Селин Дионы амьдрал ба хайр дурлал

Селин Дионы жинхэнэ нэрийг Селин Мари Клодет гэдэг. Тэрбээр Канад улсын Шарлемань хэмээх жижигхэн хотхонд хөгжимчин ээж аавтай 14 хүүхдийн хамгийн бага нь болж төржээ. Амьдрал нь баян чинээлэг байгаагүй ч бүгд бие биендээ хайртай бас урлагт дуртай хүмүүс байв.

Селин багаасаа дуулж эхэлсэн аж. Эцэг эх нь жижигхэн баар ажиллуулдаг байсан агаад амралтын өдрүүдээр таван настай Селин ах нартайгаа цуг тэрхүү бааранд дуулдаг байжээ. Энэ туршлага хожим Селинд маш их хэрэг болсон юм.

Дионыг авьяастай, гайхалтай хоолойтой гэхээс гадна бас азтай дуучин гэдэг. Түүний дуучны замнал маш хурдтай бараг саад тотгоргүй дээшилсэн гэхэд болно. Анхны амжилтаа Селин Японд болсон залуу хөгжмийн зохиолчдын уралдаанд түрүүлснээ нэрлэдэг. Тэгэхэд авьяаслаг охин маань ердөө арван тавтай байлаа. Тавхан жилийн дараа дуучин бүсгүй олон улсын “Евровидение” уралдаанд түрүүлснээр түүний нэр алдар Европд танигдаж эхэлсэн аж.

Алдарт Майкл Жексоны тоглолтыг үзсэнийхээ дараа 16 настай Селин өмнөө тэр агуу дуучин шиг алдартай болох зорилго тавьсан гэдэг. Тэгэхийн тулд юуны өмнө гаднах төрхөндөө анхаарал тавих шаардлагатай байлаа.

Мелиныг сургуульд байхаас нь л цус сорогч гэж хочилдог байв. Учир нь түүний хоёр соёо урт агаад нилээд урагшаа түрсэн хэлбэртэй байсан гэдэг. Дэлхийн хэмжээний од болохын тулд англи хэлтний өөрөөр хэлбэл англи америкийн рок попын зах зээл дээр гарах шаардлагатай байдаг. Үүний тулд Мелин англи хэлээ сайжруулах хэрэг гарчээ.

Ингээд 1991 онд Селин Пибо Брайсонтой хамтран дуулсан “Үзэсгэлэн гоо ба араатан” хүүхэлдэйн киноны дуугаараа Америкийн урлагийн гол хоёр шагнал болох “Оскар”, “Грэмми” хоёрыг зэрэг хүртсэн юм. Харин 1997 онд дэлгэцнээ гарч 1,8 тэрбум долларын орлого олж кино урлагийн түүхэнд байгаагүй рекордыг тогтоосон “Титаник” киноны амжилтыг шүүмжлэгчид Селины дуулсан дуутай холбодог.

“Титаник” киноны саунд трак болох “My Heart Will Go On” дуу нь Селин Дионы нэр алдрыг дэлхий дахинд тамгалсан билээ.

Селин Дионы энэ үсрэнгүй амжилтыг түүний продюссер Рене Анжелилтай холбодог. Арван хоёр настай Селин анхныхаа дууг зохиосон байжээ. Ээж болон ах нь хөгжмийнх нь чимэглэлд туслан тухайн үед алдарт гараад байсан францын дуучин Жаннет Клотьегийн пянзан дээрээс продюсер Рене Анжелилийн нэрийг хараад хаягаар нь уг дуугаа хуурцганд бичээд явуулсан байна. Гэтэл хариу ирэлгүй уджээ.

Селины том ах Рене Анжилил руу өөрөө утасдан “Та хуурцгийг сонсоо ч үгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв та сонссон бол тэр даруй холбоо барих байсан юм” гэж гомдоллож орхижээ. Рене Анжилилтай хүн болгон ингэж яриад байдаггүй болохоор тэрбээр гайхсандаа уг хуурцгыг сонссон гэдэг. Тэгээд л тэр даруйдаа Дионых руу залгасан аж.

Ингээд маргааш нь Селины ээж охиноо дагуулсаар Рене дээр иржээ. Охины дуулахыг сонсоод олон дуучинтай ажиллаж үзсэн продюсерын нүдэнд нулимс цийлгэнэсэн байлаа. Арван хоёрхон настай эв хавгүйхэн гаднах төрхтэй охины дуулахыг сонсоод өмнө нь дэлхийн хэмжээний од зогсож байна гэдэгт Рене эргэлзээгүй гэсэн.

Гучин зургаан настай Ренегийн хувьд бол энэ уулзалт жирийн байдаг л ажил хэргийн уулзалт байсан бол Селин ирээдүйн продюссертээ анхны харцаараа дурласан байлаа. Гэвч жаахан охин сэтгэлээ яаж илчлэх вэ дээ. Тэрбээр энэ нууцхан хайраа дотроо бүхэл бүтэн долоон жил тээж явжээ.

Анжелил дуучин охины анхны пянзыг байшингаа хүртэл барьцаалан байж зээл авч бичүүлсэн нь алдаагүй юм. Тэрбээр хэдхэн жилийн дотор Селиныг Канадын хамгийн алдартай дуучин болгосон юм.

Нэг удаа Рене охиныг толины өмнө зогсоогоод “Чи Мерлин Монро шиг байх албагүй ч хүмүүс чамайг зөвхөн сонсоод биш бас хараад таашаал авч байх ёстой. Хамар амаа янзлуулна аа” гэж хэлэхэд нь Селин учир зүггүй уйлчихав. Энэ үгийг түүнд хайртай эр хүн нь хэлэхээр чинь аргагүй шүү дээ. “Яасан гомдчихов уудаа?” гэсэн Ренегийн асуултанд Селин толгой сэгсрэн “Би эмчээс айдаг” хэмээн худал хэлсэн аж. Харин 3 сарын дараа өөрийгөө толинд харсан Селин дахин усан нүдэлжээ. Энэ удаад охин хөөрхөн болсон дүр төрхөө хараад баярласандаа уйлсан гэдэг. Тэрбээр Ренегийн хүзүүгээр тэврэн “Баярлалаа Рене” гэж хэлэхэд өөрөөс нь 26 насаар ах, эхнэртэй хоёр ч хүүхдийн эцэг болох продюссер дуучин охиныг эцгийн ёсоор дуухан дээр нь үнсжээ.

1988 онд Селин “Евровидение” олон улсын дууны наадамд Швед улсыг төлөөлөн оролцохоор болж бэлтгэл ажил ихтэй байсан үе. Харин Ренегийн хувьд гэвэл хоёр дахь эхнэрээсээ салаад сэтгэл санааны асар хүнд дарамтанд орсон байлаа.

Сэтгэлийн энэ хямрал нь түүнийг нэг бус амиа хорлохыг завдуулжээ. Энэ байдал нэг л өдөр өөрчлөгдсөн юм. “Евровидение” наадам дээр Селины гайхалтай ялалт байгуулсны дараа Рене тэр хоёр Дублин хотын хамгийн үнэтэй зочид буудалд оргилуун дарс уун баяраа тэмдэглэж байлаа.

Анхныхаа том ялалтыг аван сэтгэл нь хөөрч зориг орсон Селин Ренегийн дэргэд очоод “Би чамд хайртай. Үргэлж хайртай байсан. Зөвхөн чиний төлөө би од болж, чиний төлөө үзэсгэлэнтэй бүсгүй болсон. Би хэзээ ч чамайг орхихгүй” гэж долоон жил нууж явсан сэтгэлээ илчилжээ.

Ренегийн хувьд бүсгүйн энэ сэтгэлийн илрэл аварлын од болсон гэдэг. “Хэвийн амьдралдаа эргэж орох цорын ганц зам бол хайр байсан. Тэгэх тусмаа Селин шиг ийм агуу эмэгтэйн хайр” гэж Анжелил хожим нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.

Тэд хоорондох харилцаагаа багагүй хугацаанд нуусан байдаг. Харин бүх зүйл илрэнгүүт дэлхий даяар нэг бол залуу охины толгойг эргүүлсэн завхай хөгшний тухай эсвэл тооцоо харсан зальтай Селины талаар ээлжлэн шуугиж гарчээ.

Энэ бүгдэд Селин ганцхан хариулт өгдөг байж. “Толгойнд орсон болгоноо ярьж бас бичиж л байг. Хамгийн гол нь бид бие биендээ хайртай. Тэгээд дайснуудынхаа атаархлыг хөдөлгөтөл хамтдаа урт удаан жаргалтай амьдрана” хэмээн их л тайвнаар өгүүлэх аж.

Тэдний харьцааг удахгүй хэмээн бодож байсан бүх хүмүүсийг алмайруулсан үйл явдал 1994 оны 12 дугаар сарын 17-нд болжээ. Энэ өдөр Канадын Монреал хотын Нотр-Дамм сүмд Селин Дион Рене Анжелил хоёр гэрлэж байлаа. Энэхүү хуримыг рок попын ертөнц дэх хамгийн далайцтай тансаг хуримын тоонд тооцдог. Залуу хосуудад баяр хүргэхээр мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн гэдэг. Тэд хуримаа хоёр удаа хийсэн хосууд. Хоёр дахь хуримаа хосууд Лас-Вегаст Ренегийн сири гаралыг хүндэттгэн араб заншилын дагуу хийжээ.

Селин үнэхээр аз жаргалтай байлаа. Хайртай хүнтэйгээ амьдарлаа холбохын хажуугаар уран бүтээл нь маш амжилттай явж байв. Ганцхан зүйл л бүсгүйг гонсойлгох аж. Энэ нь хүүхэд. Тэд гэрлээд 3 жил болсон ч дундаас нь хүүхэд гарахгүй байлаа.

1999 оны гуравдугаар сарын нэгэн өглөө Селиныг нөхөр нь заншил ёсоороо сэрээн цагаан сарнай бариагүйд бүсгүй гайхжээ. Сүүлийн үед Рене хаашаа ч юм хэдэн цагаар алга болох нь Селины хардалтыг төрүүлэх аж. Өөр хүнтэй болсон юм болов уу? Цагийн дараа Рене эхнэртээ аймшигт мэдээг дуулгажээ. Эмч нар түүнд улаан хоолойны хорт хавдар оношлоод зургаан сар болсон байв. Тэр энэ өвчнөө эхнэртээ хэлэлгүй нуусаар явсан авч яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул арга буюу Селинд үнэнээ хэлжээ.

Селин нөхрийгөө анзаараагүйдээ өөрийгөө буруутгаад барахгүй байлаа. Селин “Тэр маань өөр хүүхэнтэй болсон ч хамаагүй эрүүл байсан нь дээр байсан юм” гэж уйлж байжээ.

Селин дэлхийн хэмжээний одоос хүлээхээргүй шийдвэрийг гаргажээ. Тэрбээр тайзаа орхин эр нөхрөө асрахаар болсон байна. Нөхрийнхөө хоол ундыг нь хийн, эм тариаг нь өгөн, ядарсан бол оронд нь хэвтүүлсээр хоёр жил болохдоо Селин ганц удаа дуулаагүй билээ. Тэрбээр дуулалгүй ганц ч өдрийг өнгөрөөдөггүй байсан хүн шүү дээ.

2000 онд эмч нар Рене Анжелилыг бүрэн эдгэсэн байна гэж хэлсэн өдөр Селин өөрийгөө жирэмсэн гэдгийг мэджээ. Рене Селин хоёр баярласндаа тэр оройжингоо уйлсан гэдэг.

Өнөөдөр сонин


Селин Дионы амьдрал ба хайр дурлал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.