Сайн найзын чинь хамгийн эрхэм чанар юу вэ?

0614-gq-mopl04-04

Нөхөрлөл гэдэг хүний харилцааны хамгийн түгээмэл бөгөөд нандин хэлбэр. Хэн нэгнийг мэдэрч, ойлгож, хамтдаа баяр баясалаа хуваалцаж байж аз жаргалыг мэдэрдэг нь хүний өөрийн мөн чанар.

Бид заримдаа гэр бүлдээ ч хэлдэггүй нууцаа аминчлан найзтайгаа зөвлөлддөг. Тиймээс сайн найз нөхөд гэдэг гэр бүлээс ч дутахааргүй нандин хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийнхээ эрхэмлэх зан чанаруудыг Гоолингоогийн найзууд бичиж илгээлээ.

- Би их олон найзтай тэр дундаас ганц найз маань л надад үнэнч ханддаг. Үнэнч гэдэг нь надтай үргэлж хамт байж, цаг наргүй яриаг минь сонсож суудаг гэсэн үг биш. Тэр ямар ч үед надад үнэн бодит байдлыг хэлдэг. Намайг буруу зүйл хийхэд шүүмжилнэ, зөв зүйл хийхэд магтана. Ер нь л алдаа, оноо болгоныг минь хэлж өгдөг. Энэ байдал нь л найзын маань хамгийн эрхэм чанар юм даа. 23 настай Х.

- Найз маань намайг ямар ч үед сонсож чаддаг зан нь надад хамгийн сайхан санагддаг. Тэр маань их өөдрөг үзэлтэй болохоор хамт байхад сэтгэл санаа сайхан байдаг. Заримдаа би түүнийг сэтгэл судлаач болохгүй яасан юм гэж цаашлуулдаг. Гэр бүлдээ ч халамжтай, найз нөхөддөө ч нэр хүндтэй нэг сайхан бүсгүй байдаг юм. Уулзахгүй удахаар нэг л сэтгэл хоосордог шүү. Тэгэхээр найз маань миний хувьд яалт ч үгүй эрхэм хүмүүсийн минь нэг мөн. 27 настай Ц.

- Найз маань намайг үргэлж хурцалж өгдөг зан нь хамгийн эрхэм санагддаг. Тэр бүх талаараа шилдэг нь байж чаддаг. Тийм болохоор би найзаасаа үлгэр дуурайл авдаг. Түүнээс сурч, мэдэх зүйл их байдаг. Надад зааж сургадаггүй ч гэсэг байгаагаараа зөв үлгэрлэж чаддаг нь түүний хамгийн эрхэм чанар. 22 настай Б.

- Найз маань намайг өөрийнхөө гэр бүлийн нэг гишүүн шиг л санадаг. Заримдаа тэднийд очихоор уулзаагүй удсан ах эгчийндээ очиж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. Энэ л надад сайхан эрхэм санагддаг. Аав, ээж нь халуун дотноор угтаж авна, ирэхгүй удлаа гэж гомдоллоно. Гэрийнхэндээ намайг зөв талаас нь ойлгуулж, эерэг сэтгэгдэл төрүүлдэгт нь баярладаг. 26 настай Л.

- Найзтайгаа уулзахгүй хичнээн удсан ч гэсэн яг л өчигдөрхөн уулзсан юм шиг дотно байдаг нь сайхан санагддаг. Заримдаа ажил ихтэйгээс болоод тэр бүр найзтайгаа уулзаж чаддаггүй. Гэсэн хэдий ч бид хоёр нэг уулзахаараа урьдных шигээ халуун дотноор тэврэлдэн уулздаг. Тэгээд сонин сайхнаа бие биетэйгээ өрсөн, ярьж гарна даа. 24 настай Д.

- Надад олон сайн найзууд байдаг. Тиймээс өөрийгөө их азтай гэж боддог. Тэд маань бүгдээрээ л байгаагаа надад эрхэм санагддаг. Та нартаа хайртай шүү. 22 настай С

- Надад багаасаа найзалсан 2 найз байдаг юм. Одоо бол бие биенийгээ харцаараа ойлгодог болчихсон. Их удаан найзалсан болохоор бидэнд муудаж, сайдах үе зөндөө гарна. Тэр бүгдэд эргээд юу ч болоогүй юм шиг сайхан найзууд хэвээрээ байж чаддаг нь хамгийн эрхэм санагддаг юм. Хүн өөрт чухал хүмүүсээ л бүрэн уучилж чаддаг гэдэг. Муудалцаад эвлэрэх бүртээ би найзынхаа хувьд хичнээн чухал хүн болохоо мэдэрдэг. 28 настай Ө.

- Хүнд найз нөхөд гэдэг их чухал нөлөөтэй. Гэхдээ зөв хүнээ олж нөхөрлөх нь хамгийн чухал юм шиг санагддаг. Надад маш олон найз нөхөд байдаг. Гэхдээ тэдгээрээс хэн нь хэн бэ гэдгийг л таних хамгийн чухал санагдсан. Тэглээ гээд бусдыг найз биш хэмээн үзэж болохгүй. Намайг ямар ч үед ойлгож, аль болох чадлаараа туслахыг хичээдэг нь миний найзын хамгийн эрхэм чанар юм уу даа. Зөвхөн хэцүү үедээ ч биш, аз жаргалтай үедээ хамгийн түрүүнд намайг гэдэгт нь баярладаг. 32 настай Н.

Чи ч бас найзынхаа тухай бичээрэй. Гоолингоо чиний сайн найз байж чаддаг уу?


Сайн найзын чинь хамгийн эрхэм чанар юу вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.