Хумсаа галбиржуулцгаая!

Дөрвөлжин, дугуй, дөрвөлжиндүү зууван — хумсны аль хэлбэр хамгийн гоёмсог гэдгийг бүсгүй чи өөрөө л сонгоно. Гэхдээ хумсны хэлбэр гарын хэлбэртэй зохицох тусмаа л сайхан харагддаг гэдгийг санах хэрэгтэй.

Хүн бүрийн хумс байгалиас заяасан хэлбэр, онцлогтой. Урт хуруутай мөртлөө өргөн толиотой хумстай гар байхад, богино хуруутай богино толиотой хумстай гар ч бий. Хумсанд дөрвөлжин, зууван, дөрвөлжиндүү зууван, дугариг, шовх гэсэн 5 үндсэн засалт байдаг. Ямар гаранд ямар хэлбэр зохихыг яаж мэдэх вэ?

1.Зууван
Зууван хэлбэрийн хумс ихэнх бүсгүйчүүдийн гаранд сайхан зохидог. Учир нь ийм хумс гарыг эмэгтэйлэг бөгөөд, ялдам, зөөлөн харагдуулдаг. Ямар ч урттай хумсыг зууван болгож засаж болдгоороо онцлог. Мөн зууван хэлбэрийн хумс нь хумсны өөрийн уртыг нэмэгдүүлж харагдуулдаг давуу талтай. Хумсыг зууван болгож засах нь нэг талаараа ярвигтай. Учир нь жаахан л алдаа гаргачихвал хумсны хоёр тал тэнцвэргүй харагдаж эхэлдэг. Тиймээс эхлээд хумсны хоёр талыг тэгшитгэж шулуун болгож хэрэгтэй. Тэгээд хумсны хоёр талаас дээш орой хүртэл нь зөөлөн, нумарсан хэлбэрээр хөрөөдөж засна.

2.Дөрвөлжин
Энэ бол уламжлалт Франц маникюрт зориулсан засалт бөгөөд хумсан дээрээ нарийн чимэглэл, гоёо хийлгэх үед энэ хэлбэрийг сонгох нь түгээмэл. Гэхдээ зарим төрлийн толионд дөрвөлжин хумс тийм ч зөв сонголт биш байдаг. Хэрэв төрөлхийн толио нь богино юм уу өргөн бол, дөрвөлжин хэлбэрийн хумс сайхан харагддаггүй гэмтэй. Улам навтгар, богинохон, болхи харагдуулж орхино. Харин урт толиотой хумсыг дөрвөлжин засалт нь улам урт, гоёмсог харагдуулна. Дунд зэргийн хөрөөгөөр хоёр тал, болон орой хэсгийн талыг шулуутгаж хөрөөднө. Хөрөөгөө хумстайгаа препендекуляр шугамд бариарай. Дараа нь үүсгэсэн хурц өнцгөө мөлийлгөхийн тулд хөрөөнийхөө өнцгийг өөрчилж налуу болгоно.

3.Дөрвөлжиндүү зууван
Энэ бол хамгийн түгээмэл хэлбэрийн нэг. Уламжлалт дөрвөлжин хумсных шиг хоёр тал нь урт шулуун хирнээ орой хэсэгтээ дугариг, зууван хэлбэртэй хумсыг ингэж нэрлэнэ. Ийм засалт нь бүх төрлийн хумсанд зохидог. Богино, өргөн толиотой хумсыг ч хүртэл оворыг нь нэмэлгүйгээр, уртасгаж өгдөг. Ийм хэлбэрийг гаргахын тулд эхэлж хумсаа дөрвөлжин маягаар засна. Дараа нь хөрөөгөө хумсныхаа өнцөгний доохно байрлуулж байгаад, урагш хойш хөдөлгөж засна.

4.Дугариг
Энэ бол хамгийн хуучны, уламжлалт загвар. Дугариг хумсанд гарын хэлбэр тун чухал үүргийг гүйцэтгэдэг. Том гар, өргөн толиотой гаранд дугариг засалт харин ч гарны өргөнийг нарийсгаж аятайхан харагдуулдаг. Энэ засалтыг гаргахын тулд хумсныхаа хоёр тал орой хоёрыг тус тусад нь хөрөөдөх шаардлагагүй. Хоёр талыг нь доороос нь хөрөөдсөн чигтээ орой руу нь дугуйруулж гулгуулахад л болно. Хоёр талыг нь ээлилж хөрөөдөхгүй бол, нэгийг нь засчихаад нөгөөг нь түүнтэйгээ ижилсүүлж засахдаа хэтрүүлчихэж магадгүй. Хурууны өндөгнөөс жаахан л илүү гарсан урттай байхад болно.

5.Шовх
Шовх засалт нь Оросоос гаралтай бөгөөд Зүүн Европоор түгээмэл тархсан аж. Гэхдээ барууны болон азийн орнуудад тийм ч түгээмэл биш. Учир нь шовх засалт нь дугуй, зууван засалтуудаас илүү зориг шаардсан хэлбэр юм. Богино хуруутай, богино хумстай бүсгүйчүүд шовх засалтаар хумсаа янзалбал илүү урт, нарийхан харагддаг. Харин угийн урт нарийхан гарыг шовх засалт улам үзэсгэлэнтэй, сүмбэн харагдуулах нь бий. Хумсныхаа угнаас дээш оройныхоо тэг дунд хүртэл ташуу шугамаар хөрөөдөөрэй. Мөн л хоёр талаас нь ээлжилж хөрөөдөхгүй бол тэгш биш хэмтэй харагдаж мэднэ.


Хумсаа галбиржуулцгаая!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.