Нийслэлийн хөдөлмөрийн газраас оюутнуудыг ажилд зуучлах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн талаар, оюутнууд хэрхэн хамрагдах тухай Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржийн ажилтан Г.Долгорсүрэн дараах мэдээллийг хүргэж байна.
-Оюутнуудыг ажилд зуучлах хөтөлбөр 2009-2011 онд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр” нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн. Харин 2012-2015 оныг “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр” болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Үүний хүрээнд оюутнуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор ханган, ажлын байранд зуучилж өгдөг. Манайд барилга болоод үйлчилгээний салбарын ажил ихэнхдээ зонхилж байна. Эрэгтэй оюутны хувьд барилга дээр ажиллах бол эмэгтэй нь үйлчилгээний газар зөөгч, бармен, худалдагч хийх боломжтой. Үүнээс гадна гар урлал эрхэлдэг, зун сургалтын төлбөрөө олох хүсэлтэй оюутнуудад бас нэгэн боломж гарч байгаа. Энэ нь манайд хандсан гар урлал, нэхмэл зэрэг янз бүрийн бүтээл хийдэг оюутнуудыг дэмжин бүтээгдэхүүнээ зарахад нь зуучилдаг юм. Намар нэгдсэн үзэсгэлэн яармаг зохион байгуулах жишээгээр бүтээгдэхүүнийг нь борлуулах тал дээр хамтарч ажилладаг.
-Эдгээрээс гадна оюутнууд мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж хэр байгаа вэ?
-Оюутны тухайн мэргэжлийн захиалга ирсэн байх юм бол зуучилдаг.
-Одоо танайд оюутан ажиллуулах хэдэн ажлын байр байна вэ?
-500 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Одоогоор манайд 100 гаруй ажлын байр бий. Мөн л үйлдвэр, үйлчилгээний салбарын ажлын байрууд л даа.
-Энэ 100 ажлын байранд оюутнууд зөвхөн зун ажиллах боломжтой юу?
-Байнгын байдаг. Заавал зун биш. Тухайн оюутан манайд захиалга өглөө гэхэд тэр ажилдаа шууд орно гэж байхгүй шүү дээ. Байгууллага нь тодорхой хэмжээнд шалгуур тавина, судална. Үүний дараа ажилтнаараа сонгох жишээтэй.
-Танай байгууллагад яаж бүртгүүлэх вэ?
-Оюутнууд нэг хувь цээж зурагтай Нийслэлийн хөдөлмөрийн газарт /Улаанбаатар банкны гурван давхарт/ ирээд анкет бөглөнө. Тэгээд бэлэн байгаа ажлын байраас өөрөө сонголтоо хийж захиалгаа аваад очиж ажлаа хийж болно. Мөн манайхтай хамтран ажилладаг зургаан их дээд сургуульд дэмжих төвүүд ажилладаг. Тэнд очоод ч бүртгүүлэх боломжтой. Ямар нэгэн төлбөр хураамж байдаггүй.
-Бүртгүүлээд хэд хоногийн дараа ажилтай болдог вэ?
-Оюутан эхлээд манай байгууллагад ирж бүртгүүлнэ. Хэрвээ түүний хүссэн ажлын байр бэлэн байвал шууд л ордог юм.
-Одоогоор хэдэн оюутан ажилтай болоод байгаа юм бол?
-Манай хөтөлбөр дөрвөн сард батлагдсан. Түүнээс хойш 500 гаруй оюутан залуусыг бүртгэлд хамруулсан. Дэмжих төвүүдийн хувьд 1200 оюутныг бүртгээд 700 гаруйг нь ажилд зуучилсан. Тэндээс ажилд орсон 500 гаруй оюутнууд байгаа. Зарим оюутны хувьд ажил нь таалагдахгүй, эсвэл хувийн шалтгаанаас ажилд зуучлуулсан ч ороогүй тохиолдол бий.
-Тухайн байгууллага оюутныг эхлээд туршилтаар ажиллуулна гэвэл тэр хугацаанд цалин авахгүй юу?
-Манай зүгээс тухайн байгууллагатай нэг сарын гэрээ байгуулдаг. Туршилтын нэг сарын хугацаанд манайхаас цалин өгдөг юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад гэрээ дууссаны дараа нөгөө байгууллагаас хөлсийг нь өгөөд ажиллуулна.
-Танай байгууллагатай их дээд сургуулиуд хамтран ажиллах боломжтой юу?
-Тийм. Одоогоор манайх томоохон зургаан сургуультай хамтран ажилладаг. МУИС, ХААИС, ХУИС, Санхүү эдийн засгийн их сургууль, ШУТИС, Политехникийн коллежтой хамтран ажилладаг. Ер нь хамтран ажиллах байгууллагуудын өмнө нээлттэй.
Д.Догсмаа
Эх сурвалж: “Монцамэ”