Ж.Сарантуяа: ЭРИЙН ТЭНГЭР

32431

Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:
-Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн” гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.

Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20-иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан. Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсний дайтай гэр дүүрээд удаахан суугаасай гэж бодогдохыг яана. Би ууж байсан цайгаа орхиж Жанжаагийнд орохоор ухасхийлээ. Тэдний РҮҮ бууцны тоос манарган гүйх зуураа хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж бас ч гэж айлд орох гэж яваа хүн гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлын бүсээ засаж явлаа. Намайг онгорхой хаалгаар зүрх муутайхан шагайхад Жанжаа зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан зэрвэс харсан хүнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан амьтан хоол цай зэрэгцүүлж суулаа. Намайг хараад:

-Өө чи юу за суу. Ах нь бүр гэснээ эхнэр рүүгээ инээвхийлэн хараад -Манай Очир зөндөө том болсон байгаа биз? хэмээв. Авгай нь хоймрынхоо орон дээр сая төрсөн хүн шиг дээл хөнжлөөр тумлайдан суучихсан тагш дүүрэн хоолны шөлийг шожигнотол сорж хамар дээрээ бурзайсан хөлсийг арчих ч сөхөөгүй харагдана. Тэрээр намайг нүд сүүмийлгэн харснаа:

-За манай Очир. Яасан том болоов гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихэрнээс атгаж өгөнгөө: -Том эр болжээ. Удахгүй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээ. Би ичихдээ атгаж өгсөн чихрийг нь хам хум өвөртөө чихээд эргэж гарахдаа босгонд нь бүдрээдхэв. Жанжаа араас: -Хөөе чи эргэж ороод энэ аргалаас галд хийгээдэх гэсээр хоцорлоо. Жанжаагийн эхнэр энэ эгч яагаад гэртээ байдаггүй, нэг ирэхээрзэ баахан идэж ууж унтаж хэвтэж байгаад хаашаа ч юм яваад өгдөг, ирэх тоолонд нь Жанжаа хөл нь газар хүрэхгүй болж хүүхэд шиг асарч бөөцийлдөг нь ямар учиртайг бүү мэд. Оройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол руу явлаа. Жанжаа: -Эр хүн хувинтай ус бариад явж байх нэг л нонж харагддаг юм. Би чамд тэрэг хийж өгнө гэснээр мөрөн дээрээ тавиад түрдэг тэрэг урлаж хоёр хадаас махийлган хувинтай ус өлгөөд

-За ингээд намбатай явахгүй бол цалгиж дуусна шүү гэж билээ. Харин өөрөө болохоор дөчийн бетон бүсээр оосорлож үүрнэ. Бид хоёр том улс шиг элдвийг ярьж дүнгэр дангар хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлаа. Жанжаа харин энэ удаад жигтэй хөнгөн шингэн болчихсон дэп дап хийж, -За хоёул нэг их холдоод яахав. Энүүхнээс гэсээр үүрч явсан бидоноо буулган хормойгоо шуув. Урьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг “За хө чи хэд үсэргээдэх” хэмээн усан дээр чулуу үсэргэхийг маань харж гурав, дөрөв, тав хэмээн тоолж тухалсан ч үгүй. Бидоноороо пал пүл хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж яах ийхийн зуургүй дүүргэж орхив. Би баахан лазагнаж – Жанжаа гуай хоёулаа жаахан сууя л даа. Сайхан байна шүү дээ гэхэд -Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугүй бидоноо оосорлов. Би дотроо “авгай руугаа яарч байна даа” гэж бодсон боловч юм хэлсэнгүй. Тэрээр усаа сэвхийтэл өргөж үүрээд миний аяыг дагаагүйдээ гэмшсэн мэт

-За хөө! Замдаа хэд амраад орчихов гэж зөвшлөө. Бид хоёр хэсэг дуугүй явлаа. Гэтэл Жанжаа ам нээж

-Нурмаа эгч чинь одоо бүр ирсэн байхаа. Дахиж явахгүй байх гэлээ.

-Нурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ гэвэл жаал дуугүй явснаа

-Хаашаа ч хамаагүй явчихна даа гээд энэ үгнээсээ айсан мэт одоо ч явахгүй л дээ гэж нэмэв. Бид хоёр газрын дунд хэрд амрав. Манайхны зүгээс зэлэн дээр унгасгасан аргалын утаа үнэртэж, үхэр тугал мөөрөх сонсогдоно. Жанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бидоноо сандайлж над руу хараад

-Би чамаас юм асуух уу? гэлээ. Би “Тэгээч дээ юу юм бэ? гэж шавдуулахад гаансаа пүд пүд хийлгэн хэд үлээснээ “За болъё болъё” гэдэг байгаа

-Өе таныг юм аа асуухгүй бол би явахгүй гэж хошуу унжуулав.

-Чи тэгвэл ингэж асуулаа гэж хэнд ч битгий хэлээрэй гэж ам өчиг аваад хэлэх үү байх уу гэсэн янзтай хэсэг харснаа

-Я юу, Ү юу гэлээ. Би гайхан

-Юу гэнээ гэхэд

-Я юу, Ү юу гэж байна аа. “Аль нэгийг нь хурдан хэлчих, Аль нэг үсгийг нь” гэж намайг шавдуулав. Би амандаа орсноор нь “Я” гэчихэв. Гэтэл Жанжаагийн царай нэг л таагүй болж гаанс тамхиа түрийлэнгээ ухасхийн босч -За явъя гэх нь тэр. Би түүний алхааг гүйцэж ядан, муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан түрсээр бараадав.

-Жанжаа! Я юу, Ү юу гэж байгаа юм бэ гэж шалгаахад

-Дараа хэлнээ. Харин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарай.

Тэд мэдэх ч үгүй мэдэв үү, нойтон хамуу минь’тэж гүвтнэв.

Өглөө нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бүдэг бадаг сонсогдоно.

Ээж цайгаа самрангаа,

-Яагаав өчигдөр эднийд адууны эрлээр буусан хүн. Эхнэр тогтоодоггүй юм гэж Цээлийн голоор л нэг ярьдаг байсан даа. Чи үзвэл танина гэв.

-Яахав дээ. Нурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх биш. Морийг нь эмээллээд л зогсож харагдсан. Би ухасхийн бослоо. Хувцасаа хам хум өмсөж аваад гүйн гарвал өглөөн наран сөрөг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний дээж өргөн зогсож байлаа.

“Нэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн, явбал явж л байг. Том болоод би авгай л авахгүй юм шүү. Сайхан хүүхэн байсан ч суухгүй харж л байгаарай” Толгой хүндэрч хамрын самсаа шархиран өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхэв. Нулимсанд дунд Жанжаа жаахан гэртэйгзэ дайвалзан “Я гэдэг чинь явна гэсэн үг. Харин Ү гэдэг нь үлдэнэ гэсэн үг. Тэгээд л чамаар таалгасан юм. Чи Я гэж таасан байхаа. Ер нь энэ мэрэг таавар чинь худлаа л байдаг золиг байна. Эгч нь ер явах шинжгүй шүү хэмээн том цагаан шүдээ ил гарган инээж байсан нь бодогдов. Би “Ү” гэж хэлчихсэн бол явахгүй ч байсан юм бил үү. Ямар юмаабодож”Я”гэсэн юмболоо…?Хэдэнхоногийн дараа Нурмаа хүүхэн мориндоо чиргүүлдэж үрэгдэж гэнэ гэсэн сураг дуулдаж билээ.

Жанжаа гуай жаал жуул юм хийсэн богцоо ганзагалан мордохдоо “Хөөрхий минь ийм тавилантай байж дээ. Ах нь Нурмаа эгч рүү нь очоод ирье дээ” гээд амьд сэрүүн хүнтэй уулзах гэж байгаа юм шиг яриад мордон одож билээ…


Ж.Сарантуяа: ЭРИЙН ТЭНГЭР
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.