Ярилцлага авах гэж очоод тэргүүн хатагтай болжээ

iiiiiiii-770x591

1963 оны 11 сарын сүүлчийн нарлаг дулаахан тэр нэгэн өдрийг олон сая америкчууд төдийгүй нийт хүн төрөлхтөн мартдаггүй.

Даллас хотын төвөөр задгай дээвэртэй лимүзин машины арын суудал дээрээс өөрийг нь хайрладаг ард түмэнтэйгээ гараараа даллан мэндчилж, инээд алдан догдолж явсан эрийг хэдхэн секундын дараа цусанд будагдсан толгойгоо хайртай эхнэрийнхээ өвөр дээр шидлэн үхэтхийн унах юм чинээ цөөн тооны хуйвалдагсдаас өөр хэн ч төсөөлөөгүй нь лавтай.

Ердөө цаг хүрэхтэй үгүйтэй хугацааны дараа Америкийн төдийгүй дэлхийн хэвлэлүүдээр “Жон Кеннеди алагдав”, “Ерөнхийлөгч буудууллаа” гэсэн гарчигтай мэдээллүүд хөвөрч эхэлсэн түүхтэй.

Хэдийгээр АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай Жаклин Кеннеди энэ аймшигт мөчийн талаар хэвлэл мэдээллийнхэнд дурсан ярихаас дөлж зугатаасаар насыг барсан ч түүний дотнын найз бүсгүйдээ ам алдсан “Эхлээд би юу болоод байгааг огт ойлгоогүй. Гэвч бүх зүйл ингээд дууслаа гэдгийг хэдхэн хормын дараа шууд л ухамсарласан” хэмээх яриа түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Гаднаа даруухан, номын хөвгүүн. Харин дотроо агуу үйлсийг бүтээх суутан

1917 оны 5 сарын 29-нд Америкийн нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг болох улстөрч, бизнесмэн Жозеф Патрик Кеннедигийн гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо нийт америкчуудын төдийгүй дэлхийн олон сая хүний хувь заяаг өөрчилсөн цагаачлалын реформыг хэрэгжүүлэгч Жон Фицжеральд Кеннеди байлаа. Түүний өвөг дээдэс хэдэн үеэрээ Нэгдсэн улсын төлөө хүчин зүтгэсэн конгрессмэн, ахмад дайчин гээд дандаа сэхээтнүүд байсан юм.

Массачусетсийн Брүүклинд өсч торнисон Жон болон түүний ах дүү нар бүгдээрээ аав, ээжээсээ өвлөн авсан католик шүтлэгтнүүд. Тиймээс ч бяцхан Жон хүү уламжлалыг дагаж Гэгээн Айданагийн сүмд явж, тэндээ эрдэм номонд суралцаж хүүхэд насыг өнгөрүүлжээ. Нэг ёсны шашны ариун агаад хатуу дэг журмыг баримтлагч томоотой, номын хөвгүүний дүр зургийг эндээс олж харж болно.

Гэвч гаднаа номын царайлсан тэр бяцхан хөвгүүний сэтгэл дотор ирээдүйд ихийг бүтээх ямар агуу хүсэл мөрөөдөл, мөн өсч том болох тусмаа охид эмэгтэйчүүдэд улам бүр шохоорхон татагдах гоо зүйн нууцлаг өндөр мэдрэмж хослон бүтээгдэж байсныг хэн ч үл таана.

Төрөөд сар гарантай байхад нь библийн шашны уламжлал ёсоор загалмайлуулж, нэг ёсны сахил хүртээсэн хөвгүүнээ ааж, ээж хоёр нь эхлээд төрөлх хот Брүүклин дэх Эдвардын шашны дунд сургууль, дараа нь Брүүклиний дагуул хот болох Дедхамын хуулийн сургууль, мөн Декстерийн коллежид тус тус сургажээ.

Ингээд гэр бүлийнхээ уламжлалыг дагаж өндөр боловсрол эзэмшсэн залуухан Кеннеди эрийн цээнд хүрэх үед аав нь түүнд болон бусад хөвгүүддээ тун ч амжилттай яваа өөрийн бизнесийг өвлүүлэн үлдээхийг хүссэн байдаг. Патрик Кеннеди тэр үед нэлээд хэдэн салбар бизнест хөрөнгө оруулан хүч үзэж явснаас Уолл Стрийт дэх бизнес нь хамгийн амжилттай байлаа.

Гэвч эрдэм номын амтанд орсон өсвөр насны хөвгүүн Кеннеди боловсролыг илүүд үзэж дахиад хэд хэдэн сургуульд дараалан сурснаас Харвардад эзэмшсэн урлагийн бакалавр мэргэжил нь түүний намтар дахь хамгийн содон хэсэг болон үлджээ.

Чухам Харвардад сурч асан тэр үеэс л ах дүү Кеннедигийн царайлаг охид бүсгүйчүүдийг урдуураа зүгээр өнгөрүүлдэггүй дураараа зан эхлэлтэй гэдэг. Угаасаа нэр төртэй гэр бүлээс гаралтай, халаасандаа багагүй мөнгөтэй царайлаг залууг сонирхох эмэгтэйчүүд эргэн тойронд нь хангалттай эргэлддэг байсан тухай түүний намтарыг сонирхон судлагч сэтгүүлч, зохиолч нар бичиж үлдээснийг уншиж болно.

Америк бол Монгол биш. Агуу ард түмнийг хуурч мэхлэх амаргүй

Гэхдээ Жон болон түүний дүү Роберт нар зүгээр нэг охидоор зугаацагч “Playboys” төдийхөн байгаагүй юм. Боловсролтой, хүсэл мөрөөдөлтэй, залуухан, дэврүүн хөвгүүд агуу үйлсийг бүтээхийг мөрөөдөж байсны яруу тод илрэл нь Жон Кеннеди 1942 онд дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байхад сайн дураараа тэнгисийн цэрэгт элсэн орсон явдал. Тэр бүр 1940 онд дайн эхлэхээс өмнө цэрэгт явах хүсэлтэй байсан ч доод нурууны үе мөчний гэмтлээс болоод тэнгисийн цэрэгт тэнцэхгүй хасагджээ.

Шазруун зантай Жон нурууны гэмтлээ эмчлүүлж эдгээснийхээ дараа зориуд тэгэхээс тэгэх гэж тэнгисийн цэрэгт элсэн ороход нь түүгээр хамгийн их бахархсан хүмүүсийн нэг аав нь байсан нь дамжиггүй. Цэл залуу тэнгисийн цэрэг маань номхон далайд болсон нэг биш, нэлээд хэдэн байлдааны ажиллагаанд амжилттай оролцохдоо бага дэслэгч цол хүртсэнээс гадна багын дотно андыгаа өөрийн нүдэн дээр дайсны суманд өртөж үхэхийг үзсэн гэдэг.

Энэ бол эр хүн болохын төлөөх тэмцэл, бас эх орноо, ардчиллыг хамгаалж тулалдсан тэмцэл байлаа. Тиймээс тэр одоо ардчилсан Америкийн төлөө үг дуугарах, зүтгэх эрхтэй. Нэг ёсны улс төрд орох бэлтгэлээ хангачихлаа гэсэн үг.

Гэвч энэ залуу улс төрд орох бэлтгэлээ хангах нэрийн доор зарим баян айлын цагаан гартай эрх ханхүү нар шиг хоёрын хооронд цэргийн алба хаасан дүр эсгээгүй юм шүү. Тэр номхон далайд жинхнээсээ тулалдаж, бүр дайсны шумбагч онгоцыг сөнөөхийн тулд тропед пуужингаар гал нээх тушаалыг өөрийн биеэр өгч явсан гэдгийг мартаж болохгүй. Одоо бол тэр зүгээр нэг хөөрхөн охидоор зугаацагч эрх танхи “пацаан” биш, харин хат суусан эр хүн.

Түүний эрэлхгээр амь хайргүй тулалдсаныг нь үнэлж Номхон далайн тулалдааны одон, Тэнгисийн цэргийн корпусын медаль зэрэг арав шахам одон медалиар энгэрийг нь мялаажээ.

Хэрвээ Монголын улс төрд угсаа залгамжлан орогч эрх агиуд Кеннеди шиг ийм баатарлаг намтар түүхтэй байсан бол ард түмэн тэднийг хэрхэн өргөмжилж, хүлээн зөвшөөрөх байсан бол оо.

Харин Кеннедигийн баатарлаг атлаа даруухан намтар түүнийг дэлхийн номер нэг их гүрний улс төрийн тогоо руу өнгийхөд төдийлөн хангалттай биш санагдаж байлаа. Учир нь Америк бол Монгол биш. Энэ ард түмнийг хуурч, хулхидаж болдоггүй.

Эгэл жирийн америк хөвгүүд үй олноороо дайны фронт руу явж, зарим нь бүр үхэж үрэгдсэн байхад нэг муу баян айлын “банди”-ийн яаж эрэлхгээр тулалдсан нь тийм ч сонин гэж үү. Үүнийг сайтар тооцсон Жоны аав хүүгээ сэтгүүлч болгож, өөрийнх нь гараар PR-ыг нь хийлгэхээр шийдлээ. Жон аавынхаа найз Херстийн өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллах болов. Энэ нь түүнийг ирээдүйн уран илтгэгч болоход нь зохих хэмжээний нөлөөг үзүүлсэн гэдэг.

Ингээд 1952 онд Жон Сенатын сонгуульд өрсөлдөхөөр шийдлээ. Түүний эсрэг Бүгд найрамдах намын улстөрч Хенри Кабот зогсож байлаа. Өрсөлдөгчийнхөө эсрэг тэрээр “Кеннеди төрөлх Массачусетсийнхээ төлөө илүү ихийг хийж чадна” гэсэн уриатайгаар сонгуульд үзэж, 70 мянган сонгогчийн саналаар Хенри Каботыг нам тавилаа. Одоо тэр дэлхийн хамгийн хүчирхэг улсын парламентын гишүүн боллоо.

Амьдралынхаа анхны том ялалтыг байгуулсан залуухан эр хоёр жилийн турш нурууныхаа хуучин гэмтлийг эмчлүүлж, бас өдөр тутмын сонинуудад өгүүлэл бичсэн шиг цагийг өнгөрүүллээ. Зарим хүмүүс түүнийг хууль тогтоох байгууллагын ажилдаа бараг анхаарал хандуулахгүй байна хэмээн шүүмжилж байв.

Гэвч тэр энэ хугацаанд бодож, төлөвлөж байсан нь дамжиггүй. Ингэж бодож, бас бичиж суусныхаа үр шимийг амсаж 1957 онд сэтгүүл зүйн дээд шагнал болох Пулитцерийн эзэн болсон юм.

1956 он. Кеннеди Ардчилсан нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн  сунгаанд нэрээ дэвшүүллээ. Яг энэ үеэс тэрээр ирээдүйн агуу төлөвлөгөө болох цагаачлалын хуульд өөрчлөлт оруулж, реформ хийхэд уриалан дуудаж эхэлсэн юм.

Хэдийгээр эхний оролдлого нь амжилтгүй болсон ч төрөлхийн шазруун, зоримог Жон бууж өгсөнгүй. Тэр 1958 онд Сенатад хоёр дахиа сонгогдлоо. Хойноос нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө нам дотроо дахин нэг удаа сунгаанд оролцохоор шийдсэн юм.

Үр дүнд нь 1960 онд 43 настай залуухан эр Ричард Никсоныг ялж АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч боллоо.

Гадаад үзэмжээрээ Ерөнхийлөгч болчихдог хэрэг үү

Ричард Никсон яагаад Кеннедид ялагдсан шалтгааныг зарим судлаачид түүний гадаад үзэмжтэй холбон тайлбарлах нь бий. Илүү залуухан, хамаагүй царайлаг, бас эрч хүчтэй, дөнгөж 40 шүргэж яваа эрийг америкчууд илүүд үзсэн гэсэн үг. Ялангуяа эмэгтэй сонгогчид.

Дээр нь мэдээж түүний сонгуулийн сурталчилгааны туршид ярьж явсан “Америк орон дэлхийд хаалттай байх ёсгүй. Бид цагаачлалын бодлогоо эргэж харах цаг болсон. Америкт дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг боловсон хүчин, авьяаслаг хүмүүс цугларч байх ёстой” гэсэн зоримог, ухаалаг үгнүүдийг нэмэх хэрэгтэй.

Түүний энэ яриаг мэдээж унаган цагаан арьстнууд тааламжгүй хүлээн авсан нь ойлгомжтой. Тодруулж хэлвэл өөр шиг нь баян цагаанууд.

Гэвч 200 жилийн түүхтэй Америк орон өөрөө цагаач нараас үүсэн бий болсон улс гэдгээ ор тас мартаж чадна гэж үү. “Америк дэлхийд нээлттэй улс байх ёстой” гэсэн түүний үг олон сая сонгогчид таалагдсан учраас л түүнийг Ерөнхийлөгч болгосон юм. Харамсалтай нь энэ түүхэн зоримог төлөвлөгөө зарим нэгэн нөлөө бүхий хүмүүст огтхон ч таалагдахгүй байсан байж болох. Хүчирхэг Ерөнхийлөгч амьдралынхаа сүүлийн мөчүүдэд эхнэртээ ямар үгийг ахин дахин хэлсэн талаар доор өгүүлэх болно.

Хоёрхон жилийн хугацаатай АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан хэдий ч Кеннеди энэ богинохон хугацаанд хангалттай адал явдлыг туулсан түүхтэй. Карибын хямрал буюу Зөвлөлт холбоот улстай цөмийн дайн дэгдээх шахсан үйл явдлыг уян хатан дипломатын бодлогоор намжаахаас эхлээд цагаачлалын реформоо хийхийн тулд Бүгд найрамдах намын төдийгүй өөрийн намын хуучинсаг үзэлтэй олон улстөрчдийг ятган зөвшөөрүүлэх гэж тэр багагүй зовлон туулсан. Ядаж байхад зөвлөлтүүд өөрсдөөс нь урьтаж сансар луу Юрий Гагариныг нисгэсэн нь түүнд бас л багагүй дарамтыг үзүүлсэн нь мэдээж.

Дээр нь хорвоогийн сая сая эрсийн шүтээн болсон Мерилин Монротой нэр холбогдож, өнөөх нь учир битүүлгээр амиа алдсан, бас бус олон арван жүжигчин, дуучин, мисс бүсгүйчүүд гээд Америкийн Ерөнхийлөгчийн адал явдал дуусашгүй. Тэр тоолонд хэвлэл мэдээллийнхэн түүний тухай элдвээр бичиж, өдөр алгасалгүй өдөөн хатгасаар л байлаа.

Энэ их бужигнаан дунд түүний авааль эхнэр, тэргүүн хатагтай Жаклин тэр хоёрын харилцаа хөрж, хөндий болсныг. Ёстой л нөгөө буруу харж уйлж, зөв харан инээн байж олны нүдэн дээр аз жаргалтай хосуудын дүр эсгэж жүжиглэдэг байсныг нас барснаас нь хойш хэвлэгдсэн нэг бус ном зохиолд дурдсан байгаа.

Ярилцлага авах гэж очоод тэргүүн хатагтай болжээ

Харин Ерөнхийлөгчид хүү, охин хоёр төрүүлж өгсөн тэргүүн хатагтайн хувьд тэрээр Америкийн дундаж сэхээтэн давхаргаас гаралтай нэгэн юм. Францын утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй Жаклин нэгэн сонинд мэргэжлээрээ ажиллаж байх үедээ дотнын найзуудынхаа зуучлалаар ирээдүйн төрийн тэргүүнтэй танилцсан гэдэг. Зарим эх сурвалжийн баталдгаар Жаклин, Кеннедигээс ярилцлага авахаар хувцасны шүүгээнийхээ хамгийн гоёмсог даашинзаа өмсөөд явж очсон аж.

Өөрөөс нь 12 насаар дүү залуухан бүсгүйг “охидын зүрх сэтгэлээр тоглогч” Кеннеди мэдээж сонирхохгүй өнгөрнө гэж юу байхав дээ. Тэдний харилцааг жирийн л нэг харилцаа байсан хэмээн зарим нь баталдаг.

Гэвч Жон, Жаклиныг бусад бүсгүйчүүдийн нэгэн адил зүгээр нэг зугаацаад хаячихалгүй эхнэрээ болгон авч үлдсэн шалтгааныг илүү алсын зорилготой байсан хэмээн тайлбарладаг хүн олон бий. Дундаж сэхээтэн давхаргаас гаралтай, намтар түүх нь элдвийн сэв толбогүй энэ бүсгүй ирээдүйн тэргүүн хатагтайн гол дүрд яагаад тохирохгүй гэж. Залуухан, үзэсгэлэнтэй, боловсролтой, бас ухаалаг.

Чи миний өмссөн хувцсыг анзаарах ёстой

Хэдийгээр ард түмнийхээ болон дэлхий нийтийн нүдэн дээр аз жаргалтайгаа хосуудын дүрээр харагдаж байсан ч хөшигний цаана Жон, Жаклин хоёрын хувийн амьдрал аль хэдийнэ сүйрчихээд байсныг түрүүн хэлсэн. Тэдний намтар түүхийг судлаач нэгэн сэтгүүлчийн бичсэн сонирхолтой дурсамж бий.

Нэг удаа Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайн хамтаар олон хүн оролцсон хүлээн авалтанд оролцох ёстой байж л дээ. Тэгээд яг хүмүүс цугласан танхим руу явж ордгийн даваан дээр Жаклин нөхрөөсөө “Чи миний өмссөн хувцасны талаа ямар бодолтой байна” хэмээн асуух нь тэр. Ингэж асууна чинээ санаагүй Ерөнхийлөгч эхнэр лүүгээ харан хуурамчаар инээмсэглэж “Би чиний юу өмссөнийг чинь ёстой анзаарсангүй шүү. Сая л чамайг хэлэнгүүт харлаа” хэмээн хэлж.

Үүнд нь дургүйцсэн Жаклин, Ерөнхийлөгч нөхөртэйгээ хэрүүл хийгээд зогсчих нь тэр. Арга ядсан тойрон хүрээлэгчид нь хосуудыг аргадаж тайвшруулах гэж багагүй ажил болсон бөгөөд арай гэж нэг юм олон зочид цугласан танхим руу тэднийг хамтад нь юу ч болоогүй мэт царай гаргуулан оруулж чадсан аж. Иймэрхүү явдал Америкийн түүхийн хамгийн алдартай төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёрын хооронд байнга шахуу өрнөж байсныг батлах хүн нэгээр тогтохгүй.

Тиймээс ч нөхрийгөө буудуулж нас бараад удаагүй байхад Жаклин Грекийн алдартай тэрбумтан Онасистай гэрлэсэн нь цаанаа учиртай биз ээ. Жон Кеннедигийн хувьд үзэсгэлэнтэй, бас алдартай эмэгтэйчүүдээр зугаацах нь нэгэн зохиолчийн бичсэнчлэн зүгээр л нэг аяга кофе уухын дайтай амархан ажил төдий байсан гэх.

Цагаач нарт боломж олгосноор үхлээ дуудсан уу

Харин түүний тоолж баршгүй олон амрагууд дотроос эхнэр нь төдийгүй тэргүүн хатагтай болон мөнхөрсөн Жаклин өөрийн ганган хээнцэр хувцаслалт, биеэ авч явах донж маяг, үсний гоёмсог засалт зэргээрээ 1960-аад оны Америкийн төдийгүй Европын нийгэмд том тэсрэлт, цоо шинэ тренд болж чадсаныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэр цагийн бүсгүйчүүд Америкийн тэргүүн хатагтайг дуурайн үсээ засуулж, өмссөн даашинз, хүрэм, туфлитэй нь яг адилхан биш ч аль болох ойролцоог худалдан авч өмсдөг нэг төрлийн үзэгдэл үүссэн гэж хэлж болно.

Ийнхүү дуулиантайгаар америкийн ард түмэн төдийгүй дэлхий нийтийн өмнө байгуулсан гавьяатай амьдарсан Жоны үхлийн шалтгааныг одоо болтол илрүүлж чадаагүй ч нийт америкчуудын талаас илүү хувь нь хайртай Ерөнхийлөгчийгөө улс төрийн хүрээний эрх мэдэл бүхий хүмүүсийн хуйвалдааны золиос болсон гэж үздэг аж.

Магадгүй түүний байгуулсан хамгийн гол гавьяа болох “Цагаач, нохой хоёрыг орохыг хориглоно” хэмээн үүдэн дээрээ биччихээд зогсдог байсан зожиг, хаалттай Америк орныг дэлхийд нээлттэй Америк болгон хувиргасан цагаачлалын реформ нь зарим нэг эрх мэдэлтэй хүмүүст огтхон ч таалагдаагүй гэдгийг дахин хэлье.

Гэхдээ ганц Жон Кеннедигээр энэ гэр бүлийн үхлийн цуврал дуусахгүй. Хүү Жон Кеннеди ЖР нь 1999 онд онгоцны ослоор, мөн ах дүүс гээд нэг бус хүн өөр бусад шалтгаанаар амиа алдсаныг нь зарим хүн энэ гэр бүлд хэзээ нэгэн цагт хэн нэгэн хараал хийсэн байх хэмээн тайлбарладаг л даа.

Жон Кеннеди ЖР-ын эгч Каролайн Кеннеди аав болон нагац ах Робертынхоо улс төрийн карьерийг амжилттай үргэлжлүүлсэн юм. Тэрээр саяхныг болтол АНУ-аас Япон улсад суух элчин сайдын албыг нэр төртэй хашсаныг хэлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар түр хугацааны амралт эдэлж байгаа Каролайныг цаашид улс төрд ямар сонирхолтой алхам хийхийг Америкийн олон нийт анхааралтай ажиглаж байгаа.

Нэг талаас баатарлаг, нэр төртэй, нөгөө талаас азгүй ч гэмээр намтар түүхтэй энэ гэр бүлийн үр удам тасрах болоогүй.

Эцэст нь хэлэхэд дэлхийн сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн шилдэг лид буюу гарчигаар “Жон Кеннеди алагдав” гэсэн гуравхан үг шалгарсан байдаг. Эдгээр гурван үгний урд, хойно “Ерөнхийлөгч”, “бусдын гарт харамсалтайгаар” гэх зэрэг шальдир булдар үнэ цэнэгүй үг огт байгаагүй гэх юм билээ.

Зүгээр л “Жон Кеннеди алагдав”, тэгээд буудуулан унаж буй гэрэл зураг нь. Яагаад гэвэл дэлхий энэ нэрийг тэртээ тэргүй андахгүй шүү дээ. Мэдээжийн зүйлийг нуршиж, дэлгэрүүлэх шаардлагагүй. Харин энэ хүчирхэг гэр бүлийн тэртээгээс өдийг хүртэлх түүхийг бүхлээр нь ярина гэвэл дэндүү их дэлгэрүүлэх хэрэгтэй болно.

Агуу Ерөнхийлөгч амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд “Намайг цааш нь харуулах байх” хэмээн тэргүүн хатагтайд аминчлан хэлсэн гэх.

Эх сурвалж: Tusgal.mn


Ярилцлага авах гэж очоод тэргүүн хатагтай болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.