Цагаан будаа нь хамгийн эртний хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд 5000 гаруй жилийн өмнөөс ургуулж иржээ. Амуу будаа, улаан буудай, шар буурцаг, арвай, цагаан будаа зэргийн таван ургамал Хятадын ариун судар бичигт 4000 гаруй жилийн өмнөөс тэмдэглэгдэн үлдсэн гэдэг. Цагаан будааны хэрэглээ нь голдуу Азийн орнуудад өдөр тутамдаа түгээмэл хэрэглэгдэх ба орон орны цагааны будаатай амтат хоолны жоруудаас сонирхуулъя.
ХЯТАД- ӨНДӨГТЭЙ БУДАА
Тус хоол нь хийхэд хялбар хэрнээ шим тэжээлтэй хоолны нэг бөгөөд үдээс өмнө эсвэл оройн хоолондоо бэлтгэхэд тохиромжтой.
Орц:
- Будаа- 150 гр
- Өндөг- 3 ш
- Сармис- 2 хумс
- Сонгино- 1 ш
- Ургамлын тос- 2хх
- Ногоон вандуй- 125 гр
- Шар буурцагны сүмс- 1 хх
Бэлтгэх арга:
1. Будаагаа 15-20 минутын турш буцалгана. Энэ үед будаа болсон байх ёстой. Дараа нь будааныхаа усыг нь асгаад будаагаа хүйтэн усанд сойно.
2. Саванд 3 ширхэг өндгөө хийн бага зэрэг хутгаад зөөлөн гал дээр тавина. Өндгөө биетэй болтол нь хуурах хэрэгтэй.
3. Том тогоонд тосоо халааж бэлтгэнэ. Дээрээс нь бяцалсан сармис, жижиглэсэн сонгино, чанасан вандуй нэмээд 1-2 минут хутгаад шараарай.
4. Үүний дараа тогоондоо будаагаа хийгээд хутгана. Мөн дээрээс нь өндөг, шар буурцагны сүмс, чимх давс нэмж өгнө. Сайтар холиод хоол маань бэлэн боллоо. Таваглаад сайхан хооллоорой.
ТАЙЛАНД- БАЗИЛИКТАЙ ҮХРИЙН МАХ
Тайландад үхрийн махыг будаатай зооглодог. Өвөрмөц амт оруулахын тулд яншуй нэмж өгдөг аж.
- Үхрийн мах- 240 гр
- Ногоон сонгино- 15гр
- Нимбэг- 1ш
- Сармис- 1 хумс
- Яншуй- 10 гр
- Улаан чинжүү- 1ш
- Базилик- 10 гр
- Соё соус – 25 гр
- Шар буурцагны сүмс- 100 гр
- Тахианы шөл- 1 ш
- Чихрийн нишингэ- 10 гр
- Крахмал /цардуул/ – 160 гр
- Слава будаа- 1 аяга
- Оливийн тос
Бэлтгэх арга:
1. Будаан дээрээ хүйтэн ус 1:1.5 харьцаатайгаар нэмж буцалгана. Тагийг нь тавиад 6-7 минут будаагаа бэлэн болтол агшаана.
2. Нимбэгээ том хэрчинэ. Үхрийн махаа нарийн жижиг зүсээд дээр нь нимбэг, шар буурцагны сүмс, 1/2 цардуул нэмээд хутгана.
3. Сонгиноо жижиглэж хэрчээд сайтар нухаж өгнө. Улаан чинжүүгээ нарийн хэрчээд сармистайгаа холино. Сармисан дээрээ 1/4 нимбэгний шүүс, элсэн чихэр нэмнэ. Ногоон сонгиноо том хэрчиж өгвөл зохимжтой. Үлдсэн цардуулаа тахианы шөлөндөө нэмээрэй.
4. Нимбэгээ тусад нь аваад үхрийн махаа хүчтэй гал дээр оливийн тосонд хийж 2 минутын турш шарна. Тасралтгүй хутгангаа сүмс, цардуул, хясааны цуу нэмээд буцалгана. Сонгино, базилик нэмж хутгаад гал дээрээс аваарай. Ногоотой үхрийн махаа будаан дээрээ тавиад жижиглэж хэрчсэн яншуй цацаад зооглоход бэлэн.
СОЛОНГОС- БИБИМБАП
Солонгос үндэстний будаатай хуурга буюу бибимбап нь солонгосын хамгийн алдартай хоолнуудын нэг юм. Уламжлал ёсоор бол гүн ёроолтой аяганд цагаан будаа, мах эсвэл далайн бүтээгдэхүүн, нарийн хэрчсэн ногоо, халуун ногоотой кочхужан гоймон, түүхий эсвэл шарсан өндөг зэргийг хийж өгдөг. Бүх зүйлсийг идэхийн өмнө л холино.
Орц:
- Цагаан будаа- 200 гр
- Үхрийн мах -150 гр
- Бууцай- 70-80 гр
- Лууван -1 ш
- Хулуу- 1ш
- Хар мөөг- 60-70гр
- Өндөг – 1-2ш
- Буурцагны соёолж- 50-70 гр
- Элсэн чихэр- 1-2 хх
- Гүнждийн тос- 1-2 хх
- Нунтагласан сармис- 1 хумс
- Буурцагны цуу Соё соус
- Халуун чинжүү- 2 хх
- Хар перц- тал цайны халбага
- Ургамлын тос
- Давс амталгаагаар
Бэлтгэх арга:
1. Цагаан будаагаа агшаана. Хэрвээ та хөц болон гурвалжин будаанд дуртай бол цагаан будааны оронд хэрэглэж ч болно.
2. Үхрийн махаа урт нарийхан хэрчээд буурцагны цуу, гүнждийн тос, элсэн чихэр, нунтагласан сармисандаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд лууван, хар мөөг зэрэг бусад ногоогоо урт нарийхан, эсвэл жижиглэн хэрчиж бэлтгээрэй. Махаа 30 минут амтлагчиндаа хийж дэвтээсний дараа махаа хуурна.
3. Харин одоо спинач буюу бууцайн навчаа давс, гүнждийн тос, хэрчсэн ногоон сонгино, хар перцээрээ амтлаад сайтар холино. Луувангаа зөөлрүүлэхийн тулд гүнждийн тос юмуу энгийн ургамлын тосонд зөөлөн гал дээр шарахдаа халуун ногоо, хар перцээр амталж болно.
4. Хулуугаа мөн лууван шарсан шигээ зөөлөн гал дээр болгоорой.
5. Харин буурцагны соёолжоо шарахгүй буцалж буй халуун усанд 5 минут хийж дэвтээн, давсаар амтлан, хүйтэн усанд сойх хэрэгтэй.
6. Соусаа бэлдэе. 2 хоолны халбага ус, 2 цайны халбага элсэн чихэр, цуу, сармис, халуун ногоотой амтлагч буюу гүчүжан хийж сайтар холино.
7. Харин одоо хүнхгэр тавганд агшаасан будаагаа хийгээд дээрээс нь мах, ногоонуудаа тус тусад нь өрж, тойруулан тавиарай. Хамгийн дээд талд нь нүдэлж шарсан өндгөө тавиад, бэлтгэсэн сүмсээ тойруулан асгаж өгөөрэй. Идэхдээ будаа, ногоо, мах болон өндгөө хольвол өндөгний шар болон сүмсний амт хоорондоо уусан, гайхалтай амтыг танд мэдрүүлэх болно.
УЗБЕК – ПЛОВ
Узбек, Тажик үндэстний уламжлалт хоол бол плов. Энэхүү хоолыг нэг амссан хүн салж чаддаггүй гэдэг.
Орц:
- Хонины мах – 1 кг
- Урт үрийн будаа – 500 г
- Том сонгино – 5 ш, бас нэг жижгийг
- Ургамлын тос – 200 мл (эсвэл хонины сүүлний тос байж болно – 200 г)
- Сармис – 2 толгой
- Том лууван – 4 ш
- Улаан чинжүү – 2 ш
- Давс, перец
- Хатаасан барбарис/нохойн хошуу – 1 х.х
- Ястай хар чавга – 8-10 ш
- Ясгүй хар үзэм – 150 г
Бэлтгэх арга:
1. Савандаа тосоо халаана. Тосондоо сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шараад гаргана. Сонгино хагас дугуй байдалтай, луувангаа урт савх хэлбэртэй 2-3 мм зузаан байхаар хэрчинэ.
2. Дээрээс нь луувангаа нэмж зөөлөртөл нь шарна. Ногоонуудаа жигд шарахын тулд сайтар холино. Лууван зөөлрөнгүүт нь ногооны холимгоо нэг саванд гаргаж тусад нь тавина.
3. Галаа нэмж дахин тос халаагаарай. Дээрээс нь дөрвөлжин хэрчсэн махаа (3-4 см) нэмж холино. Махаа бор өнгөтэй болтол нь шарна. Махнаас шүүс гарахгүй болтол нь шарахыг анхаараарай. Махан дээрээ шарсан ногоогоо нэмж хутгаад 3 минут орчим шарна.
4. 3 минут шарсны дараа буцалсан ус хийнэ. Саванд байгаа хоолны дээд талаас дээш 3 см орчим байхаар ус хийгээрэй. Улаан чинжүү, арилгаагүй толгой сармисаа бүтнээр нь тавьж дээрээс нь нохойн хошуу, хар чавга, давс, перец хийнэ. Энэ холимгийг зирвак гэнэ. Зирвакийг буцлаад эхлэнгүүт нь галаа багасган 40 минут жигнэнэ.
5. Зирвак болж байх хооронд будаагаа угаана. Зирвакаа амсаарай. Давс нь арай ихэдсэн байна уу гэмээр давсаа тааруулна. Будаанд илүүдэл давс шингэнэ.
6. Бэлэн болсон зирвакаас улаан чинжүүг гаргаад махан дээрээ будаагаа хийж тэгшилнэ. Зирвакийн шөл будаанаас дээш 2 см орчим байна. Будаагаа жигд болгохын тулд доор байгаа будааг болгоомжтой дээш гаргаж ирвэл зүгээр. Будааг хэрхэвч махтай хольж болохгүй. Махаа савны ёроолд түлчихгүйн тулд модон хутгуураар хөндлөн жижиг нүх гаргаарай, хоолны шөл харагдахгүй болонгуут галаа багасгаж таглана.
7. Үүнээс хойш 20 минут болоход үлдэгдэл шингэнийг будаа өөртөө шингээж будаа бүрэн болно. Будаан дээрээ үзмээ цацаад галаа бүр унтраана. Пловоо 20-30 минут орчим таглаатай хэвээр байлгавал илүү амттай болно. Зочдоо ширээндээ урьж таалан соёрхоно уу.