(Дайснаа үзэн ядах биш хайрлах учиртай)
Намайг үзэн яддаг
Үнс нурам болгодог
Дайснууд минь
Та нартаа би хайртай
Үзүүртэй хурц жад болгон ирлэж
Үзгээ барин шимтүүлсэн та нар минь
Авьяасгүй, хэрүүлч
Адгийн амьтан гэх бүрд тань
Асгартал онгод минь ордог
Өшөө сайн дэвсэлж өгөөрэй
Өгөөмөр ийм их бэлгийг
Өөрсдөө ч мэдэлгүй надад барьдаг та нар минь
Үзэн ядаж, өсөрхөн нулимах тусам
Өнгөжин гялалзаж, цэнэглэгддэг ээ би
Миний энхрий ялдам дайснууд минь
Та нар минь олон олноороо өсөн үржиж
Таарсан газар бүрдээ өшөө сайн нулимж өгөөрэй
Ухаан муутай, усан тэнэг
Улаан хэрүүлч, царай муут гээд
Үг үсэг хүрэлцэх бүхнээр
Үнэндээ хайр найргүй булаарай
Хайртай шүү та нартаа
Хичнээн олуул болох тусам чинь баясана
Хэцүү муухай үг их байх тусмаа бүүр сайн
Элдвээр харааж зүхэж дуусаад
Энгэрт тань одон гийвэл юутай гоёхон
Шүлс цэрээр булж хаячихаад
Цээж тань уужирч байвал ямар сайхан
Миний дайснууд минь
Будаа шиг үржиж
Булингарт ус шиг ихсэх бүрд чинь баярлана
Мөлийсөн мөлгөр чулуу шиг байлгаагүйд тань
Мэхийн ёсолж мөргөнөм та нартаа
Үрсээсээ дутуугүй хайрлая та нарыг
Үндсийг минь улам гүн болгодог болохоор тань
Үнэндээ хайрлахгүй байхын аргагүй
Үгүйлэн санагддаг шүү та нар минь үргэлжид.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ
Эх сурвалж http://www.info.mn