Нүдний шилийг хэрхэн зөв сонгох вэ

Нүд бол хамгийн эмзэг эрхтэн. Түүнийгээ хамгаалах нь энгийн мэт ч төвөгтэй асуудал юм. Иргэдийн хувьд ч нүдний шилний сонголт хийхдээ олон зүйлд эргэлздэг болов уу. Энгийн нарны шилнээс эхлээд нарийн харааны шилний сонголт хийхдээ бид юун дээр анхаарах ёстой талаар зөвлөгөө авахаар мэргэжлийн хараа зүйн газрыг зорилоо. Бид энэ удаад нүдний шилний сонголтыг хэрхэн хийх талаар “Peace mall” дахь “Korea Optic” хараа зүйн газрын захирал Д.Гантөмөртэй ярилцлаа.

-Иргэд харааны нүдний шилийг сонгохдоо юуг нь голчлон анхаарах хэрэгтэй вэ?

 

-Харааны шилийг сонгохдоо загвар материалуудаас гадна шилэнд нь анхаарах хэрэгтэй. Эхлээд бэлдэц шил буюу линз үйлдвэрлэсэн улс, хамгаалалтын давхаргуудыг маш сайн мэдэх хэрэгтэй. Жишээ нь одоо харааны шилийг дэлхий нийтээр органик пластик материалаар хийж байгаа. Энэ нь шилийг орлож болох хамгийн хөнгөн, тунгалаг давхаргатай нийлэг материал юм.  Шилэн шилийг 90-ээд оны үед нэлээд хийдэг байсан ч шилэн шил нь маш хатуу, хүнд, хагарч бутрах юм бол хүний нүдэнд аюултай учраас түүнийг орлож болох хамгийн шилдэг материалыг эрдэмтэд гаргаж авсан Энэ бол SR 39 буюу органик шил юм. Хэрэглэгч харааны шил авахдаа хамгийн гол анхаарах зүйл бол стандарт шил мөн үү биш үү гэдгийг ялгаж мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр гудамжны булан, тохой болгонд нүдний шилний газар гэсэн хаяг өлгөөтэй байна. Гэхдээ тэр  мэргэжлийн бус газарт орж хараагаа шалгуулан хараандаа хамгаалалтын шил зүүх биш улам хараагаа дордуулах эрсдэл байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр эрсдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд хамгийн гол нь мэргэжлийн нүдний эмчтэй хараа зүйн тусгай зөвшөөрөлтэй газарт л хандах хэрэгтэй. Хэрэглэгч аль ч хараа зүйн төвд орсон мэргэжлийн зөвшөөрлийг нь үзэх бүрэн эрхтэй шүү дээ. Тиймээс хийж өгсөн материалыг нь тусгай төхөөрөмж дээр шалгаж үзэж байж нүдэндээ тохирсон хамгаалалттай  харааны шилийг зүүж заншвал зүгээр.

 

 

-Иргэдийн дунд комьпютерийн хамгаалалттай шил гэсэн түгээмэл ойлголт байдаг. Үүнийг хэрхэн ялгаж таних уу. Туяатай шил бүхэн комьпютерийн хамгаалалтай байна гэж ойлгох нь хэр өрөөсгөл ойлголт вэ?

 

-Ихэвчлэн манайд хүмүүсийн түгээмэл ойлголт бол комьпютерийн хамгаалалттай шил гэсэн ойлголт байдаг. Энэхүү шил нь EMI буюу электрон туяаны хамгаалалттай шил юм. Үүнийг хараа зүйн газар тусгай багаж, төхөөрөмж дээр EMI котенг хэдэн хувь зааж байна гэдгийг харж шалган авч болно. Харин UMI 400 буюу хэт ягаан туяаны хамгаалалт 100 хувь байна уу үгүй гэдгийг маш энгийн аргаар буюу тухайн шилний бэлдэцийг хараад л шалгаж мэдэх боломжтой.

 

-Харааны шилийг холын, ойрын харааны гэж ангилахаас гадна өөрөөр бас өөрөөр ангилдаг гэж сонссон?

 

-Харааны шилний бэлдэцийг дотор нь гурав ангилдаг. Бэлдэц шилийг 1.56-тай буюу энгийн шил, өндөр хараатай шил зүүдэг хүмүүст зориулж нягтруулсан 1.60-тай буюу нэг дахин нимгэрүүлсэн шил, хамгийн нимгэн шил буюу 1.74-тэй шил гэж ангилдаг.  Энэ шил нь дотроо таван төрлийн хамгаалалтын давхаргатай.

 

-Иргэд өөрийн нүүр, царай, стильдээ тохирсон загвар бүхий шилний рамыг сонгодог. Тэгвэл энэхүү загварын чиг хандлага өнөөдөр ямар чиглэл рүү илүүтэй хөгжиж байгаа юм бол оо?

 

-Харааны шилний рамууд өндөрөөс өдөрт шинэчлэгдэж, дэлхий нийтийн шинэ загварын хэв маягыг даган хувьсан өөрчлөгдөж байна. Ер нь бол харааны шилийг битүү хүрээтэй, хагас хүрээтэй, хүрээгүй буюу  манайхны ярьж заншсанаар холбоос шил гэж гурав ангилдаг. Ерөнхийдөө тухайн хүний сонголт, худалдан авах чадвар, хэрэглээндээ тохируулан олон янзаар үйлдвэрлэдэг.  Хамгийн сайн нүдний шилний рамыг онгоц хийдэг титанаар хийсэн байгаа. Титан рамтай  шил бол эдэлгээ маш сайн даадаг, хөнгө, бат бөх. Сайн чанарын Солонгос технологоор хийгдсэн титан рамтай шилнүүд эдэлгээний хугацаа урттай, зөвхөн доторх шилийг нь солиод яваад байх боломжтой. Титан шилийг ихэвчлэн ажил хэрэгч хүмүүс сонгодог. Гэхдээ титан рамнууд нь үнэтэй материалаар хийгддэг учраас өртөг өндөртэй байдаг нь түүний сул тал болов уу. Мөн TR гээд пластик материалаар хийгдсэн рамнууд байна. Энэ нь дотроо зөөлөн, хатуу пластик гээд олон төрөл бий. Пластик рамнууд голдуу оюутан хүүхдүүдэд зориулагдсан учраас үнийн хувьд ч боломжийн байдаг. Тэгээд хагас хүрээтэй буюу холбоосгүй шилүүдийг  нас тогтсон хүмүүс сонговол зүгээр.

 

-Харааны шил хэрэглэдэг хүмүүс нарны шил давхар ашиглах нь төвөгтэй байдаг. Танайд хамеолон хараатай шилийг хийдэг үү?

 

-Манайд өнөөдөр БНХАУ-аас ирсэн хямд төсөр материалтай органик шилийг будганд оруулаад өнгийг нь бараан болгон нарны шилэн дээр хараа хийчихлээ гэж яриад байгаа. Мэргэжлийн үүднаас зөвлөхөд, энэ нь сайн биш зүйл юм. Учир нь органик шил нь ямар нэгэн хамгаалалтын давхаргагүй байдаг. Тиймээс нүдийг хамгаалах биш зөвхөн өнгийг бараан болгож шил зүүхэд гэрэл бууруулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бусдаар бол хүний нүдийг хамгаалах ямар ч үйлдэл байхгүй. Бид БНСУ-ын “Кореа оптик” компанийн бэлдэцээр энэхүү шилийг хийдэг. Энгийн хамеолон шил нь 15-20 секунтын хугацаанд гаднаа нарны  туяанд 70 хувь болтлоо харлан дотор орохоор түүнтэй адил хугацаанд буцаж өнгөө өөрчлөн  тунгалаг цагаан болдог. Мөн үүнийг бүүр сайжруулсан  шил бол бий болсон.  Энэ шил нь дотор 5-10 секунтын хугацаанд 5 хувь хүртлээ цайралт өгөн тунгалаг болдог бөгөөд гадаа 89 хувь хүртлээ гүн хар болж өгдөг. Хамеолон шилний  хамгийн гол давуу тал нь хоёр шил зүүх шаардлагагүй нэг шилээр асуудлаа зохицуулах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Мөн манайд хийж байгаа харааны сайжруулсан хамеолон шил илүү давуу талуудтай. Энэ нь давхар гялбааны  хамгаалалт, хэт ягаан туяаны хамгаалалт,  комьпютерын болон хэт ягаан туяаны хамгаалалтуудтайгаар үйлдвэрлэсэн байгаа. Манайд мөн өөрийн хараатай / хараан өндөртэй линз шилнүүд/ шилийг нарны шил шиг 100 хувийн хамгаалалт, гялбааны хамгаалалттайгаар БНСУ-ын “Кореа оптик” компанид захиалан хийлгэх боломжтой. Өндөр хараатай хүмүүсийн хувьд наранд өөрийн хараагаараа  100 хувь нарны шилтэй мэт харж чадна гэдэг бол бараг л мөрөөдөл болдог шүү дээ. Жишээ нь энэ шилний тольт дээр зөгийний үүр шиг торлог байгаа. Энэ нь гадаа гарахаараа бүдгэрэн алга болдог. Тэр нь гэрлийг нэг жигд тусгалаар нүд рүү нэвтрүүлж өгдөг учраас маш тунгалаг харагддаг давуу талтай. Мөн гялбааны  хамгаалат нь шөнө жолоо барих, наранд гольф тоглох, загас барих үед зүүхэд дүрсийг илүү бодитой тодосгож өгдөг зэрэг олон давуу талтай байгаа.

 

 

-Нарны шилний тухайд ямар сонголтууд байгаа вэ?

 

-Нарны шилийг хүмүүс ихэвчлэн өөрийн гадаад үзэмж, царай төрхөндөө тохируулан сонголтоо хийдэг. Гэхдээ нарны шилээ сонгохдоо миний нүздийг хамгаалж чадах уу үгүй юу гэдэг талаар маш сайн бодох хэрэгтэй. Гудамжинд гар дээр зарагддаг хямдхан  нарны  шилнүүдээс маш болгоомжлох хэрэгтэй. Учир нь эдгээр шилнүүд хэт ягаан туяаны хамгаалтгүйгээс гадна нүдэнд нөлөөтэй пластик материалаар хийгдэх нь элбэг байдаг. Органик шилний  ямар ч орц ороогүй хуванцар материалаар хийгдсэн байдаг учраас  хараанд маш муу нөлөөтэй. Ийм нарны шилийг зүүгээд үзэхэд л бүрсгэр, удаан зүүхэд толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг. Энэ нь цаашид хэвийн байгаа хараанд нөлөөлөх муу талтай шүү гэж анхааруулах байна. Нарны шил ч юм чинь гангараа хямдхан байх нь хамаагүй гэж гэдэг үүднээс битгий сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.  Нүд бол хүний хамгийн чухал эрхтэн. Нүдээ хамгаалья гэж бодож байгаа л бол та гадуур хувцаснаасаа илүү нүдний шилэндээ мөнгө зарцуулахад буруудахгүй шүү.  Учир нь нүдэнд ямар нэгэн гадны нөлөөнөөс үүдэлтэй гажиг, гэмтэл учирвал тийм ч амар арилахгүй шүү дээ. Тиймээс нүдээ хамгаалж хайрлаж байгаарай.

 

-Брэнд нүдний шилийг хэрхэн ялгах уу?

 

-Брэнд шил зүүхэд л маш тунгалаг байдаг. Мөн шил бүр дээр өөрийн гэсэн код байдаг. Энэ кодоо интернэтээс тулгаж харахад л тухайн шилийг үйлдвэрлэсэн улс орон, шилний үйлдвэр, загварынх нь талаарх мэдээллүүд гарч ирнэ. Жишээ болгон 1С 55 дөрвөлжин тэмдэглэгээ 18 138 гэсэн кодны тухайд тайлбарлая. Тэрхүү код нь хүнээр бол тухайн нүдний шилний нэр нь гэсэн үг юм. 1С бол энэ жилний кодны эхний өнгө. дөрвөлжин тэмдэглэгээ гэдэг нь дэлхий нийтээр гаргадаг хайрцагны системийн үзүүлэлт юм. 55 нь болохоор тухайн шилний гарны хэсгээс нуух хүртэлх уртын хэмжээ бол 18 гэдэг нь хоёр нуух хоорондын хэмжээ юм. Харин 138 гэдэг бол холбоос хэсгээс гарны төгсгөл хүртэлх уртын хэмжээ. Тэгэхээр нүдний шил бүхэн хувцас шиг өөрийн гэсэн хэмжээтэй. Дараагийн удаа шилний сонголт хийхдээ зөвхөн энэхүү кодоо л мэдэж байхад өөртөө тохирсон шилийг хаанаас ч сонгох боломжтой болж байгаа юм. Гэхдээ том брэндийн нэр бичсэн хуурамч нүдний шилэн дээр ийм кодуус байгаа ч зүүгээд үзэхэд хэмжээ нь зөрүүтэй, энгийнээр харахад ч  материал нь өөр хуванцар байдаг гээд ялгахад амархан. Шилний сонголт энгийн юм шиг мөртлөө нарийн чимхлүүр зүйл юм.

 

 

-Хэрэглэж байгаа нүдний шилнийхээ хадгалалт дээр яаж анхаарах ёстой вэ?

 

-Нүдний шилийг гэрэнд нь хийхдээ байнга алчуураар ороож байх ёстой. Ингэхдээ зөвхөн шил хэсгийг нь ороосны дараа хоёр гарыг нь  эвхдэг.  Тэгэхгүй манайхан  нүдний шилээ эвхээд алчуураар нь ороодог ч юм уу, эсвэл алчуурыг нь хажууд зүгээр хийчихдэг. Шилээ буруу хадгалснаар тухайн шилний гар шилнийхээ цонхонд  очин үрэгдэн зурагдах жишээтэй. Түүнчлэн иргэд шилээ байнга хоёр гараараа авч зүүн, хоёр гараараа шилээ авч занших хэрэгтэй. Тэгэхгүй нэг гараараа шилээ байнга зүүж, аваад байхаар амархан гаждаг. Нүдний шилний хэрэглээгээ зөв л байлгавал нэг сайн шил аваад маш удаан эдлэх боломжтой шүү дээ.

 

Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар


Нүдний шилийг хэрхэн зөв сонгох вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.