Жил бүхэн уламжлал болгон зохион байгуулагддаг “Гоёл” наадам энэ сарын 10-15-ны хооронд явагдах гэж байна. Энэ жилийн наадам дэлхийн жишгээр “Монголын загварын долоо хоног” нэртэйгээр зохион байгуулагдах гэж буйгаараа онцлог юм байна. Арванхоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд загварын долоо хоногийн хүрээнд гадаад дотоодын дизайнеруудын бүтээлийг “Рамада” зочид буудалд танилцуулах бол 15-ны өдрийн 19.00 цагаас “Гоёл ” наадмын гала тоглолт СТӨ-нд болж энэ жилийн шилдгүүдээ шалгаруулах юм байна.
Мэргэжлийн дизайнеруудын загварыг мэргэжлийн моделиуд хүргэх бөгөөд дизайнерууд өөрсдөө загвар өмсөгчдөө сонгох гэнэ. Харин 15-ны гала тоглолтон дээр загварын долоо хоногт оролцсон хамгийн шилдэг дизайнерууд болон моделиуд оролцох юм байна. Наадмын тайз засал чимэглэл, дуу хөгжим зэрэг арын албыг “Гэсү”, “Hero”, “Sound of Mongolia” зэрэг мэргэжлийн студи продакшнууд хариуцан ажиллах аж.
“Гоёл-2012” наадамд уламжлал ёсоор ОХУ, Сингапур, Хятадын дизайнерууд өөрсдийн уран бүтээлээ танилцуулах бөгөөд ОХУ-аас мэргэжлийн дөрвөн загвар өмсөгч хүрэлцэн ирж оролцох гэнэ.
Жил бүрийн топ моделийг загварын ертөнцөд оруулсан хувь нэмэр, олон жилийн ажлын үр дүнг нь үнэлж олгодог бол шилдэг моделийг тухайн хүний реклам зар сурталчилгаанд тоглосон байдал, загварын шоунд оролцож амжилт үзүүлж байсан гэдгээр нь шалгаруулж “шилдэг” гэсэн цол олгодог тухай дизайнеруудын холбооноос мэдэгдлээ. Харин шилдэг дизайнеруудыг үндсэн дөрвөн чиглэлээр шалгаруулж шагнал олгох гэнэ. Түүнчлэн дизайныг хөгжүүлэхэд анхаарал тавьж, түүнд хөрөнгө оруулдаг байгууллагууд болон шилдэг загварын товчоог шалгаруулах юм.
Тус наадамд “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Азийн модель”, “Эра модель”, “Look” зэрэг агентлагууд өөрсдийн шилдэг загвар өмсөгчдөө сонгон оролцуулах юм байна. Шүүгчдийн тухай сонирхоход, гадаадын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийг урьж оролцуулах бөгөөд нийт таваас долоон хүн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа тухай зохион байгуулагчид хэллээ. Загварын долоо хоногоор өдөр тутмын, гоёлын, уран сэтгэмжийн, үндэсний гэсэн дөрвөн төрлийн загварууд гарах юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс “Гоёл” наадмын гол зорилго бол Монголын дизайн урлагийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дизайнерыг болон бүтээлийг нь олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой юм хэмээн онцлон хэлсэн юм.
Дашрамд дурдахад, загварын долоо хоногийн нэг үзвэрийн тасалбар 3000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах бол гала тоглолтын тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
“ГОЁЛ -2012” Наадмын хөтөлбөр
“Монголын загварын долоо хоног” – “Рамада” зочид буудалд
12 сарын 10
16:00 Дархан Минж
17:00 Эвт гурван од
18:00 Уран элбэг
19:00 Говь ХК
12 сарын 11
15:00 Үслэг эдлэлийн загварууд
16:00 Дархан нэхий
17:00 Дизайнер Батсүх ба Цогтгэрэл
18:00 Фэйшн даймонд
19:00 Кашмир уоркшоп
12 сарын 12
15:00 Гурван билэг
16:00 Дархан Гоёлын тэргүүн байрын дизайнер
17:00 Дизайнер Ундараа
18:00 Бейс тайлор
19:00 Сити институт
12 сарын 13
15:00 Фэйшн трейд. Нобби бренд
16:00 Дизайнер Овдогмид
18:00 Отгон фэйшн
19:00 Шилмэл загвар
12 сарын 14
16:00 ОХУ дизайнер Сарапулов И., дизайнер Жаргалова А,
1 7:00 Сингапурын дизайнер
1 8:00 Хятадын дизайнер
19:00 ОХУ-ын дизайнер Будыщева Л,
12 сарын 15 Соёлын Төв Өргөөнд
19:00 Гала тоглолт
А.Цацрал