Бид амжихгүй гэдэг өчүүхэн шалтгаанаар өөрийгөө хойш тавьж, “цэнэг”-ээ тултал нь байдаг.Тэгээд баттерейгаа бүр таг суусан хойно л гэнэт ухаан орсон хүн шиг арга хэмжээ авч эхэлдэг . Энэ удаагийн жаргалтай хором булангаараа өөрийгөө тордох төлөвлөгөөндөө орцгооё.
Алхам1: Нэг өдрийг эрүүл мэнддээ анхаарах өдөр болгон зориул. Бидний хамгийн үнэтэй зүйл эрүүл мэнд гэдгийг мэддэг хэрнээ хайхралгүй өнгөрөөсөөр байдаг. Харин одоо бол дараа гэж хойшлуулахгүй шүү. Тэртээ тэргүй дархлаа чинь одоо суларчихаад, чамайг ямар нэгэн зүйл хийхийг хүлээж суугаа.
Алхам2: Маргааш өглөө эртлэн босож, өлөн дээрээ шээгээд шинжилгээ өгөхөөр өөртөө хамгийн ойр эмнэлэг руу яваарай. Шээсний шинжилгээ өгчихсөн байхад ер нь ихэнх эмгэгүүдээ тодорхойлох боломжтой байдаг гэдгийг хүн бүр мэдэж байгаа биз ээ. За дараа больё доо, гэж хойшлуулах гэж байгаа бол өөрөөсөө би хэзээ хамгийн сүүлд эрүүл мэнддээ анхаарч, эмчид хандлаа гээд бодоод үзээрэй. Уг нь бол улиралдаа нэг удаа шинжилгээ заавал өгч, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэтэл манайхан өвдөхгүй л бол, эрүүл мэнд гэдэг үгийг бүр мартчихдаг гэмтэй.
Алхам3: Өглөөний агаарт тогтмол алхаж бай. Хөдөлгөөн биеийн эсэргүүцлийг чинь сайжруулна. Өглөө алхах нь хүний эрүүл мэндэд тустай нөлөө үзүүлэхээс гадна, сэтгэл санааг өөдрөг болгодог.
Алхам4: Гэртээ сармистай халуун шөл буцалгаж уугаарай. Эсвэл аарц, аньс зэргийг буцалгаж ууж болно. Эдгээр нь хүний дархлааг сайжруулах эерэг нөлөөтэй. Бид эдгээр аргыг мэддэг хэрнээ ханиад томуу туссан хойноо л хэрэглэдэг. Харин одоо өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авчихсан байхад өвөл цагийг өнөтэй давна шүү дээ.
Алхам5: Эцэст нь хэлэхэд дулаан хувцаслаж байгаарай бүсгүйчүүд ээ. Сайхан харагдах бол дараагийн асуудал шүү.