Голд мөнхөрсөн үерхэл /өгүүллэг/

1465809276_1n457r1qk7ake59dnj3j857rvi_b

Сэлэнгэ аймгийн нутагт орших Хараа голын элстэй тохой. Яг энэ газар Анхмаа Гангаатай анх танилцсан юм.1993 оны зуны нэгэн сайхан өдөр. Тэгэхэд Анхмаа дөнгөж долоотой. Харин Гангаа түүнээс хоёроор ах байсан юм.

Анхмаагийнх гэр бүлээрээ хотоос Сэлэнгэд дөнгөж шилжиж ирээд байсан үе л дээ. Анхмаа Гангаатай өдөржингөө элсэн тохойд тоглож наадан өнжинө. Шигүү бургас ургаж, цаашаагаа багашаархан ой  болон үргэлжлэх голын эргийн энэ л элсэн тохой чухамдаа Анхмаа, Гангаа хоёрыг тоглож наадан цагийг өнгөрүүлж бай гэж байгалиасаа заяасан юм шиг л. Ёстой эцэж цуцахыг мэдэхгүй зуны аагим халуун нартай өдөр ч тэр, тэнгэр бүрхэж бороо асгарсан өдөр ч ялгаагүй хүү охин хоёр хоёулхнаа хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Хамтдаа усанд сэлж. Модны навчаар завь хийн усанд тавьж. Бие биенийхээ нүцгэн биеийг харан ичингүйрцгээж. Бас шоолон инээлдэцгээж. Том болоод ямар хүн болох тухайгаа ярилцангаа халуун элсэн дээр биеэ шарцгааж. Аз жаргалтай хүүхэд нас аа гэж. Цаг хугацаа тэднийг хагацаж салшгүй найзууд болгосон юм.

Тийм ээ. Цаг хугацаа урсан өнгөрсөөр хүү охин хоёр өсч том болж, Анхмаа арван долоо, Гангаа арван ес хүрч, хэн хэн нь нас биед хүрлээ. Хар багаасаа үерхэж, нөхөрлөж өссөн залуус маань бие биедээ хайртай болжээ. Гангаа Анхмаагаа. Анхмаа Гангаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй тийм их хайраар хайрладаг байсан юм.

–          Анхмаа. Танай аав ээж хоёр чинь заавал хот руу нүүж яах гээд байгаан бол оо. Манай Сэлэнгэ нутаг сайхан нутаг шүү дээ

–          Аавын маань хүсэл юм байх аа. Аавын үг манай гэр дотор хууль шүү дээ. Анх манайхыг Сэлэнгэд нүүж ирэхэд манайх байдаг л нэг дундаж амьдралтай айл байсан. Харин энд нүүж ирснээр аавын газар тариалангийн бизнес амжилттай болж, аав одоо энэ нутагтаа байхгүй том баян боллоо шүү дээ. Нэгэнт аав санаснаа авч, сарвайсандаа хүрч чадсан болохоор насныхаа эцсийг хотод амьдарч өнгөрүүлэх юм байх өө. Ганц охиноо хөдөөний хүн болгож, амьдралыг нь баллахгүй гэж ярьдаг юм

–          Чамайг хотод очихоор чинь хотын залуус эргүүлнэ дээ

–          Санаа зоволтгүй дээ Гангаа. Би хотын баян, хээнцэр залууст нүүр тал өгөхгүй. Надад чи минь байхад болно. Найз нь өвлийн амралтаараа, бас зуны амралтаараа нутагтаа ирж. Тэгээд чи бид хоёр цагийг дахиад л хамтдаа өнгөрүүлэх болно. Надад чамаас минь өөр хэн ч хэрэггүй ээ

Намрын сэрүүхэн орой бие биедээ ухаангүй хайртай хосууд хар багаасаа тоглож өссөн Хараа голын элсэн тохой дээр тэврэлдэж суугаад ийн ярилцахыг тэнгэрт түгсэн оддоос өөр хэн ч сонсоогүй, бас хараагүй. Тэд нялх балчир цагаас найзалсан үерхэлдээ үүрд үнэнч байж, хоорондоо заавал гэрлэнэ гэсэн андгай тангаргийг тавьж модны навчин дээр фламастроор өөрсдийнхөө нэрийг бичээд Хараа голд хөвүүлсэн юм.

Ингээд салцгаахдаа хос залуус энэ хагацлаа тур зуурын хагацал. Бидний хайр дурлал, бидний аз жаргал тун удахгүй дахин үргэлжилнэ хэмээн бодоцгоож байлаа. Гэвч тэднийг урт удаан хугацааны хагацал. Нулимс. Зовлон хүлээж байгааг залуусын хэн нь ч энэхэн мөчид төсөөлөөгүй юм.

Анхмаагийнх хотод суурьшсанаар Сэлэнгэд газар тариалангийн бизнес эрхэлж хөлжсөн баян аав нь барилгын бизнест хөл тавьж улам ч томорлоо. Хагартлаа баяжсан баян аав охиноо хотын мөнгөлөг, баян залуутай суулгахаар шахаж, шаардах боллоо. Хэдийгээр Анхмаа аавдаа Гангаагийнхаа тухай нэг бус удаа учирлан хэлсэн боловч аав нь хөдөөний ядруухан залуугийн талаар ганц ч үг сонсохыг хүссэнгүй.

Өдөр ирэх тусам аавын шахалт шаардлага нэмэгдэж, улмаар их мөнгөний амтанд бялуурч, шуналдаа автсан ээж нь аавыг нь дэмжих болсноор Анхмаа яалт ч үгүй аавтай нь хамт барилгын бизнес эрхэлдэг нэгэн улс төрчийн хүүтэй үерхэж тоглохоос өөр аргагүй болсон байна. Улс төрд нөлөөтэй цаад эрхэм нь Анхмаагийн аавд Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэлийн газрын зөвшөөрөл олж өгч. Оронд нь ааваас нь хувь хүртдэг. Нэг ёсны бизнесийн түншүүд ажээ. Аав эртний хаадууд шиг газар дээрх ганц охиноо хамсаатныхаа хүүд найр тавин өгч, андын барилдлагаагаа улам бат бөх болгохоор шийдсэн хэрэг. Ядаж байхад ээж гэж нэг хүн мөнгө, эрх мэдэлд хэтэрхий шуналтаад аавыг дэмжсэн тул дөнгөж арван долоотой Анхмаа хорь гарсан хүүхнүүд шиг Би өөрийнхөө толгойг өөрөө мэднэ. Хэнтэй үерхэхээ та нараар заалгахгүй гэж эцэг эхийнхээ эсрэг зориглон дуугарч чадсангүй.

Улс төрчийн хүү Анхмаагаас ганц хоёрхон насаар ах. Түүнийг маш товчхон дүгнэж хэлэхэд бэлэн юман дээр туйлж өссөн, амьдралын ямар ч ухаан байхгүй, баян айлын эрх банди. Бас дээр нь ямаан омогтой, хэцүү ааш авиртай, уухаараа агсам гэж жигтэйхэн. Болоогүй охид бүсгүйчүүдийн. Ялангуяа хорь гарсан эгчмэд бүсгүйчүүдийн донтой гэж байгаа.

Улс төрчийн эрх танхи хүү анхандаа хайлсан тугалга шиг сайхан ааш зантай. Халамж хайр нь бялхсан залуу байлаа. Хөөрхөн төрсөн үзэсгэлэнтэй Анхмаад унан тусаж, гараас нь хөтлөн их хотын үнэтэй баар, ресторануудаар хэсч. Задгай дээвэртэй машинаар зугаалцгааж. Анхмааг Нээрээ энэ залуутай суучихвал зүгээр ч юм уу хэмээн өөрийн эрхгүй бодоход хүргэсэн юм. Тэр хотын залуусын дэгжин, хээнцэр амьдралд хэтэрхий умбаад нэг хэсэгтээ Гангаагаа ор тас мартаж орхисон байлаа.

Өвөл өнгөрлөө. Анхмаа амралтаараа Сэлэнгэ нутагтаа очсонгүй. Зуны амралт боллоо. Анхмаа бас л Сэлэнгэд очсонгүй.

Намар нь өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж балжинням, дашням давхацсан нэгэн нартай өдөр Анхмаа улс төрчийн эрх хөвгүүнтэй нижгэр хурим хийлээ. Тэгээд хуримын маргаашнаас амьдрал жинхэнэ утгаараа эхэллээ дээ. Багны цаадахь үнэн дүр төрх нь цухуйсан нөхөр нь Анхмааг хүн гэж тоолгүй өдөржин шөнөжин шоу цэнгээн, охид бүсгүйчүүд эргүүлэн алга болно. Харин нөхөртөө гомдож, сэтгэл нь хөрсөн Анхмаа хичээлдээ явахаас бусад үед гэрийн мухар сахиж, Гангаатай өнгөрүүлсэн аз жаргалтай хүүхэд насаа дурсан санагалзаж өдрийг өнгөрүүлнэ. Тэрний сэтгэл дотор Хараа голын хөвөөн дээр бургасан дотор Гангаатай нуугдаж тоглож байсан нь. Модны навчаар завь хийгээд хүслээ шивнээд голын усанд хөвүүлж байсан нь. Бас хамгийн сүүлд хагацахдаа өнөөх завин дээрээ фламастроор нэрээ бичээд. Үерхэлдээ үүрд үнэнч байхаа андгайлаад. Хос завь Хараа голын усанд далд орон ортол нь хоёулаа тэврэлдээд хойноос нь харж зогссон. Гангаагаас өөр хэнтэй ч гэрлэхгүй хэмээн андгай тангараг тавьж байсан үе нь төсөөлөгдөн бодогдоно.

Охид бүсгүйчүүд эргүүлэн зугаацаад алга болдог нөхөр нь эхэн үедээ шөнө дөлөөр согтуу орж ирээд зүгээр л унтаад өгдөг байсан бол аажимдаа агсам согтуу тавьдаг болж эхэллээ. Том улс төрчийн аагаа багтааж ядсан эрх хөвгүүн эхний удаа Анхмааг алгадаад авсан бол хоёр дах удаа гар хүрэхдээ зэрлэгээр үстэж байгаад зодсон байна. Ингэж зодохдоо Чи надад хайргүй биз дээ. Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй шүү дээ чи. Танай аав чинь манай аавын эрх мэдэлд нь болж чамайг надтай суулгасан. Манай аав байгаагүй бол чиний тэр эцэг чинь хэн ч биш байх байсан гэхчлэн элдэв хоёроор хэлж, доромжилжээ.

Гурав дах удаагаа агсам тавьж нүд ам, нүүр гарыг нь хөх няц болтол зодоход хөөрхий Анхмаа тэсэлгүй ээждээ хэлсэн боловч мөнгө, эрх мэдлийн амтанд орсон аав нь ээжийнх нь хэлсэн хүргэнийхээ талаарх гомдлыг төдийлөн ойшоосонгүй. Яг энэ цаг үе бол улс төрд орохоор бэлтгэлээ базааж эхэлсэн Анхмаагийн аавын хувьд худынх нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй тийм цаг үе байсан юм. Тиймээс нөхрөөсөө дутахгүй мөнгөний шуналд автчихаад байсан ээж нь хүргэнийхээ балмад авирын талаар худууддаа гомдол санал хэлж зүрхэлсэнгүй.

Анхмааг ээж аавынхаа гэрт гурав дөрөв хонож байхад баян айлын эрхээрээ хатсан нөхөр нь хүрч ирж Хайртыгаа уучил. Хайр нь дахиж хэзээ ч ийм тэнэг зан гаргахгүй гэхчлэн уйлан дуулан аргадсаар Анхмааг гэр лүүгээ авч харилаа. Гэвч гурав хонолгүй үүр шөнөөр согтуу орж ирлээ. Тэгээд Анхмааг хаусныхаа дээд давхрын шатан дээрээс түлхэж унагахдаа хэлсэн үг нь Би чамаас болж өөрийнхөө орон гэртээ хүссэн охид бүсгүйчүүдээ авчирж шоудаж чадахгүй байна. Чамаас болж дандаа буудлаар хэсч байна. Чи миний амьдралд шавар хаагаад байлгүй зайлаад өгөөч гэсэн үгнүүд байлаа.

Ямар ч ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн Анхмаа ухаан орохдоо эмчийн ярианаас өөрийнх нь нугас  тасарсан болохыг олж мэдсэн юм. Эмч аав ээж хоёрт нь ямар ч мөнгө. Ямар ч өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлэг тус болж чадахгүй. Учир нь Анхмаагийн нугасны гэмтэл анагаах ухаанд маш ховор тохиолддог төрлийн гэмтэл гэдгийг хэлсэн байна. Харин Анхмаагийн харгис нөхөр нь улс төрч аавынхаа зөвлөснөөр хэрэг намжтал гадаадад гарч, тэндээ амьдрахаар явжээ.

Нөлөө бүхий худ нь Хэрэг нэгэнт болоод өнгөрсөн болохоор чи бид хоёрын хэн нь ч охиныг хөл дээр нь босгож чадахгүй. Тэрний оронд би чамайг нам дотроо ч тэр, монголын улс төрд ч тэр маш том, нөлөө бүхий хүн болоход чинь бүхий л талаар тусалж дэмжье. Эхний ээлжинд шинээр баригдах усан цахилгаан станцын олон тэрбумын тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр ялуулна. Битгий гомдол санал, хэл ам гаргаач гэхчлэн ятгаж гарчээ. Аав харин хэд хоног бодлогоширсны эцэст улс төрч андынхаа саналыг хүлээж авахаар шийдсэн юм. Нөлөө бүхий худ нь хохирол барагдуулж байгаа нь энэ гэж зургаан оронтой тоогоор хэмжигдэх америк долларын хадгаламжийг хонконгийн банкинд Анхмаагийн нэр дээр байршуулж өгчээ.

Монгол оронд парламентын ээлжит сонгууль болж улс төрчид дээр дороо орон алалцаж байсан хаврын нэг өдөр Анхмаагийн аав тархинд нь бүтэн цус харваж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Энэ үед Анхмаа хонконгод ээжтэйгээ цуг эмчилгээ хийлгэж байсан юм. Аавынх нь ажил явдал дээр ирсэн эрдэм ном ихтэй, хижээл насны лам Анхмаагийн ээжид хандаж Сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн өрсөлдөгчдийнх нь зүгээс харын талын хүчтэй бөөгөөр хараал жатга хийлгэж дээ хэмээн хэлсэн байна. Ингэж энэ гэр бүл гэрийн эзнээ алдаж, ээж охин хоёр өнчирч хоцорсон юм. Гэвч Анхмаа аавынхаа үхэлд төдийлөн харуусаж, гашуудсангүй. Тэр аавыгаа ч тэр, ээжийгээ ч тэр тэгтлээ их сэтгэл дотроо багтааж, хайрлахаа болиод удаж байлаа. Анхмаагийн оюун бодол дотор зөвхөн Гангаа нь. Түүнтэй цуг өнгөрүүлсэн жаргалтай хүүхэд нас нь бодогдох болжээ.

Аавынхаа ажил явдлыг дуусгаад Анхмаагийн хүсэлтээр ээж охин хоёр Сэлэнгэ аймгийг зорилоо. Хуучин нутагтаа ирсэн өдрөө шууд л Гангаатай цуг тоглож наадан өнгөрүүлсэн Хараа голын элсэн тохойг зүглэлээ. Ээж нь суугаа болсон Анхмааг тэргэнцэр дээр суулган түрсээр элсэн тохой дээр ирэхэд нэгэн эрэгтэй хүн усны урсгал ширтээд цаашаа харан сууна. Анхмаа тэр хүнийг араас нь харангуутаа Гангаа хэмээн аман дотроо аяархан шивнэлээ. Гэвч цаашаа харан усны урсгал ширтэн суусан тэр хүн Гангаа биш. Харин Гангаагийн үеэл ах болох Ганбат байлаа. Ганбат ээж охин хоёрт эдний гэр бүл Сэлэнгээс нүүснээс хойш чухам ямар үйл явдлууд болж өнгөрсөн талаар нэгд нэгэнгүй ярьж өгсөн юм.

Хоёр жилийн өмнө Анхмааг аав ээжийгээ дагаад хот руу явснаас хойш Гангаа өдөр болгон яг энэ газар ирж удаан гэгч нь усны урсгал ширтэн суудаг байжээ. Хөөрхий залуу Анхмааг бодон гансарч суудаг байсан нь гарцаагүй. Эхэндээ Гангаа Анхмаагаас захиа ирнэ хэмээн өдөр хоногийг тоолон хүлээсээр байв. Гэвч намар дуусч өвөл болоход Анхмаагаас нэг ч захиа ирсэнгүй. Хэдий тийм ч гэсэн Гангаа өвлийн хүйтэнд ч ялгаагүй яг энэ газраа ирж мөстөж хөлдсөн Хараа голын мандлыг ширтэн зогсдог байсан гэнэ. Тэр Анхмаагаас захиа ирэхийг хүлээж ядаад өөрөө Анхмаад захиа бичин илгээх болсон ч Анхмаагаас ямар ч хариу ирсэнгүй. Харин хавар нь голын цөн түрж, мөс хагарах үеэр урд өдөр нь гэрээсээ гараад эргэж ирээгүй Гангаагийн эрэмдэг болсон цогцсыг Хараа голын яг энэ элсэн тохойгоос онцгой байдлынхан олжээ. Түүнийг тэр гэхийн тэмдэггүй болтол нь зэрлэгээр зодож алаад усанд живүүлсэн байв. Ганбат үеэл дүүгийнхээ алагдсан хэргийн учрыг олохоор хот орж, өдөр шөнөгүй хөөцөлдсөний эцэст Анхмаагийн аав шорон оронгоор олон жил явсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд захиалга өгч, дүүг нь хөнөөлгөсөн болохыг олж мэдсэн байна. Гэвч цагдаа хуулийнхан Ганбатыг зүйл бүрээр дарамталснаас гадна сэтгэцийн өвчтэй нутгийн нэг залууг мөн адил элдэв хоёроор хорьж, цагдан дарамталсаар энэхүү эзэнгүй хэргийг хүлээлгэж дөнгөжээ. Харин захидлын тухайд Анхмаагийн Гангаад. Гангаагийн Анхмаад илгээсэн захидлуудыг Анхмаагийн ээж нь шуудангийн ажилтнуудтай хуйвалдан, авилга өгч, дундаас нь устгадаг байжээ.

Хараа голын эрэг дээр голын урсгал ширтэн тэргэнцэртэй бүсгүй сууна. Тэрнийг гаднаас нь харсан хэн ч бүсгүйг хэн нэгэн хүнтэй ярилцаж суугаа гэдгийг тааварлаж үл чадна.

–          Чи намайгаа ямар удаан хүлээгээ вэ Гангаа минь

–          Хайр гэдэг чинь гал халуунаас гадна тэвчээртэй байдаг юм аа Анхмаа минь

–          Болж өнгөрсөн бүх зүйлд зөвхөн би л буруутай Гангаа

–          Өөрийгөө битгий буруутга хайрт минь. Чи энэ голын чимээг чагнаж байна уу

–          Чагнаж байна аа хайрт минь

–          Би чамайгаа хот явснаас хойш өдөр болгон энд ирдэг байсан. Голын чимээг сайн чагнах юм бол чи бид хоёрын хүүхэд насны нандин үерхэл сонсогдох ёстой шүү

–          Тийм ээ. Би сонсож байна. Чи бид хоёр голын бургасанд нуугдан тоглож байна. Бас усанд сэлж байна. Тэгээд бас модны навчаар завь хийгээд усанд хөвүүлж байна. Чи бид хоёрын хүүхэд нас ямар сайхан, аз жаргалтайгаар өнгөрөө вэ хонгор минь

–          Миний хайр балчир насны энэ л үерхэлээ үүрд дурсч яваарай. Харин том болсон хойноо гаргасан алдаа дутагдлуудаа дурсаж, зүрх сэтгэлээ шаналгах хэрэггүй ээ. Учир нь би чиний бүх л алдаа дутагдлыг аль хэзээний уучилсан

Зохиогч : Хүний мөс чанар мууджээ гэх яриа монгол оронд зах зээлийн нийгэм эхэлсэн тэр цагаас сонсогдох болсон юм. Намайг хүүхэд байсан наяад он. Эсвэл аав ээж нарын маань амьдарч байсан жар, далаад онд ийм яриа тэр бүр сонсогддоггүй л байсан даа. Өнгө мөнгөний нийгэм олон монгол хүнийг хүн биш болгож эвдэлсэн гэдгийг уншигч та хүлээн зөвшөөрөх эсэх нь таны л хэрэг. Энэ өгүүллэгийг бичих санаа баячуудыг магтан дуулж бичдэг сэтгүүл зүйн өвөрмөц, шинэ үзэгдлийг монголд анх удаа бий болгосон \”Соронз” сэтгүүлийг уншиж суухад толгойд анх орж ирсэн юм. Уг сэтгүүлээс монголын ард түмний хөрөнгийг ерэн хойноос хойш луйвардаж, элбэг хангалуун, сайн сайхан амьдралтай золгосон шинэ цагийн хөрөнгөтнүүдийн үр хүүхдүүд ёс юм шиг өөр хоорондоо гэрлэдэг өвөрмөц уламжлал тогтоод удаж байгааг харж болно. Чухам энэ өгүүллэгийг бичих санаа эндээс л төрсөн. Өнгө дагасан хайр өөдөлснийг сонсоогүй хэмээн нэгэн хамтлагийн хөвгүүд эвлэгхэн хоолойгоор дуулахыг сонсоод тэдний фэнүүд болох олон олон охид хөвгүүд сэтгэл дотроо ямар ч эд баялагийн өмнө өвдөг сөхөршгүй ариун хайрын тухай боддог нь дамжиггүй. Гэвч бодит амьдрал дээр хайр сэтгэл өнгө дагадаг цаг ирснийг өнөө цагийн баячуудын худ ураг бололцож буй жишээнээс бэлхнээ харж болохоор болжээ. Уг нь ХАЙР БОЛ АГУУ хэмээн хүн төрөлхтөн олон зууны туршид магтан дуулсаар ирсэн биш бил үү.


Голд мөнхөрсөн үерхэл /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex