Эрдэмтэд хоолны амтыг хэрхэн өөрчилдөг вэ

229384-21082018-1534824518-1727279675-hool

Хүмүүс аль нэг хоол хүнсийг идэх эсэхээ амтнаас нь шалтгаалан шийддэг. Гашуун бол хорт бодис, исгэлэн бол муудсан гэх мэтээр ойлгогдоно. Гэсэн хэдий ч хүмүүс амтлах мэдрэмжээ хуурахыг оролдсоор иржээ. Эрдэмтэд химийн бодис нэмэлгүйгээр хоолны амтыг өөрчлөх туршилтыг олон жилийн турш хийж байна. Сингапурын их сургуулийн судлаачид хоолны тусгай таваг ба цахилгаан савхнаас бүрдсэн багаж бүтээжээ.

Буурцгийн шөл ба төмсний нухашийг давстай, давсгүй хоёр янзаар бэлтгэж, туршилтад сайн дураар оролцсон 30 хүнд өгсөн байна.

Тусгай савхаар давсгүй хоол идэхэд давстай мэт сэтгэгдэл төрж байжээ. Учир нь амтлах мэдрэмжийг цахилгаан өдөөгчөөр үүсгэж байсан гэнэ.

Хоёр багажийн үндсэн бүрдүүлэгч нь электрод бөгөөд тавгийн ирмэг ба савхны үзүүрт удирдлагатай зай залгажээ. Эрдэмтэд исгэлэн (180 микроампер) ба давслаг (40 микроампер) амтны гүйдлийн хэмжээг багажуудад дамжуулсан байна. Давсгүй хоол дийлэнх оролцогчид давстай мэт санагдсан бол исгэлэн амтыг хэн ч мэдрээгүй аж.

Амт гэдэг бол гурван системээс ирэх мэдээллийг мэдрэхүйгээр хүлээн авч боловсруулсны үр дүн юм. Үүнд амт ба үнэр, дээр нь хэлний үзүүрт мэдрэгддэг химийн мэдээллийн систем багтана. Тухайн амтыг мэдрэх зориулалттай эд эсэд зохих хэмжээтэй гүйдлээр үйлчилснээр амтлах системийг хуурч болдог гэж эрдэмтэд тайлбарлажээ. Хэлний үзүүрт байрладаг 50-100 эс амтыг эхэлж мэдэрдэг байна.

Эндээс мэдрэлийн импульс тархи руу очно. Эдгээр импульсууд амтлах эрхтнээс ирсэн мэдээллийг бага тархинд хүргэж боловсруулдаг байна. Амтыг өдөөгч нь бодитой хэдий ч гашуун, давслаг, чихэрлэг гэдэг нь хийсвэр ойлголт учир ямар нэг хэмжээгээр орлуулж болдог аж.

Халдварт өвчний улмаас амтыг мэдрэх чадвар өөрчлөгддөг шалтгааныг хүний бие организмд бактери, нян нэвтэрсэн үед тархин дахь хүнсний төвүүдийн ажиллагаа саардгаар тайлбарлана. Ийм байдал хоолны дуршил буурах гэх мэтээр илэрдэг. Хооллох сонирхлыг зохицуулдаг мэдрэлийн төвүүдийн үйл ажиллагаа нь олон шатлал бүхий түвэгтэй үйл явц юм.

Иймээс хэлний мэдрэгчийг өдөөж хоолны амтыг өөрчлөх нь хязгаарлагдмал шинж чанартай гэж судлаачидүздэг.

Өнөө үед амтны таван төрлийг тодорхойлжээ. Үүнд давслаг, исгэлэн, гашуун, чихэрлэг болон загас, мах, тараг гэх мэт уурагт хүнстэй холбоотой умами амт, глутамат натрийн амт гэж ялгана.

Сүүлийнхийг хоол амтлагчтай адил гэж үздэг байсан ч 2009 онд уг амтыг мэдэрдэг тусгай мэдрэгч байдгийг нээсэн юм. Байгалийн амтлах систем бие даасан шүүгчийн үүрэг гүйцэтгэж, идэх үү, болих уу гэсэн асар чухал шийдвэр гаргахад тусалж ирсэн.

Жишээ нь, гашуун буюу исгэлэн амт амьтдын хувьд аюулын дохио болдог байна. Гашуун нь хорт бодистой холбоотой бол исгэлэн амт болц нь гүйцээгүй жимс болон муудсан хүнсийг илэрхийлнэ. Хүний мэдрэлийн систем бие организмд орох хүнс хоолыг зохицуулах буюу наад зах нь хязгаарлах чадвартай. Гэвч нэг төрлийн хоолыг удаан идвэл амтны мэдрэгч дасаж, мэдрэх чадвар буурдаг.

Түүнчлэн тухайн хүний жингээс амтлах мэдрэмж хамаардаг байна. Корнеллын их сургуулийн эрдэмтдийн тайлбарласнаар өөхөлснөөс үүдсэн үрэвсэх үйл явцын улмаас мэдрэгчийн тоо цөөрч, амт мэдрэх чадвар сулардаг байна.

Засгийн газрын мэдээ


Эрдэмтэд хоолны амтыг хэрхэн өөрчилдөг вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.