ИНТЕРНЭТЭЭР ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДҮҮЛЭХ ШИНЭ ТӨРЛИЙН ӨВЧИН

7d2b5adbfe64ec45eee15c2053497fe2

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар өсвөр насныхан сэтгэцийн эмгэгт өртөх нь ихэсч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд бичжээ.

Үүнд мэдээж хотожсон нийгэм, өнөөгийн соёл иргэншил нөлөөлж байгаа нь ойлгомжтой ч яг ямар асуудлууд өсвөр үеийнхний сэтгэлийг тэгтэл их зовоодог вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл мэргэжлийн сэтгэцийн эмч нар нэг хотоос нөгөө хот руу нүүж, шинэ сургуульд орох, мөн дунд сургуулиа төгсөж, их сургуульд орох зэрэг нь өсвөр үеийнхний стресст өртөх, улмаар сэтгэцийн өөрчлөлтөд орох хамгийн гол шалтгаан гэдгийг хэлж байна.

Нэг ёсны орчин өөрчлөгдөх энэ шалтгаан нь үеийнхэнтэйгээ үл ойлголцох, өөрийгөө голох, бусадтай харьцуулах, мөн бусдын дарамт шахалтанд орох гэх мэт олон хэцүү даваа нугачаатай өсвөр насны охид, хөвгүүдийг учруулдаг аж. Амьдралын сайн муутай дөнгөж танилцаж эхэлж байгаа залуухан хүүхдүүд эдгээр бэрхшээлийг яаж даван туулах арга барилаа олдоггүй учраас зүгээр нэг стрессдээд зогсохгүй хүнд дарамтанд орж, зарим нь үүнийгээ тэсвэрлэлгүй сэтгэцийн эмгэгт өртдөг байна.

Гэхдээ эдгээрээс дутахгүй өсвөрийнхнийг сэтгэцийн өөрчлөлтөд оруулж байгаа хүчин зүйл нь интернэт буюу сошиал орчин юм. Ялангуяа өсвөрийнхөн интернэт орчинг өөрийгөө бусдаар өрөвдүүлэх хэрэгсэл болгон ашиглах үзэгдэл ихэсч байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

“Аав, ээж хоёр маань салчихсан. Би өнчин учраас мөнгөгүй ядуу”, гэх буюу “Надад утасны хэдхэн нэгж шилжүүлээч” гэх мэт мессэжүүд интернэтээс тасрахаа байсны гол эзэд нь таны хүү, эсвэл охин гэдгийг сэтгэцийн эмч нар сануулах боллоо.

Хамгийн аюултай нь ингэж олон нийтийн хэрэгслийг ашиглан өөрийгөө өрөвдүүлж, амар хялбар аргаар хэрэгцээгээ болгох муу занд суралцах нь аажимдаа сэтгэцийн нэг төрлийн эмгэг болж хувирч байгаад хэргийн гол учир байгаа юм.

Учир нь өөрийгөө бусдаар өрөвдүүлж амьдрах энэ үзэгдлийг сэтгэц судлалын шинжлэх ухаанд нэг төрлийн эмгэг хэмээн үзэж, сүүлийн жилүүдэд анхааралтай судлах болжээ. Өрнөдийн сэтгэл судлаач нарын үзэж байгаагаар сул дорой мэт харагдаж, бусдаар өрөвдүүлэх энэ эмгэг нь өсвөр насныханд илүүтэй ажиглагдаж байгаа гэнэ.

Зарим өсвөр насны охид, хөвгүүд ахин дахин бусдаар өрөвдүүлсээр байгаад сүүлдээ өөрийг нь хүмүүс тоохгүй байгааг ч анзааралгүй нөгөө нэг өрөвдүүлэх тактикаа хэрэглэсээр байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь тактик гэхээс илүүтэй эмгэг хэлбэр лүү орж байгаа нь тэр. Энэ эмгэг нь эцэс сүүлдээ намайг хэн ч тоосонгүй, би гадуурхагдлаа хэмээх хоосон хардалт, өвчний хэлбэрт шилждэг талтайг ч сэтгэцийн эмч нар аль хэдийнэ тогтоожээ.

Япон, АНУ зэрэг зарим орнуудад интернэт орчинг ашиглан бусдаар өрөвдүүлж, энэ аргаараа хоолныхоо мөнгө, утасны нэгж зэргийг хялбархан олж, бүр нэг биш, нэлээн хэдэн жилийн турш гэрээсээ гаралгүй амьдарсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Мэдээж эдгээр тохиолдлын эзэд нь бүгд өсвөр насныхан байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Тиймээс ийм маягаар интернэтийг ашиглан бусдаар өрөвдүүлээд юу ч хийхгүй амьдраад байж болох юм байна гэсэн буруу үлгэр дуурайл ид цэцэглэж яваа залуу үеийнхний дунд газар авбал энэ нь ямар хор хөнөөлтэй болохыг хэлэх нь илүүц биз.

Мэргэжлийн сэтгэцийн эмч болон сэтгэл судлаач нар танд хүүхдээ интернэт, сошиалаас хол байж, нийгмийн амьд харилцаанд оролцох боломжийг нь олгож өг гэсэн ганцхан товч зөвлөгөөг өгч байгааг эцэст нь хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: WHO.int, Psychcentral.com


ИНТЕРНЭТЭЭР ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДҮҮЛЭХ ШИНЭ ТӨРЛИЙН ӨВЧИН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.