Нүхжилттэй яаж тэмцэх вэ?

044a77078f58e5fc20d2b452c27ba873

Арьсны нүхжилт ихэнх бүсгүйчүүдийн эмзэг асуудлын нэг. Гэхдээ холимог болон тослог арьстай хүмүүст илүү тохиолддог. Хамгийн таагүй нь өргөссөн нүх гоо сайхныг гутаахаас гадна элдэв бактери үржих таатай орчин болж, батга үүсгэдэг.

Нүхнүүдийн ихэнх нь дотроо хуралдсан тос, бохирдлоос шалтгаалж харагдаж байгаагаасаа хамаагүй гүн байдаг. Нүх их үүсдэг газар нь Т хэсэг буюу хамар, дух, эрүү. Харамсалтай нь арьсны төрөл удамшлаас хамаардаг учир өөрчлөх ямар ч боломжгүй. Гэхдээ өргөссөн нүхийг багасгах, хүрсэн үр дүнгээ аль болох удаан хугацаагаар хадгалж үлдэх тусгайлсан арчилгаа бий.

Нүхжилтийн талаарх ойлголт
Нүх нь тосыг арьсны гадаргуу дээр гаргах суваг юм. Энэ нь шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн арьсны гадаргуу руу амсартай уутанцар хэлбэрээр оршдог. Нүх болгонд үс байдаг, өөрөөр хэлбэл үс хаана байна тэнд нүх байгаа гэсэн үг. Үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсруулах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу руу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралттай шууд хамааралтай, хэдий чинээ их тос ялгарна, төдий чинээ том нүхтэй байна.

Нүхтэй арьсны арчилгаанд хамгийн чухал нь арьсыг маш цэвэр байлгах. Нүхийг бохирдуулахад нөлөөлдөг хүчин зүйлүүд:
-Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох
-Даавар /гормон/-ын өөрчлөлт
-Стресс
-Эм тарианы хэрэглээ
-Дархлаа сулрах
-Нүүрээ хэт зузаан будах

Арьсны нүхжилттэй тэмцэх аргуудаас толилуулъя.

1. Гуужуулалт
Өнгөн болон дунд хэсгийн гуужуулалт нь арьсыг цэвэрлээд зогсохгүй нүхийг агшаах үр дүнтэй. Хамгийн үр дүнтэй нь химийн гуужуулалт бөгөөд энэ нь арьсны бохирдлыг цэвэрлэхээс гадна өргөссөн, гүн нүхнүүдийг агшааж өгдөг. Гликолийн хүчлийн гуужуулалт-Химийн гуужуулалтын нэг төрөл бөгөөд гоо сайхны салонд хийгддэг нүхжилттэй тэмцэх хамгийн үр дүнтэй аргын нэг. Гликолийн хүчлийн сулхан уусмалаар эпидермисийн өнгөн давхаргыг гуужуулснаар арьсны нүхийг агшаах үйлчилгээ үзүүлдэг.

Энзимэн гуужуулалт нь мөн л нүхийг цэвэрлэж, агшаадаг. Өнгөн хэсгийн гуужуулалт болохоор маш зөөлөн, найрлагандаа папаин, бромелин, трипсин зэрэг гормонуудыг агуулдаг, арьсны гадаргууг жигдэлж өгдөг.

Анхаар! Гуужуулах зорилгоор скраб хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Хэвийн арьстай хүнд скраб шиг сайн цэвэрлэгч байхгүй. Харин нүхжилт ихтэй арьсанд скраб хэрэглэх нь цэвэрлэгч ширхгүүд нүхэнд орсноор арьсыг гэмтээж, нүхийг улам томруулах эрсдэлтэй. Тиймээс хэрвээ хэрэглэхээр болвол нүхтэй арьсанд зориулсан тусгай скрабыг хэрэглээрэй.

2. Шалгарсан аргууд

- Нүхийг багасагах үр дүнтэй аргуудын нэгэнд гоо сайхны шаврууд зүй ёсоор орно. Шавран маскууд нь арьсны бүхий л бохирдол, тосыг өөртөө татаж шингээгээд нүхийг агшааж, арьсыг чангаруулахаас гадна ариутгах үйлчилгээ үзүүлдэг.

- Хар батга болон нүхжилттэй тэмцэхэд нимбэгний ач тус их. Буцалж хөргөсөн усанд хэдэн дусал нимбэгний шүүс дусаагаад нүүрнийхээ арьсыг өглөө, оройд тогтмол арч.

- Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нибэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ийм маскийг түрхээд 15 минут байлгаад хүйтэн усаар угаана.

- Сарнайн ус нь тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгож, нүхийг маш сайн агшааж, үрэвслийг арилгана. Түүгээр өглөө, оройд нүүрээ угааж цэвэрлэсний дараа нүүрээ арчихад л хангалттай.

- Бас нэг хамгийн энгийн мэдэх ёстой зүйл бол тохирсон цэвэрлэгчээр угааж сайтар цэвэрлэснийхээ дараа цэв хүйтэн усаар булхах юмуу мөсөөр арчих нь нүхийг агшаадаг. Мөсийг ургамлын ханд, ногоон цайны хандаар бэлтгэвэл бүр сайн.

Нүхтэй арьсны арчилгаа үр дүнтэй болохын 80 хувь нь зохих ёсны, зөв цэвэрлэгээнээс хамаарна гэдгийг мартаж болохгүй. Арьсыг будагтай удаан байлгах, тос ялгарсан үед тоос шороо ихтэй орчинд байснаар арьсанд түрхсэн будаг /крем, пудр, хацар өнгөлөгч/ нь төрөл бүрийн тоос шороо, нян бактеритэй холилдон, нүхийг бөглөн үрэвсүүлэх, батга үүсгэх эрсдэлтэй.

3. Физик эмчилгээ
Нүх агшаахад криомассажийн ач тус их. Энэ нь гоо сайхны салонуудад шингэн азотын тусламжтайгаар тусгай аппаратаар хийгддэг массаж юм. Гэрийн нөхцөлд бидний мөсөөр хийдэг массаж бас л нэг төрлийн кримассаж юм. Криоэмчилгээ нь батга арилгах, тос ялгаралтыг багасгах, арьсны нөсөөжилтийг багасгаж цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ арьсны судсууд өргөсөж тодорсон /улаан хацартай/ хүмүүст криоэмчилгээ хориотой. Тийм үед цэв хүйтэн биш зүгээр хүйтэвтэр усаар нүүрээ түргэхэн шиг зайлах юмуу шүршигчээр шүршиж болно.

4. Будалт
Өдөр тутмын чийгшүүлэгч тос нь нянгийн эсрэг, нүх агшаах үйлчилгээтэй байх нь зүйтэй. Тиймээс тосоо сонгохдоо үзүүлэх үйлчилгээг нь анхаарч, арьсныхаа төрөлд тохирсон, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн сонгоорой. Бас нэг анхаарах зүйл нь нүхжилт ихтэй арьстай хүмүүс өдөр тутмынхаа арьс арчилгаанд заавал тоник оруулах хэрэгтэй. Өглөө оройд нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээсэн тоникоор нүүрээ арчсанаар цэвэрлэгээ төгс төгөлдөр болж, арьс чийгээ хадгалж, дараагийн шатны арчилгаанд бэлэн болдог. Тоникны найрлаганд гликолийн юмуу салицилын хүчил, гликасил, цайр, зэс, гаммамелис байвал сайн.

Япон бүсгүйчүүдийн цэвэр өнгөлөг арьсны нууц нь цэвэрлэгээндээ байдаг гэцгээдэг. Тэд крем пудр түрхсэн нүүрийг хэзээ ч шууд шингэн саван, хөөсөөр угаадаггүй бөгөөд эхлээд заавал тосон цэвэрлэгчээр /oil cleanser/ будгаа цэвэрлээд дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгчээр угаадаг байна.

5. Далдлалт
Нүүрний арьсыг гөлчийлгөж, арьсны нүхийг далдлах үйлчилгээтэй кремнүүд олноор үйлдвэрлэгдэж байгаа. Тэдний ихэнх нь найрлагандаа силикон агуулдаг. Силиконы үл үзэгдэх хальсан бүрхэвч нь арьсны дэгэн догон нүхийг дүүргэж өгдөг. Түүнчлэн гэрэл ойлгогч жижиг талстуудын тусламжтайгаар арьсыг өөгүй цэвэрхэн харагдуулдаг кремийг ч бүсгүйчүүд хэрэглэх дуртай байдаг.

Арьсаа өчүүхэн төдий ч нүхгүй байлгахыг мөрөөддөг, дэндүү туйлшрамтгай бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд харагдахтай үгүйтэй ганц хоёр нүхийг бөөн юм болгож стресстэхийн хэрэггүй, угаасаа бидний арьс цаанаасаа нүхтэй байх бүтэцтэй болохоор яах ч аргагүй. Харин хэтэрхий томруулахгүй байхад л анхаарч арьсаа сайн цэвэрлэж, зөв арчлах хэрэгтэй.

Сэтгүүл дээрх оддын шаазан шиг гөлгөр гөлчгөр арьс бол ердөө л фото зурагчдын ур чадвар.


Нүхжилттэй яаж тэмцэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.