гэж ирсээн / инээв/. Уран бүтээлийг яах гэж туурвидаг юм, хүмүүст сонсгох гэж, тэдэнд таашаал өгч, баярлуулах гэж хийдэг. Шинэ жилээр тоглоно.

-Сонгодог урлаг өөрийн гэсэн дэг жаягтай. Та тэр дунд зоригтойгоор гадаад имижээ өөрчилж чаддаг. Дээгийгийн хувьд шинэ жилийнхээ гоёлоо зэхэж амжсан уу?
-Энэ жилийн гоёлоо Америкаас авчирсан. Би бодсон л доо, энд ирээд оёдолчинтойгоо уулзаад хувцсаа оёулах гэсээр байтал зав гарахгүй байх гэж бодоод аваад ирсэн. Энэ жил ерөнхийдөө цаанаа нүнжигтэй, ихэмсэг хэрнээ энгийн стилээр хувцаслана гэж бодож байгаа. Ээж болно гэдэг сайхан юм. Өөрийн мэдэлгүй өөрчлөгддөг юм байна. Хэн ч харсан хүний хайр татсан сайхан ээж болсон байгаасай гэж бодож байна.


Хийлч Дээгий: Хань минь ааваас минь 10н насаар ах гэхдээ энэ бол хайр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ариунхүслэн Огноо: 12 July 2018 Reply

ямар тэнэг юм бэ?

Нэр: Anonymous Огноо: 13 July 2018 Reply

uneheer saihan hos shu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.