Бүсгүй хүний 15 эрдэм

39

Нэгдүгээрт: – Номуун (номын) ухаант шинж бүрдсэн
Ном буянд дуртай, номын чанар таньдаг, номын садныг хүндэлдэг, ариун зөв явдлыг эрхэмлэн, башир бусармагыг тэвчээд, билгүүн нүдээр алсыг харах холч мэргэн ухаан.
Аливаа юмын учир шалтгаан, утга зүйн зохилдох хийгээд үл зохилдохыг билгүүн хараагаар урдаас мэдэх, түүнийгээ бусдын тусд зориулж чадахуйц нандин чанарыг эзэмшсэн эрдэм;
Энэ эрдмийн эсрэг утгыг “Ардыг тэжээхүй рашааны дусал” гэдэг зохиолоос иш татаж үзүүлье:
Үйлийн үрээр мунхарсан зарим балай ард
Үнэхээр ном эрдэм сайтар сурч бясалгалгүйгээр
Үргэлж буруу явахаа сайн болгон, эзэмших нь
Үтэл тэнэгүүд далайд одоод чулуу авч ирэх мэт гэжээ.

Хоёрдугаарт: – Өнгө үзэсгэлэн гоо сайхан зүстэй
Эмэгтэй хүний гоо сайхан өнгө үзэсгэлэнг дүрсэлж үзүүлсэн хуучин монгол зохиол орчуулга тун элбэг байдгаас Манибадарын туужид эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үгээр урлан үзүүлснийг үлгэрлэвэл:
“Хан хөвгүүн Норсон, хүүхнийг үзвээс гоо үзэсгэлэн, сэтгэлд зохистой, сайн өнгөний дээд төгөлдөр, эрдэм бүхэн хурсан, хатны шинж төгс, орны ерийн хүнээс сайхан, хөх нь алтан хумх мэт төлжиж товойн чарагшин чангарахаар машид төгрөглөсөн, талимаарсан нүд хар болоод яраа нь урт, хамрын хянга нь өндөр, уруул нь шүр хийгээд эрдэнэ зэндмэнэ ба энгэсгэний үр адил, зажуур нь хонхоргүй, шанаа тэгшхэн болоод дэлгэрэнгүй, хацар нь үлэмж баясгалан үйлдэгчийн зургийн төгрөг тэмдэгтэй, хөмсөг нь урт үзэсгэлэнтэй зөгийн чуулган мэт хав хар, мөр нь арван тавны сар хиргүй дэлгэрээд хүйс нь гүн , хунираа нь гурав лугаа төгөлдөр болоод мэхийхийн төдий хүнхэр, хөхөө насгаруулахаар цээж нь зэргэмсгэр, өчүүхэн эгийсэн хэхгэр, биеийг хэлбэр үес гишүү мэт маш үзэсгэлэнтэй, гар нь усны модны найлзуур адил, гуя нь шилбэ хүртэл бөөрөнхийлөн нарийсах ба үзэсгэлэнтэй, судал нь машид үл илэрсэн бөгөөд мурий сарий бус, үе гишүүн бүгд үзэсгэлэнтэй, олон эрдэнэ чандманийн толгой хийгээд хүзүүвч, хоолойвч, бугуйвчаа дуу гарган гунхалзсан, үс нь хар болоод зөөлөн амгаланг өгөх мэт, алтайн бүстэй ходоодонд нь тэгш болоод чимэг болон унжсан, өнгө тунамал алт мэт сайхныг үзсэн болой” гэсэн байдаг билээ.
Гуравдугаарт: – Санаа сэтгэл ариун сайхан
Орчлонгийн сав шимийн дуулал гэх зэрэг зохиолд шүлэглэн дүрсэлснээр орчлонгийн сав шимийн чанар нь угтаа хилэгнэж дуусашгүй харам, ховдоглож дуусашгүй идэш, хожиж дуусашгүй олз, хувирч дуусашгүй атаат сэтгэл, аргалж дуусашгүй залихай,атаархаж баршгүй тэмцэл, арилж баршгүй сэжиг, ханаж гүйцэшгүй хүсэл болох тул хүслийг гүйцээх, тэмцлийг барах, залилж зайлах, хожиж ашиглах, харамлаж авирлах гэж хичнээн хөөцөлдөвч гүйцэж барагдашгүй бөгөөд аль л муу муухай арга саам, мэх гох гарахын уг үндэс нь хүсэл шунал учраас түүнд авталгүйгээр тэвчиж ариун сайхан сэтгэлээр бусдын тусыг бодож, хамгийг энэрэн хайрлахын сацуу хүн хүнээ хүндлэн дээдлэх нинжин сэтгэл шингээсэн эрхэм эрдэм буюу.
Дөрөвдүгээрт: – Эсгэх оёход уран
“Алган чинээ торгоор арван захтыг бүтээдэг
Хуруун чинээ торгоор хорин захтыг бүтээдэг
Уран төрсөн бүхний урд магнайд шалгарсан
Нарийн нандин нягт намбайн цаад талд гарсан
Алтан хуруувч авхай гэнэ”
гэж Гэсэрийн туужид Хан хурмаст тэнгэрийн хатныг дүрсэлсэн уран дүрслэлийг санагтун.
Тавдугаарт: – Ачлалт тахимдуу
Эцэг эхээ ачлан тахимдах нь эрхэм эрдэм мөн. Эцэг эхийн ач үнэхээр өндөр тэнгэр мэт хязгааргүй, ачийг хариулъя гэвэл дотроо бол сэтгэлээ гүйцэтгэн, гаднаа бол хүч тавин, төлөөнөөс нь зүдгүүрийг дааж ачлах тэжээхийг хичээвэл зохино.
Зургаадугаарт: – Энэрэлт эевэрүү
Төрөл төрөгсдөө дотнолож элэгсэн, найртайг илтгэх нь элбэрэлт эевэрүү эрдэм мөн. Засагт номд: “Есөн төрөлдөө дотночилсны тул есөн төрөл найртай болов” гэжээ. “Өвгөө дээдлэсэхийн тул тийнхүү язгуураа хүндэлнэ. Язгуураа хүндлэхийн тул тийнхүү төрлөө хураана гэсэн нь хүний ёсонд эрх үгүй төрлөө хайрлахыг эрхэм болгожээ. Хүнд төрөл төрөгсөд, хамаатан садан, ураг элгэн байдаг нь мөн усны салбар урсгал, модны салаа мөчир мэт үндэс ба эх нэгэн буюу” гэж Ёслолт номд өгүүлжээ.
Долоодугаарт: – Үйлээ амар бүтээгч
Одоогийн үгээр хэлбэл ажилч хичээнгүй, авхаалж самбаатай, алив ажлаа амжуулж чаддаг, эрэмбэ дараалал эмх цэгц сайтай, цаг хонжиж, үйлээ дуустал түүртэлгүй бүтээж чадах чадвар бүхий эрдэм юм.
Наймдугаарт: – Ааль араншин сайтай найрсаг найрамдуу
Ааль араншингийн сайхныг алт эрдэмийн дээд нь хэмээн Оюунтүлхүүр сургаалд өгүүлжээ. “Хатан хүн хамаг сайхныг төгсөвч ааль муутай бол харин төрхөмдөө буцаж буг болно” гэжээ.
Ааль муутай эхнэрийн жишээг “Тоть шувууны сургаал зохиолоос үлгэрлэж үзүүлвэл: “Аливаа хүн ирвэл муухай аашлан аяга шанагаа эвдэртэл хаялан, ач үрээ шалтгаалан элдэгч авир муутай эхнэр лүгээ тав” гэж бичсэн бий.
Есдүгээрт: – Хүндлэж зочломтгой
Хоолны сайхныг зочинд барьж, амттын дээдийг айлчинд өгч, хөхүүртийн дээжээр хүндэтгэн зочлохдоо алив хүнийг алагчилдаггүй ариун сайхан ёс, хулгайчийг ч болов хүндлэн дээдэлж зочилдог хүний эрхэм ёст эрдэм.
Аравдугаарт: – Ухаалаг хэрсүү
Гийчин зочныг хүндлэхдээ гэнэдэж буруу үг алддаггүй хэрсүү ухаантайн шинж. Ардыг тэжээхүй рашааны дусал зохиолд:
“Хэр мэт хүн үг ямар үг хэлэлцвэл
Хэлэх бүхнээ шинжиж бодлоготой өгүүл
Хэрэв ажиглалгүй дэмий балай элдвийг чалчвал
Хийт галзуугийн донгодсон мэт ч болдог” гэсэн буй.
Арван нэгдүгээрт: – Үг сонсогч
Хэрсүү ихсийн үгийг сонсож, хэт хойтынхоо үйлийг бодож, гэмт явдалаас сэрэмжлэх нь гийсэн ухаантны эрдэм буюу.
Арван хоёрдугаарт: – Ашдын хишиг дэлгэр
Үр хүүхдээр өнөр, амны хүнсээр элбэг, ашид хишигтэй явах сургаал хүмүүжлээр хүүхдээ өсгөж ашдын хишиг, амны билиг дэлгэрч бадрах эрдэм.
Арван гуравдугаарт: – Барьсан идээ арвин өгөөмөр
Сав дүүрэн сааль, амсар дүүрэн идээ бялхуулж, өөх тос халгиулж,өгөөмөр сэтгэлээр арвитгах арвин гарын эрдэм.
Арван дөрөвдүгээрт: – Урваж хоёр үл аашлагч
“Ер уйдах чилэхийг саналгүй нэгэн зоригоо хугалалгүй хэв хэзээд цөхрөлгүй, зовох цагт зайлахгүй, жаргах цагт хэтрэлгүй, хайрлах цагт дасалгүй насан үргэлжид нэгэн зангаар явбал улам хойтдоо хөгждөг болох буй” хэмээн Оюунтүлхүүр сургаалд номложээ.
Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх зохиолд:
“Муу сайтах нь хурдан олон урвалгат хүнтэй
Магад нэгэн зангаар удаан ханилж үл болох
Муу тавтиргүй тэр хүн юун лугаа адил вэ? гэвэл
Маш хурдан өнгөө алдах муу бөс лүгээ адил”
гэж сургасан байдгаар жишиж үлгэрлэв.
Арван тавдугаарт: – Ичгүүр сонжуур лугаа төгөлдөр
Дорно зүгийн эмэгтэйчүүд түүний дотор монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гэдэг эрхэм эрдмийн нэг. Оюунтүлхүүр сургаалд “Ичгүүр үл мэдэх хатадаас ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ” гэж сургажээ. Ичгүүр гэгч сэтгэлийн нарийн мэдрэмж тул ичгүүр сонжуургүй бол мэдээ алдсан мэт бусдад сонжигдох учир ичгүүр сонжуур лугаа төгөлдөр оршигтун хэмээн дээр цагаас нааш мэргэдийн гэгээнтнүүд айлдсаар иржээ.


Бүсгүй хүний 15 эрдэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.