Английн Прентон /Беркенхэд хотын дагуул хот бөгөөд Ливерпүүлээс 30 минут явж очдог/ хэмээх жижиг хотод хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудад тохиолдож болох мөрөөдлийн гэмээр үйл явдал болжээ.
Тус хотод орон нутгийнхны бахархал нь болсон “Транмер Роверс” хэмээх баг байдаг юм байна. Дөрөвдүгээр лигт тоглодог энэ багийн хөгжөөн дэмжигч бяцхан жаалхүү хайртай багтайгаа үргэлж хамт байгаа мэт орчин бүрдүүлэхийг мөрөөдөж байгаагаа аавдаа хэлжээ. Аав нь харин хүүгийнхээ хүсэлтийг сонсоод маш төгс гэмээр засвар хийж, хүүгийнхээ өрөөг тохижуулж өгсөн байна.
Ингэснээр өрөө нь өмнөхөөс эрс өөр болж, жинхэнэ хөлбөмбөгийн орчин бүрджээ. Өрөөний хананд “Транмер Роверс” багийн домогт тоглогч Жонни Кингийн “Амжилт гаргана гэж амлаж чадахгүй ч сар руу хийх аяллыг харин амлаж чадна” /үргэлж сонирхолтой, үзүүштэй байх болно гэсэн утгатай/ хэмээх үгийг бичиж, доор нь багийн өмсгөл бүхий ханын шилэн хорго байрлуулжээ. Мөн багийн бэлгэ тэмдэг, ороолт, малгай гэх мэтийг байрлуулж, түүхэн тоглолт, амжилтыг харуулсан гэрэл зураг бүхий зурагт хуудаснуудаар чимэглэсэн байна.
Аз жаргалдаа умбасан хүүгийнхээ зургийг ээж нь олон нийтийн сүлжээнд нийтэлж, хоромхон зуурт 4000 гаруй хүнд таалагдаж, 1000 гаруй хэрэглэгч ретвийт хийжээ.
Хүүгийн өрөөнд орсон хэн ч эзэн нь ямар хүн болохыг төвөггүй мэдэж болохоор болсон гэнэ.
Хүү багийнхаа жинхэнэ улаан фанат бөгөөд нээлттэй хаалганы өдөрлөгөөр нь байнга аав, ээжтэйгаа хамт очдог байна.
Тэрээр нэг охин дүүтэй бөгөөд харамсалтай нь дүү нь Дауны өвчтэй ажээ. Гэсэн ч бяцхан охин ахыгаа дагаад хөлбөмбөгт маш дуртай гэнэ.
Монголынхоо сайхан аав нарт ч энэ жишээнээс суралц, хүүхдээ баярлуул гэж хэлэхэд гэмгүй мэт ээ.
Eagle.mn