Өдөр бүр бич – Тийм ээ, энэ үгийг олон сонсож байсан байх. Гэхдээ үүн шиг сайн арга байхгүй. Тэгэхээр сайн бичиж суръя гэж бодож байгаа бол өдөр бүр тасралтгүй бич. Харин заавал сайн, мэргэжлийн, төгс байх албагүйг санаарай. Ганц өгүүлбэрийг ч ганцхан гэж бүү гол. Тухайн өдөр хамгийн их сэтгэл татсан зүйлээ хэдхэн өгүүлбэрт багтаагаад бичсэн ч болно. “Урагшлаад л бай, гүй, алх болохгүй бол мөлх. Гол нь зогсож болохгүй” гэдэг байх аа. Бичиж сурах ч үүнтэй адилхан. Өдөрт хамгийн багадаа 30 минутыг зарцуулаад дадал болгоорой. Дурсамж, бодрол, өдрийн тэмдэглэл, зохиомж өгүүллэг, номын сэтгэгдэл гээд ямар ч хэлбэрээр байж болно.
Сайн уншигч бай – “Уншихгүй бол сэтгэхгүй” гэдэгтэй санал нийлэх байх тийм үү? Унших тусам чиний мэдлэгийн хүрээ тэлж, үгийн сан баяжиж тэр хэрээр бичих зүйлсийн хүрээ өргөн, утга гүн, санаа нь шинэлэг, баялаг болох болно. Мөн өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харахад тусална. Яг үнэндээ юу ч уншихгүй бол хоосон толгойгоо мянга сэгсрээд юу ч гарахгүй. Тиймээс сайн бичихийн тулд маш сайн унших л хэрэгтэй гэж зөвлөх байна. Монголын болон гадаадын уран зохиолууд, зохиогчдын намтрууд, урам зориг өгөх номууд, төрөл бүрийн өгүүллэгүүд, амьдралын бодит түүхүүд гээд аль болох олон зүйлийг уншиж судалж, тархиа цэнэглэ. Хамгийн гол нь чиний уншсан зүйлс онгод оруулж урам зориг бадрааж, чиний мэдэхгүй тэс өөр ертөнцийг нээх тусмаа л сайн. Уншиж байна гээд юу ч хамаагүй уншихаас зайлсхийгээрэй.
Нүдээ нээлттэй, чихээ соргог байлга – Дээхэн уншсан Пигийн амьдрал зохиолын өмнөтгөл дээр “Угтаа уран зохиол гэдэг чинь урвуулж хөрвүүлсэн амьдрал биш гэж үү” гэсэн өгүүлбэр байсан юм. Тиймээ, уран зохиол гэдэг тэр чигтээ л хүмүүн бидний л амьдрал шүү дээ. Харин урдах замаа л хараад, зөвхөн өөрийн амьдралтай хамаатай зүйлээ л бичээд байвал сэтгэлгээ хайрцаглагдаж, үг үйл явдлын хэлхээс хумигдаж эхэлнэ. Тиймээс гадаад ертөнцийг ажиглаж, хүмүүсийн амьдралыг аж. Дэлхий дахинд юу өрнөж байгааг анзаар. Дээр хэлсэнчлэн бичиж буй бүхэн амьдралаас л урган гардаг учир эргэн тойрноо сайн ажиглаж, уулзсан хүмүүсийнхээ түүхийг сонсож, сэтгэлд хоногших, шинэ санаа өгөх зүйлсийг алдалгүй тэмдэглэ. Ирээдүйд бичих зохиолынхоо санааг олдож ч мэднэ.
Дэвтрээ “өвөртөлж” яв – Гэв гэнэт л шинэ санаа урсан орж ирээд, толгой дотор үгс түм бумаараа эргэлдэж, өгүүлбэр өгүүлбэрээрээ сэтгэлээс урган гарч ирдэг гоё мөчүүд мөн ч олон доо. Гэтэл яг тухайн үед нь л тэмдэглэж авахгүй бол мартчихаад байдаг гэм бий. Тиймээс санаагаа халуун дээр нь “барьж” авахын тулд халаасны дэвтэр эсвэл гар утасны тэмдэглэлээ ашигла. Байнга өөртөө ойрхон байлгаж байгаарай. Мэдээж, ой тогтоолт сайтай бол заавал хэрэглэх шаардлагагүй л дээ.
Чамайг “хөгөлж” байдаг зүйлсээр өөрийгөө хүрээлүүл – Бичиж байхдаа төгөлдөр хуурын ая сонсож мэдрэмжээ илүү хөгөлдөг хүмүүс бий. Зарим нь кофе ууж, зарим нь тамхи татах зуршилтай болсон байдаг. Тав тухтай өвөрмөц орчинтой кафед сууж, хүмүүсийг ажиглангаа бичих хурд нь нэмэгддэг нэгэн ч байгаа. Зарим нь өглөө эрт босч, зарим нь шөнийн цагаар хэн нэгэн өөрт нь саад болохгүй орчинд бичих нь бий. Эсвэл зарим нь ууланд бясалгаж, байгальтай ойрхон байхдаа онгод нь орж ирдэг ч байж болох шүү дээ. Юу гэх гээд байна вэ гэвэл өөрт тохирох орчныг бүрдүүлж чадвал бичихэд илүү урамтай, урагштай байх болно оо. Миний хувьд намуухан ая сонсож ганцаараа байх үед л үг эвлүүлэхэд хамгийн сайхан байдаг.
Өөртөө сорил зохио – Нэлээн хэдэн сарын өмнө бичих дадлыг бий болгох зорилгоор би “30 өдрийн бичих сорил” зохио. Аливаа зүйлийг 21 удаа давтан хийхэд дадал болдог. Бичиж, сурах, бичих чадвараа сайжруулахад ч энэ арга барл тусална. 30 өдөр өөрийн дуртай 30 сэдвийг жагсааж бич. Өөрийнхөө дуртай, өөрийн бичихийг хүсэж буй ямар ч төрлийн сэдэв байсан болно. Гол нь чиний сонирхлыг татаж, дараа дараагийн өдрөө бичих урам зориг сэдлийг өгөхүйц л бай ёстой. Санаа авахыг хүсвэл “энд” дарж ороорой.
“Бичиж байхдаа зөвхөн бич” – Сонин сонсогдож байна уу? Өөрөөр хэлбэл бичиж байхдаа битгий засвар хий гэсэн үг юм. Төгс бичих гэж хичээгээд байвал хэзээ ч төгс бичиж чадахгүй. Эхлээд ноорог болгон буулга. Санаанд чинь багтаж байгаа бүгдийг биччих, сайн муу нь хамаагүй. Засварлах тухай бүү бод.Тэр бол дараагийн ажил.
Харин одоо бичвэртээ няхуур ханд – Одоо бичсэн зүйл дээрээ ажиллах цаг. Бичснээсээ шаардлагагүй гэж үзснээ хасаад хэрэгтэй хэсгээ улам баяжуул. Хэрвээ үнэхээр сайн бичигч байхыг хүсэж байгаа бол хийсэн зүйл дээрээ сэтгэл гарган ажиллаж сурах хэрэгтэй. Бичээд орхих биш түүнийг бүтээлчээр засварлаж, улам сайжруул. Гар урлалчид эдлэлээ хийхдээ хичнээн няхуур хийдэг билээ яг тэдэн шиг л. Хэрэв санаа нь тийм сэтгэл татахаар биш байдал тохирох кэйс, эшлэл зэргээр баяжуулаарай. Мөн утга, үг үсгийн алдаагаа хянахаа мартуузай.
Хүсвэл олон нийтэд түгээ – Энэ бол бичвэрээ сайжруулах аргуудын нэг. Хувийн фэйсбүүктээ оруулах, тусгай пэйж үүсгэх, блог хөтлөх, бүлгэмд элсэж бичвэрээ тогтмол нэмэх зэргээр бусадтай ямар ч хэлбэрээр хуваалцаж болно. Энэ нь өөрийгөө илэрхийлэх, шүүмж сэтгэгдэл сонсох, алдаагаа олж харах зэрэг ач холбогдолтой. Бусдын санаа бодлыг 100% сонсож бичвэрээ өөрчлөх албагүй ч өөр өнцгөөс харж, илүү сайжруулахад тустай юм шүү.
Хүслээрээ л бич – “Бичмээргүй санагдаад байвал больсон нь дээр, өөрийгөө юуэд нь хүчлэхэв, дуртай үедээ бичээд дургүй байвал больчихож болно” гэсэн үг огтоосоо биш шүү. Харин “үүнийг заавал хийх ёстой” мэтээр өөрийгөө битгий хүндрүүлээрэй гэсэн үг юм. Бичихэд заавал олон цаг зарцуулах алба байхгүй. 30 минут байсан ч болно. Эсвэл тэр хүн шиг, энэ хүн шиг бичдэг болно гэж зүтгэх ч хэрэггүй. Өөрийгөө ямар нэг хайрцганд бүү оруул. Учир нь хүчлээд байвал ажил хэзээ ч үр дүнгээ өгөхгүй. Бичиж байгаа зүйлээ сэтгэл хангалуун, өөртөө хамгийн таатайгаар хийсэн тохиолдолд л ахиад бичих хүсэл төрнө. Тиймээс хүчээр биш хүслээрээ бичээрэй.
Өөрийн “түүх”-ээс эхэл – Огт мэдэхгүй зүйлээ бичих гэж оролдох нь хадтай газар нүх ухахтай л адилхан. Тийм учраас хамгийн сайн мэддэг зүйлээсээ эхлэн бичих дадлаа бий болгох хэрэгтэй. Үүний тулд өөрийн намтар, түүхээ хамгийн эхний гишгүүр болгон ашигла. Харин үүнийг хэрхэн, яаж, ямар хэлбэрээр бичих нь мэдээж чиний дур. Магадгүй өдрийн тэмдэглэл бичихээс эхэлж болох юм. Тухайн өдөр тохиосон үйл явдлуудыг буулгах, сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжуудаа бичих, амьдралд чинь нөлөөлсөн сайхан хүмүүсийн тухай дуртгал бичих, сэтгэлд гүн шингэсэн үйл явдлуудаа уран сайхнаар дүрслэх гэх мэтээр олон янзаар оролдож үз. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “25”, “Анна франкийн өдрийн тэмдэглэл”, “Намайг Малала гэдэг” зэрэг намтарчилсэн номуудыг санаж байгаа биздээ. Энэ төрлийн ном чамд урам зориг өгөхийн зэрэгцээ түүхээ бүтээхэд тусалж магадгүй. Өдрийн тэмдэглэлүүд, өөрийгөө огтоос гололгүй бичсэн намтрууд чинь хэзээ нэг өдөр ном болон гарах ч юм бил үү? Аливаад эхлэл хамгийн чухал гэдгийг битгий мартаарай.