Яаж “юм юмандаа” сайн болох вэ?

ddba4be871d7b947c5d94618b0a041e8

Бид мэднэ ээ. Итали хоол ч хийгээд сурчихмаар, герман хэл ч сурчихмаар, одооныхоосоо илүү хувийн зохион байгуулалттай болмоор, орчуулгын чадвараа сайжруулмаар гээд л…

Чамд өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Гэхдээ бүгдийг нь нэг дор сурах боломжгүй. Тиймээс аажим аажмаар нэг нэгийг нь сонгож аваад сурсан нь дээр.

Хоол хийх, хэл сурах, спортоор хичээллэх, удирдах чадвараа хөгжүүлэх зэрэг нь бүгдээрээ өөр өөр нэртэй. Гэхдээ л бүгдийг нь хийж сурах арга зам, шат дараалал яг ижилхэн. Хэрэв чи нэг л зүйлийг дараах шатуудын дагуу төгс эзэмшчих юм бол, дараа нь юуг ч сурах зорилт тавьсан учраа амархан олно.

Өдөр бүр жижигхэн зорилт тавь. Бид чинь ямар ид шидтэн, эсвэл тохиргоог нь секундын дотор өөрчилчихөж болчихдог робот биш дээ? Нэг өдрийн дотор цоо шинэ хүн болно гэж байхгүй. Тэр ч байтугай, 7 хоног, 1 сарын хугацаа ч аливаа зүйлийг бүрэн дүүрэн эзэмшмж, өөртөө “нутагшуулах”-ад хангалтгүй. Тиймээс өөртөө ямар нэг зорилго тавиал, түүндээ хүрэхийн тулд өдөр бүр жижиг алхмуудыг хийгээд байвал, нэг л өдөр өөрөө ч мэдээгүй байтал чи түүнийг сурчихсан байх болно. Жишээ нь чи уран илтгэх чадвар эзэмших зорилго тавилаа гэж бодъё. Тэгвэл өдөр бүр олон хүний өмнө гарч үг хэлэх боломжийг алдахгүй байх хэрэгтэй. Нүүр хагарахын тулд танихгүй хүмүүстэй ярилцаж үзэх, эсвэл хэн нэгэнд дэлгүүрийн барааг сонгоход нь тусалж чиний үг яриа бусдад хэрхэн нөлөөлж байгааг шалгах зэрэг өдөр бүр л ямар нэг өчүүхэн ахиц дэвшлийг гаргаад байгаарай.

Алдаа гаргасан даруйдаа анхаарал хандуул. Хүний тархины чадамжинд хийсэн судалгаанаас үзэхэд бид алдаа гаргаснаа мэдсэн даруйдаа 0,25 секундын дараа нэг бол алдаандаа нухацтай анхаарал хандуулдаг, эсвэл алдаагаа үл тоомсорлож эхлэдэг гэдэг нь батлагджээ. Алдаагаа гаргасан даруйдаа чухалд тооцон хүлээж авдаггүй хүмүүс, дараа нь үүнийгээ ойлгосон ч дутагдлаа засч чаддаггүй гэнэ. Тиймээс алдаа гаргасан л бол юуг сайжруулах ёстойгоо тэр дор нь ухамсарлаж, 2 минутыг ч болов тэр тухайгаа бодоход зарцуулах хэрэгтэй.

Том зорилгоо нууцла. Нью Йоркийн Их Сургуульд 2009 онд хийсэн судалгаагаар өөрийнхөө хамгийн том зорилгыг олон хүнд дэлгэрэнгүй яриад байвал, түүндээ хүрчихсэн юм шиг мэдрэмж төрж санаа амардаг гэдэг нь тогтоогдсон. Үүнийг зохиолчид ч батладаг. Бичих гэж байгаа романыхаа бүх утга санааг сайн найздаа урьдчилаад яриад өгчихвөл, түүнийгээ биччихсэн юм шиг санагдаж сэтгэл ханадаг учраас нухацтайгаар үргэлжлүүлэхээ больдог гэлцдэг. Мэдээж ямарваа зүйлийг биелчихсэн юм шиг төсөөлөх нь сайхан, тэгэх ч хэрэгтэй. Тэгвэл биелэх магадлал илүү өндөрсөнө. Гэхдээ түүнийхээ талаар их олон хүнд, дэлгэрүүлж ярих хэрэггүй.

Ажиллах орчноо энгийн байлга. Бид чинь тав тухтай байдалд дуртай хүмүүс. Гэхдээ тухтай орчинд байх тусмаа тайвширч, тархинд “Зүгээр ээ, чи хийчихсэн ш дээ” гэдэг дохио очдог. Сайхан газар байх тусмаа хүн хичээл зүтгэл гаргах нь багасах хандлагатай байдаг. Тиймээс ямар нэг зүйлийн төлөө хичээллэхдээ энгийн, цэвэрхэн орчныг сонгоорой.

Ахиц дэвшлийнхээ талаар бусадтай хуваалц. Хамгийн гол зорилгоо нууцлах хэрэгтэй ч, өөртөө гарсан ахиц дэвшлийн талаар бусадтай хуваалц. Тэгвэл чамд урам зориг орохоос гадна, бусдын туршлагаас ч бас мэдэж авах боломжтой. Мөн өөрийнхөө сурсан зүйлийг бусдад зааж өгөх явцдаа чи тэр мэдлэгээ давхар давхар баталгаажуулж, өөртөө суулгаж байгаагаас өөрцгүй. Юм нэхэж сурвал найздаа зааж өг, германаар дуу сурвал маргааш нь найздаа дуулж өг, менежментийн шинэ арга барил сурсан бол хамт олонтойгоо хуваалц. Энэ бол юуг ч сурсан, заавал хэрэгжүүлэх ёстой үе шат юм.


Яаж “юм юмандаа” сайн болох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.