Газрын гүнд үлэмж хэмжээний алмаз эрдэнэ байгааг эрдэмтэд тогтоожээ

32597

АНУ-ын Массачусетсын Технологийн Их сургуулийн эрдэмтэд дэлхийн бөмбөрцгийн гүнд квадриллион тонн хэмжээтэй алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ.

Квадриллион нь нэгийн ард 15 ширхэг тэгтэй тоо буюу их наядаас мянга дахин их гэсэн үг. Гэвч энэ эрдэнэс нь газрын гадаргаас 145-240 км гүнд байгаа тул олборлох боломжгүй юм. Өнөөдрийн хүн төрөлхтний газрын гүнд өрөмдөж хүрсэн хэмжээ үүнд хүрэхгүй ажээ.

“Хэдийгээр бид олборлож чадахгүй ч бидний төсөөлж байснаас их хэмжээний алмаз эрдэнэ байдгийг тогтоолоо” гэж тус сургуулийн Дэлхий, Атмосфер, Гараг судлалын тэнхимийн судлаач Ульрих Фаул ярьсан байна.

“Үнэндээ алмаз эрдэнэ нь тийм ч ховор зүйл биш ажээ” гэж тэр бас хэлсэн юм.

Газрын гүнд дууны долгион хэр хурдтай тархаж байгааг хэмждэг сэйсмик технологийн тусламжтай үүнийг нээжээ. Газрын гадаргын дээд талд байдаг тектоник хавтангуудын дор дэлхийн чулуулгын хамгийн хөгшин, хөдөлшгүй хэсэг байдаг. Тархсан долгион газрын дээд давхаргыг нэвтэлсний дараа хурд нь огцом нэмэгдэн цааш дамжиж байгааг эрдэмтэд илрүүлээд учрыг нь тайлах гэж оролдож эхэлжээ.

Ингээд ямар материалын дундуур дууны долгион ийм хурдтай дамжиж болохыг туршиж үзэхэд зөвхөн алмаз дотор ингэж байв.

Алмазын дундуур тархахдаа дууны долгион газрын дээд давхаргыг нэвтлэхээс хоёр дахин хурдтай байжээ.

Одоо эрдэмтэд газрын гүнд өмнө төсөөлж байснаас доод тал нь 1,000 дахин их алмаз эрдэнэ байгаа гэж дүгнэж байна. Алмаз нь газрын гүн дэх өндөр даралт, өндөр температуртай орчинд нүүрстөрөгчөөс бий болдог.

Бий болсон алмаз нь галт уулын дэлбэрэлтээр газрын гадарга дээр бага хэмжээтэй ил гардаг юм. Ингэхдээ маш ховор, хэдэн арван сая жил тутамд нэг удаа гардаг ажээ.

Эх сурвалж: AFP

Р.Төмөр, ikon.mn

https://ikon.mn/n/1cbh


Газрын гүнд үлэмж хэмжээний алмаз эрдэнэ байгааг эрдэмтэд тогтоожээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.