Ц.Баттуяа ДУРЛАСАН НАЙРАГЧ өгүүллэг

29

-Шүлэг уншаад л уяраад л уйлаад л суух юм, чи чинь өвчтэй юм уу гэж ээж нь охиноо зэмлэнэ. Охин хариуд нь сэтгэл дотроо:

-Та яаж мэдэх вэ дээ. Би яаж эрүүл байх юм. Аль хэдийн өвдчихсөн шүү дээ. Харин тэрийгээ танд биш ганцхан шүлгэндээ л хэлсэн гэж хариулна. Ээж нь гал тогооныхоо өрөө рүү ороод хэсэг чимээгүй боллоо.
-Болиоч ээ. Ингэж байгаад өвдөх гэж байгаа юм. Наад хэдэн шүлэг чинь зүрхийг чинь шархлуулна уу л гэхээс биш амьдралд хэрэг болохгүй гэж ээж нь өрөөгөөр нь шагаймагцаа дахиад л хашгирна. Охин:
-Өвдөх гэж байгаа юм гэнэ шүү. Аль хэдийн тэр хүнд шархыг чинь зүрхэндээ олчихсоон, ээж минь. Яаж эдгээх вэ гэж л шаналж сууна.
Ээж нь хэсэг хугацааны дараа аягатай хоол барьсаар охиныхоо өрөөнд орж ирээд:
-Хүүе ээ, чи уйлсаар л сууна уу. Яагаад шүлэг уншаад уйлаад байдаг юм бэ? гэж үглэлээ. Тэгээд хэсэг тээнэгэлзэн зогссоноо:
-Чи өвдчихсөн юм биш биз? гэж их л нухацтай асуулаа. Эмэгтэй охиныхоо духан дээр алгаараа дарж үзээд толгой сэгсэрээд:
-За, алив миний охин хоолоо халуунд нь ид гэж хэлээд хацар дээр нь үнсээд гарч одов.
-Өвдчихсөн юм уу? гэнэ шүү. Одоо л нэг анзаарах шив. Зүрхнээс минь өдөр, шөнөгүй цус шүүрч байхад эх хүн байж анзаараагүй л байдаг. Мөн таарч дээ гэж охин сэтгэл дотроо дахиад л эгдүүцэв.
Хэсэг хугацааны дараа ээж нь дахиад л охиныхоо өрөөний хаалгаар шагайж, тэгснээ хоолоо идээгүй байгааг нь анзаараад үнэн сэтгэлээсээ бухимдаж:
-Хөөе, чи хоолоо идээч ээ. Юундаа өдөржин шөнөжин уйлаад байдаг юм бэ? Ямар хэн нэгэн нь бурхан болчихсон биш хэмээн хашгичлаа. Охин дуугарсангүй. Ээж нь охиноо угз татан сандал дээрээс нь босголоо. Тэгээд,
-Хамгийн хайртай хүнээсээ хагацчихсан юм шиг л уйлаад суух юм. Хэн нэг нь үхчихээгүй биз дээ гэж чангаар хэлэв.
Найрагч охин:
-Үгүй дээ, ээж ээ. Түүнийг амьд байгаа болохоор л би уйлаад байгаа юм.
-Юу… юу гэнэ ээ. Чи чинь одоо бүр уйлах шалтгаанаа ч олж уйлахаа больжээ. Одоо уйлахаа боль.
-Хэрэв түүнийг нас барчихлаа гэвэл би уйлахаа болино оо.
-Охин минь, чи галзуурчихаж.
-Тийм ээ, ээж ээ. Энэ шархны халуун намайг галзууруулж байна. Та одоо л анзаарч байгаа юм уу???
-Юу??? Юун шарх? Хэзээ, хаанаа шархдчихаа вэ?, миний хүү. Тэгээд ээждээ хэлээд эмчид үзүүлээд, эмчлүүлэхгүй яасан юм бэ?
-Зүрхэндээ… аль дээр маш хүндээр шархдчихсан. Энэ шархийг ямар ч эмч эмчилж чадахгүй ээ. Гагцхүү түүнийг бурхан болсон өдөр л миний энэ шарх эдгэнэ…
Ээж нь ямар нэгэн юм хэлэх гэж амаа хий ангалзуулсан боловч юу ч дуугарсангүй. Гайхаж, хэлэх үгээ олж ядсан янзтай охиноо ширтэн хэсэг зогслоо. Тэгснээ охиноо мөрөн дээрээс нь хоёр гараараа зөөлөн дарж сандал дээр суулгаад, үсийг нь зөөлхөн илбээд:
-За за, уйл, уйл. Ээж нь дахиад саад болохгүй гэж хэлээд гарч одов.
2010.07.30-2010.09.22 “Таримал цэцгийн сүм” номоос


Ц.Баттуяа ДУРЛАСАН НАЙРАГЧ өгүүллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.