Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган амьдралынхаа 44 жилийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай холбожээ. Жүжигчин, дуучин, найруулагч. Түүнийг урлагийн салбарын бүх ажлыг хийж үзсэн хүн гэлтэй. Тэрбээр өдгөө “Улаанбаатар” чуулгын зөвлөх найруулагчаар ажиллаж буй.
Л.Эрдэнэбулган найруулагчийн өрөөнд ороход “Монголын нууц товчоо” баримтат уран сайхны киноныхоо судалгааны ажлыг эмхэлж байв. Түүнчлэн “Үхэж үл болно-Чингис хаан” киноны хоёрдугаар ангийг хийх талаар хүмүүстэй уулзаж, дурсамж номоо бичих гээд өөртөө ажил ундруулсаар сууна.
Түүний үнэт цагаас хомсолж, амьдрал, аз жаргалынх нь замаар хамтдаа хэсэг алхлаа.
-Энэ зун та ямар ажил амжуулав. Уран бүтээлийн олз омог их үү?
-Ямартаа ч зүгээр суусангүй. Тал, тал тийшээ ажил хөөцөлдөж гүйлээ. Мөн нутаг орондоо очиж, сайхан амраад ирлээ. Ганц, хоёр уран бүтээл хийх санаатай, зохиол, санхүүжилтийн талаар хүмүүстэй ярилцаж байна.
-Таны ширээн дээр байгаа “Монголын нууц товчоо”-нд гардаг дүрүүдийн жагсаалт хамгийн түрүүнд сонирхол татлаа?
-Их том ажил бүтээх хүсэлдээ хөтлөгдөөд л сууж байна. “Монголын нууц товчоо”-гоор баримтат уран сайхны бүтээл хийх гээд судалж, эмхэлж цэгцэлж байна. Энэ бол найман настай балчраас наян настай буурлуудад зориулсан бүтээл болох ёстой. Монголыг сонирхон судалж байгаа гадаад, дотоодын эрдэмтэн, мэргэдэд ч гарын авлага болох талтай.
Монголчууд ямар түүхийг туулж ирсэн, ямар ахуй соёлтой улс вэ гэдгийг залуу үеийнхэн маань ойлгох ёстой. Хүүхэд ахуй цагаас нь “Монголын нууц товчоо”-г мэдрүүлж, оюун ухаанд нь суулгаж чадвал төр түмнийхээ төлөө зүтгэх сэтгэлтэй монгол хүмүүсийг бэлтгэчихлээ гэж ойлгож болно.
-“Монголын нууц товчоо”-г монголчууд төдийгүй гадныхан хүртэл судалж, хэсэгчлэн авч кино хийж байна. Та бүрэн эхээр нь барьж авчээ?
-Уран бүтээлч хүний мөрөөдлийн романтик сэтгэл дээрээ тулгуурлаад, бодож санасан бүхнээ ажил хэрэг болгочих юмсан гээд л сууж байна. Сэдсэн ажлыг маань дэмжиж туслах хүмүүс олдоно гэдэгт найдаж байна.
Бид Монгол гэдэг их гүрний иргэн байхын тулд “Монголын нууц товчоо”-гоо гаргууд сайн мэдэрч эхлэх хэрэгтэй. Нэг удаа уншаад ойлгочихдог зүйл биш шүү. Би олон удаа уншсан хэрнээ сайн ойлгохгүй л сууна.
Бид гадны юмыг дэндүү их биширдэг. Гэтэл бид яриад байгаа гадныхнаасаа хамаагүй агуу түүхтэй улс шүү дээ. Би “Монголчууд бол Ази тивийн цээжин дээр учиртай орон зайг эзэлж төрсөн ард түмэн” гэж боддог.
Орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшилттэй нөхөрлөж, түүнийг эх орондоо нэвтрүүлж болно. Дэлхий дээр шинээр гарч ирж буй зүйлсийг авч хэрэглэхээс татгалзах хэрэггүй. Гэхдээ бид Монголоороо байх ёстой. Сурсан бүхнээ өөрийн орны зан заншил, ахуй, соёлд тохируулж хэрэглэдэг хөгжил дэвшлийн зам мөрийг олж хармаар санагддаг.
Төрийн үйл ажиллагаа Жамуха, Тэмүүжин хоёрын түвшинд явагдаасай гэж би боддог. Зөрчил, эв нэгдэл нь ч ил тод. Эв нэгдэл нь ард түмэнд хүндлэгдэж, дээдлэгдсэн байх ёстой. Түүнд би уран бүтээлээрээ хувь нэмрээ оруулах болно.
-Цаг хугацаа их шаардах байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Байхгүй юмыг ч бий болгох шаардлага тулгарна. Болж өгвөл түүхэн газруудад нь зураг авалтаа хийх юмсан гэж хүсч байна. “Монголын нууц товчоо”-нд 390 гаруй дүр гардаг. Тэр болгоны онцлог шинж, зан аашийг гаргаж ирэх хэрэгтэй.
-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ?
-Нэлээд хэдэн байгууллагад санал тавьсан. Хүмүүс надад итгэдэг юм. Хамгийн гол нь тэр хүмүүсийн өмнө тавих зүйл маань үнэн, эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой. Тиймээс хүмүүстэй уулзаад зүгээр нэг ярих биш, тэдний өмнө бодитой зүйл тавихыг хүсч байна.
-Таныг гуйлга гуйгаад явж байна гэсэн яриа хүртэл гарсан. Уран бүтээлийн төлөө хандив, тусламж хүсэхийг гуйлга гэж ойлгох нь өрөөсгөл санагдах юм?
-Зах зээл сайн хөгжсөн орнуудад менежмент гэдэг чухал зүйл байдаг. Монголд тийм зүйл байдаггүй учраас би өөрөө яваад байгаа юм. Аливаа ажлыг сэдсэн хүн нь өөрөө явахгүй бол хэн явах вэ. Үүнийг хөндлөнгөөс харсан хүмүүс харааж, ерөөж л байдаг.
Надад итгэл хүлээлгэсэн хүмүүс хийсэн зүйлийг маань үзэж, үнэлэлт дүгнэлтээ өгдөг учир хөндлөнгийн хүний яриа огт сонин биш. Би тийм зүйлд эмзэглэдэггүй.
Миний амьдрал мөнхийн жаргалттай
-Уран бүтээлийн хажуугаар дурсамжаа бичээд л. Бичиг цаасны ажил ихтэй байгаа бололтой?
-Би Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт манаачаас нь дарга хүртэл бүх албыг хашлаа. Хамгийн олон буюу 20-иод жил найруулагчаар ажилласан. Жаргал, зовлон хосолсон, ойлгох, эс ойлгох холилдсон, сонирхолтой он жилүүдийг өнгөрөөжээ. Сайхан хүмүүстэй хамт олон болж, ахмадуудаасаа алтан сургаалийг нь сонсож, үеийн нөхөдтэйгөө хамтран ажиллаж, загнаж, загнуулж олон оныг үдсэн болохоор дурсах, санах зүйл бас байна.
Хэсэг залуу уран бүтээлч миний тухай ном бичиж байгаа. Тэд их өвөрмөц, сайн сайхан, орчин үеийнхний таалалд нийцсэн хэлбэрээр бичиж байгаа юм билээ. Гэвч хүний дотоод ертөнцийг өөр хүн мэдэж, мэдэрч юм хийнэ гэдэг амар биш. Өөрөө бичвэл би ямар хүнд буян үйлдэж, ямарт нь нүгэл хийснээ арай илүү мэдэх болов уу.
-Дурсамж номын тань нэр их сонин юм?
-“Тойлоо, Эрдэнэбулган хоёрын яриа”. Би хүүхэд ахуй цагтаа Тойлоо гэдэг нэртэй байсан юм. Орос хүн эх барьж авсан учраас Толя гэдэг нэр хайрласан юм билээ. Манайхан түүнийг нь монголчлоод Тойлоо болгосон. Хожим гадаадад сургуульд явах гээд нэрээ Л.Эрдэнэбулган болгож өөрчилсөн юм.
Энэ хоёр хүний ярилцлагыг бичих санаатай л сууж байна. Гэтэл би энд нэг юман дээр гацчихдаг юм. Монголын ард түмэн хүнийг нэг хайрлахаараа ер бусын сайхнаар дээдэлж, итгэл өгдөг. Тэр итгэлийг даана гэдэг айхтар утга учир, агуулгатай.
Монголын ард түмэн намайг Баатар ван хэмээн хүндэлдэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн, төрийн шагналт зохиолч С.Удвал гуай хоёр энэ эрхэм нэрээр хүндлүүлэх алдар хүндийг надад өгсөн. Би тэдэнд насан туршдаа баярлаж явна. Энэ агуу хүндлэл, хайрыг нуруун дээрээ, оюун ухаандаа авч явна гэдэг амаргүй. Залуу байхад надад энэ нь төвөгтэй ч юм шиг санагдах цаг мөч байсан. Хаа нэг зүггүйтэх гэхээр хэн нэгэн “Баатар ван дэггүйтэж байна” гэвэл яана.
Энэ эрхэм алдрыг гутаахгүй юмсан гэж цаг үргэлж боддог. Үүнээс шалтгаалаад “Эрдэнэбулган аа, хийж байгаа бүх зүйл чинь үнэн байх ёстой. Хүнийг хуурч болохгүй. Хүмүүс чамд итгэл хүлээлгэсэн бол даалгасан ажлыг нь өөрт байгаа боломжийнхоо хэрээр хийж өгөх ёстой шүү” гэж өөртөө сануулдаг. Энэ нь эргээд миний амьдралын утга учир болдог. Хэрэв надад худалч байх сэтгэл байдаг бол ард түмний хүндлэл түүнийг зүлгэн баллуурддаг.
-Эхээс төрсөн Л.Эрдэнэбулган, амьдралаас бий болсон Л.Эрдэнэбулган хоёрыг хооронд нь үг хаялцуулж, тэдний зөрчил тэмцлийг гаргаж ирэх нь ээ?
-Тийм. Их сонин юм байна. Би Тойлоо нэртэй хориод жил явахдаа огт эвдрээгүй байжээ. Би хөдөөний хүүхэд. Тиймдээ ч эр хүн шиг хэлэх юмаа хэлдэг. Хийх зүйлээ хийдэг. Дэггүй үедээ дэггүй. Хүмүүжилтэй бол хүмүүжилтэй. Цог, золбоотой эр хүн байжээ.
Эрдэм ном үзэх тусам санаа сэтгэл хөгжиж, сайхан, муухайг эргэцүүлэхийн зэрэгцээ сэтгэл зүйн олон талын өөрчлөлт гардаг юм байна. Би өмнө нь чөлөөт иргэн байсан бол хот маягийн эр хүн болж, хов живийг сонирхож эхлэх жишээтэй.
–Амьдралд тохиолдох жаргал, зовлон хүний зарим зан чанарыг эвдэж, нөгөөг нь засч залруулдаг гэдэг. Эргээд харахад, амьдрал таны төрөлх зан чанарыг эвдэж үү?
-Би Л.Тойлоо байхдаа хурц, сэргэлэн цовоо эр байсан. Л.Эрдэнэбулган болсноос хойш хүлцэнгүй болсон. Хэлэх гэсэн юмаа залгичихдаг. Нэг талаас хүмүүжиж байгаагийн шинж байх. Энэ хүмүүжлийг би өөртөө шингээж авах хэрэгтэй байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Тойлоо малчин хүн. Уурга чирээд, өргөн тал дундуур давхиж явсан хийморьлог эр. Харин Л.Эрдэнэбулган бол эрдэм номын мөр хөөж, болж өгвөл хүнээс дутахгүй хэмжээнд байх юмсан гэдэг хүсэлд хөтлөгдөөд явж байгаа хот газрын хүн. Энэ л замаар хөгжиж дэвжиж, ертөнцийн сайхан юмыг үзэж харж, тэрхүү хөгжлөө эх орондоо чадлынхаа хэрээр үзүүлэхсэн гэсэн хүн болж хувирсан байна.
-Тэгвэл ямар нэгэн зан чанарыг тань засч залруулсан тал байна уу?
-Үгээ жаахан барьдаг л болчихож. Цаг үе нь тийм байсан юм даа. Өнгөөр илэрхийлэх юм бол нийтдээ саарал өнгөнд орчихсон үе.
Би найруулагчийн сургууль төгсөж ирээд, хамгийн анх “Севилийн үсчин”-г найруулан, тайзнаа тавьсан. Тайзны шийдлийг өглөө нар мандахдаа улаан ягаан туяатай, орой жаргахдаа улаавтар өнгөтэй байхаар бодож хийсэн. Уран сайхны зөвлөл түүнийг үзээд “Хэзээ нар мандахдаа ягаан байсан юм” гэж шүүмжилсэн. Хариуд нь “Ертөнцийн өнгө хязгааргүй. Үүр тас хараар цайж болно шүү дээ” гээд хэлчихсэн чинь айхтар буруудаж, тал талаас их мэрсэн. Би түүнээс болж хохироогүй л дээ. Нэг ажлаа давтан хийж, хэд дахин шалгуулах л хэрэг гарсан. Хүн иймэрхүү зүйлээс сүүлдээ төвөгшөөж эхэлдэг юм билээ.
Бид улаан туг бариад жагсаж явна гэж бодвол сэтгэлийнхээ илэрхийлэл болсон, бусдаас арай өөр, тод улаан туг бариад олныхоо дунд алхаж явах нь илүү өлзийтэй юм байна гэж бодох болсон.
Харин одоо яагаад “Монголын нууц товчоо” гээд яриад сууж байгаа юм бэ гэвэл миний төрөлхийн зан ааш үүгээр дамжин гарч ирж байгаа юм болов уу.
-Танд зовлонтой санагддаг байв уу?
-Би зовж байсан гэж хэлэх дургүй. Миний амьдрал мөнхийн жаргалтай байсан. Одоо ч жаргаж байна.
Эхээс төрөөд 13 хонож байхад минь намайг айлд өргүүлсэн учраас би хоёр ээж, аавтай болсон. Жаахан байхад өргөсөн ээж, удалгүй төрсөн эцэг, эх хоёр маань бурхны оронд одсон. Ингээд яривал зовлон зөндөө. Гэхдээ би надад зовлон байхгүй, байгаа ч үгүй гэж боддог. Зовлон хүнийг амьдралд илүү идэвх, сонирхолтой болгож өгдөг. Харин уйлах, дуулахаас эхлээд сэтгэлийн хямрал бол байсан.
-Л.Тойлоо, Л.Эрдэнэбулган хоёр юун дээр хамгийн их зөрчилдөв?
-Тэнэгэр сайхан тал нутагт амьдарч, өөрт байгаа хамгийн шилдэг мориндоо эмээлээ тохоод, өглөө бүр нар мандахыг адууныхаа захаас харах шиг аз жаргалтай мөч үгүй. Бусдын ахуй амьдралын хэв загварыг өөртөө наачихаад явж байх л хамгийн эмгэнэлтэй.
Би хоёр төрийн нүүр үзсэн хүн. 18 нас хүртэл “би” нь хамгийн гойд гоц байжээ. Түүнээс хойш “би” нь арай л даруухан болчихож.
Эр хүн хатуу, зөөлөнг даадаг
байх ёстой
-Сэтгэлийн гуниг гутралаас өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ?
-Зүрхний дуулал гэж байдаг. Энэ бол дуучны ажил биш. Хүн бүр зүрхэндээ дуулдаг юм. Айхтар хуйларсан хар үүл зүрх болоод толгой дээгүүр эргэлдэж байснаа дуулахаар ор мөргүй алга болж, тэнгэр цэлмэх шиг болдог. Би өөртэйгөө ярьж л бараан өнгөтэй юм бүхнийг цайруулдаг.
Арван хэдтэйдээ эмээтэйгээ хоёулхнаа амьдардаг байлаа. Эмээгээ бурхан болоход уйлж л байсан. Гэвч гутарч гуниагүй. Эмээгээ хөдөөлүүлчихээд, зулаа бариад, гэрээ тойроод л алхаж явсан. Өмнө нь би эмээгээрээ хэлүүлж байж судар номыг нь бариад, гэр тойрдог байлаа. Харин тэгэхэд би хэнээр ч хэлүүлэлгүй, эмээгийнхээ зааж өгсөн ёс жаягаар гэрээ гурав тойрчихоод орж ирж байсан юм.
-Тэр дууг үгээр илэрхийлбэл?
-Харамсалтай нь, би яруу найрагч биш. Яруу найрагч байсан бол мөн ч гоё хэлэх байсан даа. Өөрийнхөө хэмжээнд үгээр илэрхийлвээс үүр цайхтай л адилхан юм болов уу даа.
-Жаргалтай үед зүрх бүр гоё дуулдаг биз?
-Зовохоосоо жаргах нь их хүнд байдаг юм болов уу. Хүн жаргалд ташуурчихдаг. Жаргал дааж, эдлэх гэдэг их хэцүү. Зовлонд хүн улам чангарч, боловсорч, эрч хүч олж авдаг.
Яагаад ч юм, дөчин настайдаа дөнгөж амсаж, тавин настайдаа тавьж ууж, жаран настайдаа жаргаж, далан настайдаа далбайтал ууна гэдэг миний амьдралд биеллээ олсон юм. Жаргал сархадтай холбоотой байдаг бололтой. Жаргал, сархад хоёр нийлэхээрээ хүнийг аваад явчихдаг талтай. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй.
-Өнгөрүүлсэн он жилүүдийнхээ хуудсыг эргүүлээд сууж байхад таны амьдралд ямар өнгө давамгайлсан байх юм?
-Би их олон өнгөтэй амьдралыг туулсан. Би цэв цэнхэр өнгийг хамгийн их эрхэмлэдэг. Тиймээс ч миний амьдрал энэ л өнгөн дээр тогтож, өнөөдрийг хүрсэн.
-Амьдрал хүссэн өнгөнд орохгүй байх тохиолдол байдаг шүү дээ?
-Хэцүү л дээ. Гэхдээ энэ бүхэн надаас л шалтгаална.
-Хүн хэмээх эрхэм алдрыг зүүгээд далан гаруй жилийг ардаа үджээ. Хүн бүр эрх дураараа амьдрал руу тэмүүлдэг. Та тааваараа амьдрах орчноо бүрдүүлж чадсан уу?
-Бодож санаснаа чөлөөтэй хийж бүтээх орчинг одоо л бүрдүүлэх гээд явж байна. Хүмүүс эрх чөлөө гэж их ярьдаг. Харин би эрх чөлөөг арай өөрөөр ойлгодог. Юм хийх гэж бодож, хүсч явах замд хэн нэгэн саад болохгүй болсон тохиолдолд л эрх чөлөөг мэдрэх болно. Тийм эрх чөлөөг би одоо л мэдэрч байна.
-Таныхаар эр хүний ноён нуруу гэж юуг хэлэх вэ?
-Хатуу, зөөлөнг даадаг. Аливаа юманд өөрийн байр сууринаас хандаж чаддаг. Бусдын үгийг дагаж дэвхэрч, цовхчоод байдаггүй ёс зүйг л хэлнэ дээ.
-Өөрөөсөө илүү хайрлаж, нандигнадаг хүмүүсээ юугаар баян байлгахыг хичээдэг вэ?
-Гэр бүл болон хамт олон дундаа дарамт болохгүй юмсан гэж их боддог. Нөгөө талаар адилхан хүн учраас тэдэнд аливаа юмыг тулгаж болохгүй. Найруулагчийн хувьд хүмүүсийг захирах үйлдлийг голлож хийдэг. Гэвч захирах, ажил хийлгэх хоёр тусдаа үйлдэл.
Ажлаа хийж байхдаа ч, гудамжинд зогсож байхад нь ч дарамт үзүүлж болохгүй. Хүнийг чөлөөтэй, боломжтой цаг мөчид нь төвөг учруулахгүй байх нь чухал. Би тийм л байхыг эрмэлздэг.
-Ямар ч цаг үед танд огт дутагддаггүй зүйл юу вэ?
-Өөрөө өөрийгөө эзэмдэх чадвар. Аливаа ажлыг эрүүл ухаанаар хийсэн тохиолдолд хожим хариуцлага хүлээх болсон ч өөр хэн нэгэнд буруу өгөхгүй. Эрүүл бус ухаанаар хийсэн зүйлийнхээ төлөө бусдыг хоморголон татдаг явдлыг би үзэн яддаг.
-Л.Тойлоо Л.Эрдэнэбулганаас асуулт асуух бүртээ хариултыг нь сэтгэл дотроо төсөөлдөг л байх. Л.Эрдэнэбулган түүний бодсоноос тэс өөр хариулт өгөх тохиолдол гарав уу?
-Удахгүй гарна. Тэрийг миний бичиж байгаа номноос л олж мэдэх боломжтой.
-“Үхэж үл болно-Чингис хаан” киноны хоёр, гуравдугаар ангийг хүлээсэн хүн олон байна лээ?
-Би энэ талаар нэг их ярихаа больсон. Зөв ярихаар буруу, буруу ярихаар зөв бичээд байдаг юм. Нөгөө талаар, аливаа үйл ажиллагаа асар том реклам сурталчилгаа гэдэг зүйл дээр тогтдог цаг үед бид амьдарч байна. Хийж буй зүйлээ бусдад ойлгуулж, мэдрүүлэхийн тулд хийсэн реклам нь хааяа худал хуурмагийн талбай болчихдог талтай. Бид реклам хийх учраа олохгүй байгаа учир хүмүүст буруу, зөрүү ойлголт өгч байна. Энэ нь надад аймшигтай биш ч төвөгтэй санагддаг. Үүнээс шалтгаалаад би жаахан чимээгүй болчихоод байгаа.
Би хийх ёстой юмаа хийнэ. Гэвч түүнийгээ урьдчилан зарлах албагүй. Чин үнэнээсээ бүтээе гэсэн хүнд юм бүхэн амаргүй. Бүтээхийн тулд тодорхой бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэй болдог. Би давж гарна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Эх сурвалж: “Өглөөний сонин”