ОХУ-ын уран гулгалтын залуу од Алина Загитова өчигдөр ХБНГУ-д болсон “Nebelhorn Trophy” олон улсын тэмцээнд эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр тэмцээнд төгс гэж хэлж болохоор гүйцэтгэл үзүүлж 79.93 оноо авснаар бусад өрсөлдөгчдөөсөө бүтэн найман оноогоор тасарч, тэргүүлсэн юм.
Алина Загитова энэ төрлийн өмнөх дээд амжилтыг Пёнчаны Өвлийн Олимпийн наадам дээр 82.92 оноогоор тогтоосон. Гэвч Олон Улсын Тэшүүрийн холбоо энэ оны дундаас эхлэн онооны шинэ систем нэвтрүүлснээр өмнөх дээд амжилтыг тооцохгүй болсон.
Загитова өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд 15 настайдаа оролцож, богино болон чөлөөт үзүүлбэрийн төрлүүдээс алтан медаль зүүсэн юм.