Оффист ажилладаг бүсгүйчүүдийн баримтлах дэглэм

fafca1f770bfa9f99b1b389ba73e81b8

Хэдэн цагаар оффист сууж компьютер, бичиг цаасны араас босдоггүй бүсгүйчүүдийн бодисын солилцоо биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүсийнхээс ялгаатай байдаг.

Тиймээс идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүсийн нэгэн адил хооллоод байвал илүүдэл жин, эрүүл мэнд муудах гээд олон асуудалтай тулгарах учраас оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хоолны орц найрлага арай өөр байх ёстой шүү.

Үргэлж суугаа байх нь биеийн булчин, нуруунд багагүй ачаалал өгч, цусны эргэлтийг алдагдуулж, нарийн бүдүүн гэдсэнд хуримтлал үүсгэж, эцэст нь өтгөн хатахад хүргэдэг. Суугаа ажилтай хүмүүс ихэнхдээ толгойгоо ажиллуулдаг учраас энерги зарцуулагч гол эрхтэн нь тархи, харин уушиг, зүрх болон бусад эрхтэн ачаалал багатай байдаг гэхэд болно.

Чихэрлэг хүнсэнд бүрмөсөн үгүй гэж хэлэх хэрэггүй
Тархины гол тэжээл нь глюкоз болохоор, бидний өдөр тутмын үйл ажиллагаанд өөх тос, уураг бага зарцуулагддаг. Тиймээс албан тасалгааны ажилтай хүмүүст нүүрс ус, глюкоз багатай хоол яагаад ч тохирохгүй. Харин өөх тостой хоол бага хэрэглэх нь бие организмд сайн. Гэхдээ шингэц хурдантай, цусанд хурдан ордог чихэр, ёотон, жигнэмэг зэргийн хэрэглээг хязгаарлахгүй бол хэтрүүлбэл тодорхой хэсэг нь бас л биед нөөцлөгдөж тарга үүсгэх эрсдэлтай юм. Харин нийлмэл нүүрс ус буюу үр тарианы цардуул бол өөр хэрэг. Ийм нүүрс ус цусанд глюкозыг бага багаар удаан ялгаруулах учир ажиллах чадвар, эрч хүчийг дэмжиж байдаг. Тиймээс өглөөний цайндаа нэвс /мюсли/, самар, каш зэргийг түлхүү хэрэглэвэл зүгээр.

Уургийг ч гэсэн мартав аа
Гэхдээ уураг дутагдвал дарлаа сулрах эрсдэлтэй учраас хоногт 100 орчим грамм уураг, тухайлбал тахианы мөч, зүсэм загас гэх мэтчилэн аль болох өөхгүй мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Харин уургийн илүүдэл нь гүрвэлзэх хөдөлгөөний дутагдалтай суугаа ажилтай хүмүүсийн гэдсэнд ялзрал үүсгэх эрсдэлтэй. Аль болох ургамлын тос хэрэглэж, ногооныхоо салатыг ч гэсэн майонезээр биш оливийн тосоор амталж идэхийг хичээ.

Юу идэж болохгүй вэ?
Гоолиг биетэй байхыг хүсдэг офисын ажилтай бүсгүйчүүдийн хэрэглээнээсээ татгалзах ёстой бүлэг бүтээгдэхүүн бий. Энд илчлэг өндөртэй пицца, фаст-фуд, чипснүү зэрэг орно. Тэдгээрт тэр гэж хэлэхээр сайн тал байхгүй бөгөөд тос, амтлагч, хөнгөн нүүрс ус ихтэй, харин амин дэм, эрдэс бодис багатай байдаг. Түүнээс гадна ийм хуурай хоолнуудын шингэц муу байдгаас суугаа ажилтай хүмүүст өтгөн хаталт үүсгэдэг. Цай уух нэрээр байн байн чихэр, жигнэмэг идэхээс ч татгалзах хэрэгтэй бөгөөд цайндаа хийсэн 2 ширхэг ёотон юм уу 2 халбага элсэн чихэр чинь 1 таваг шөлтэй тэнцэх хэмжээний илчлэг өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс цайг ч гэсэн аль болох чихэргүй ууж хэвших нь зүгээр.

Бидэнд тохиолддог “гамшиг”-ууд
Тохирсон хоол хүнсээ ч хэрэглэхгүй, тогтмол хөдөлгөөн ч хийхгүй байхаар суугаа ажилтай хүүхнүүд бидэнд чихрийн шижин, өтгөн хаталт гэх мэт тоогүй бас таагүй асуудлууд тохиолдох нь их. Оройн хоолныхоо цэсэнд бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, үр тариа, жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо түлхүү оруул. Заавал зөөлөн талх, жигнэмэгтэй цай уух гээд байлгүй алим, өргөст хэмх, чавга, улаан лооль зэргийг гэрээсээ авчраад идсэн ч болох юм. Шингэний дутагдал өтгөн хаталтыг улам өдөөдөг учраас аль болох их ус уу. Цай ч биш, кофе ч биш зүгээр л ус. Усныхаа зарим хэсгийг жимсний чихэргүй шүүсээр орлуулж болно. Гэхдээ үүнийг ч гэсэн бас усаар шингэлж уувал зүгээр.

Гэртээ ямар хоол идэх вэ? 
Өдөржингөө завгүй ажиллаад тухтай хооллож чадаагүй хүмүүс орой гэртээ очоод түүнийгээ нөхөх гэж байгаа юм шиг хэтэртлээ идэх нь бий. Ийм зуршлаас аль болох татгалзаж, өдөр нь аль болох сайн хоолож байх хэрэгтэй. Харин оройд нь хөнгөн хооллож, жимс, ногоо ихтэй, тос, нүүрс ус их агуулаагүй хоол идэж, шөнө орой хооллохоос аль болох татгалзаж, оройтсон үедээ цай, тараг уух юмуу жимс идэх нь зүгээр.

“Зохистой хооллолт”-ын талаар хүн бүхэн л ярьж, бичиж байна. Энэ нэг төрлийн “трэнд”-нээс чи хоцорч яваа юм биш биз? Дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж өөртөө эрүүл, зөв, зохистой хооллох цаг гарга. Хэрвээ танай байгууллагад цайны газар байдаг бол илчлэг багатай хирнээ тэжээллэг хоол цэсэнд нь байж л таараа. Заавал халуун хоол, ялангуяа шөл, ногооны зууш идэж байгаарай.


Оффист ажилладаг бүсгүйчүүдийн баримтлах дэглэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.