Хамгийн алдартай бөгөөд эмгэнэлтэй хайрын түүхүүд

Клеопатра, Марк Антони хоёр

Энэ түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм учраас Шекспир нэгэн эмгэнэлт зохиолынхоо гол үйл явдал болгосон байдаг.Тэд МЭӨ 41 онд Ромын бүгд найрамдах улсыг ид хямарч байх үед учиржээ. Египетын хатан хаан, хүчирхэг жанжин Антонигийн (тэр үед гэр бүлтэй байсан) сэтгэлийг татаж хайрын түүх эхэлснээр хоёр улсын дунд оршиж байсан улс төрийн зөрчил тэмцлийг хэсэгтээ зөөлрүүлсэн гэдэг. Гэвч шинэ хаан Октавиан Ромын сенатыг ятган Антониг Клеопатрад урхидуулсан гэж итгүүлснээр энэ холбоог тасалжээ. Ингээд МЭӨ 31 онд хоёр улсын хооронд дайн дэгдэв. Дайны үеэр Антони, Клеопатра хоёр баригдахгүйн тулд амиа хорлоцгоосон гэдэг.

Элойза Абеляр хоёр

Британий яруу найрагч Александр Поп энэ түүхийг сонгодог уран зохиолд мөнхөлсөн хэдий ч Элойза, Абеляр хоёр нь бодит хүмүүс байсан бөгөөд 12 дугаар зууны дунд үеийн Францад хайраасаа болж хэлмэгдэж зовсон хосууд юм. Абеляр нь охиноос 20 нас ах бөгөөд гэрийн багш нь байжээ. Тэдний хайрын өрнөл эцэстээ эмгэнэлт явдлаар төгсөж, хамт байхад нь олсон охины авга ах нь хилэгнэн Абелярыг хүчээр хөнгөлөн тамлажээ. Зовж шаналсан хосууд тус тусдаа сүмд амьдрах болж хоорондоо үхэн үхтлээ олон тооны захиа бичилцэж байсан гэдэг. Тэд дахин хэзээ ч уулзаагүй гэнэ.

Шах Жахан, Мумтаз-Махал хоёр

Энэтхэгт орших алдарт Таж Махалыг бүгд мэддэг. Түүнийг 17 дугаар зуунд хайрт эхнэрийнхээ бунхан болгож Шах Жахан бариулсан юм. Мумтаз Махал бол хааны гурав дахь хатан байсан ба төрөхийн хүндрэлийн улмаас залуугаараа нас барсан юм. Залуу хатандаа ухаангүй хайртай байсан хаан даруй Таж Махалыг бариулж эхэлжээ. Түүнийг босгоход 23 жилийг зарцуулсан ба 1666 онд хаан нас барсны дараа энэ бунханд хайрт эхнэрийнхээ шарилтай зэрэгцэн нойрсох болсон гэдэг.

Инес дэ Кастро, Хаан Педро хоёр

Инес дэ Кастро нь 1340 онд Португалийн гүнж Констанциагийн шадар бараа бологч болсон ба удалгүй Португалийн хаан ширээг залгамжлах ханхүү Педрогийн сэтгэлийг булаажээ. 1349 онд Констанцияг нас барахад Педро Инесыг өөрийн албан ёсны хатнаар тодруулах гэж оролджээ. Энэ үед тэд гурван хүүхэдтэй болсон байв. Гэвч түүний эцэг Португалийн хаан Педрог Игнесээс салгах гэж хол нутагт салган суулгасан ч сэтгэлийг нь өөрчилж чадаагүй тул эцэстээ Инесын амийг хорложээ. Үүнээс болж эцэг, хүүгийн хооронд дайн дэгдэж Педро ялсан байна. Тэр хайртынхаа шарилыг ухаж гаргаад дахин хатан хүний ёсоор оршуулжээ. Дараа нь бүх Португальчуудаар Инесыг өөрийн хатан хаанд тооцохыг хүлээн зөвшөөрүүлж байсан гэдэг. Ингэж нэгэн хайрын гунигт түүх өндөрлөжээ.

Хатан Виктория, Ханхүү Альберт хоёр

Хамгийн сүүлийн үеийн хайрын гунигт түүх зуу гаруйхан жилийн өмнө Британий хааны гэр бүлд тохиолдсон юм. Виктория 63 жилийн хаанчлалын түүхийнхээ сүүлийн 40 жилийг ганцаар туулахад хүрсэн байдаг. Учир нь түүний нөхөр Ханхүү Альберт 1861 онд цаг бусаар хорвоог орхисон юм. Хатан хаантан нөхрөөсөө хойш үлдсэн амьдралаа үргэлжийн гашуудлын хар хувцастай өнгөрөөж, амьдралын сүүлийн 10 жилийг ихэвчлэн ганцаар өнгөрүүлсэн гэдэг. 1901 онд түүнийг нас барахад нөхрийнх нь шарилын дэргэд оршуулжээ. Түүний шарил дээр “Хагацъя, хамгаас дотно хайрт минь, одоо л нэг чамтайгаа зэрэгцэн нойрсох боллоо. Чамтайгаа Бурхны өмнө очиж хамтдаа дахин төрөх болно” гэж сийлсэн байдаг.

Эх сурвалж: Tuuh.mn 


Хамгийн алдартай бөгөөд эмгэнэлтэй хайрын түүхүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.