1.
.. Дагтаршиж халтайсан хуучин будгийн хавтан шиг цоохор давалгаат амьдралын дунд хөвж, живж яваад миний зүрхээрээ мөргөөд уначихсан.. тэр л харцыг ахиад жаахан ширтэх сэн гэж цаг хугацааны эргэлтгүй урсгалыг цоорхой халаасаараа шүүрүүлэн шүүрүүлэн саатахдаа..
Чамдаа би анхны удаагаа дурласан.
2.
Хоромхон туяараад сарних төдийдөө бүхэл өдрийг минь гийгүүлээд өнгөрөх үүлэн чөлөөний нар шиг инээдийг чинь би ажиж, хоолойнд чинь уярч, үнэрийг чинь сүнсээрээ илбэн жаргаж..
Бүх ертөнцийг умартан чиний оршихуйд уусахдаа..
Чамдаа би хоёр дахь удаагаа дурласан.
3.
Цогшиж, бадрахын ерөөл талбин голомтын галыг бадрааж, ээжийнх нь хөтөлж хөлд оруулсан турьхан гарыг тосч атгахдаа..
Ганцхан үндэстэй цэцгийн мандал шиг нар даган надтай цуг ургаж,
Хайраас нахиалсан нялх үрийг минь сүүдрээс харамнан тэврэхийг чинь харахдаа..
Чамдаа би гурав дахь удаагаа дурласан.
4.
Ертөнц ороож яваа давилуун сэтгэлийн минь даруухан аргамжаа чамайг харах гэж, бас тэврэх гэж..
Зузаарсаар, зузаарсаар өмнө чинь унадаг ‘Хүний баг’-аа авч хаях гэж..
‘Хүлээж байя’ гэсэн өөриймсөг үгсэд чинь
Догдлоод, догдолсондоо тогтож ядаад
Гэрэлтэй цонх, дулаахан гэртээ байдгаараа яарчихсан цүнхээ шүүрч явахдаа..
Чамдаа би дөрөв дэх удаагаа дурласан.
5.
Эвдэрч,
бас эмтэрч..
Амьдралд нугарч уначихаад босохгүй гэж зөрөхөд минь..
Газардахгүй юм шиг дэвж,
Зогсохгүй юм шиг хурдалж..
Залуу халуун насны минь омог нь багтахгүй үерлэхэд..
Үрийг минь тэвэрсэн энгэрийн сүү нь асгарч надад нэвчээд
Бодол дундуур минь тайтгарлын зам татуулж чимээгүйхэн урсаж мэдрэгдэхэд нь..
Чамдаа би тав дахь удаагаа дурласан.
6.
..Цагийн зүү чимээгээ алдан нугдайтлаа хэдэн мянга эргэлдэж, надад ирсэн бүхний яваад өгсөн зүгийн араас би санаашран ширтэж сууна.
Яг тэр л үед, нэгэн жаранг цуг үдэхэд хором ч бөхөөгүй хайрын чинь галыг манаж,
“Тэднийг явахад би хоосорсон шиг,
намайг явчихаар надаар дутаж үлдэх энэ жаахан эмэгтэйг би яана даа..” гэж чамайгаа өрөвдөнгүй зовьнохдоо..
Чамдаа би зургаа дахь удаагаа дурласан.
7.
Үнэн зүрхний их харгуйд ганьхарлын мөр татуулан алхалсан их аялалдаа алжаан түр үдлэх зуур.. би чамайгаа хөтөлж, чамаараа хөтлүүлж, хамтдаа бүдэрч, гүйж явсан он жилүүдийн дурсамжийн ширэн богцоо задалж, ширхэг ширхэгээр нь имэрч, бас уясаж суухдаа..
Чамдаа би долоо дахь удаагаа дурласан.
8.
Намтар үлдэж, нэр минь хуудастай нь хамт хуучирч хоцрох хорвоогийн жамыг даган би нарыг тойрохоор явахдаа,
хөөрхөн нүднийх нь нулимс сул тасарч энгэрт минь унахыг үзээд..
..Тэртээх нэгэн нар нялхарсан цэлмэг өдөр олж хараад, харсан чигтээ ширтээд үлдчихсэн тэр л гэнэн дөлгөөн харцыг ахин нэг эргэн дурсаж..
Чамдаа би сүүлчийн удаагаа дурласан..
***
.. Бурхан надад уртхан насыг заяаж,
Чамтайгаа би илүү эртхэн учирсан бол
Атга зүрхийг догдлолоор өрдөж
Мянга мянган удаа дурлах сан гэвч..
Эргээд санахад би чамдаа наймхан удаа дурлаж амжиж.
Дөрөв, дөрөвөөр
Наймхан удаа..
Бөртөн
2017 он.