“Хөгширлөө, хүүхэд гаргаач” гэж хүний эрхэнд халдахаа больё

12924519_1058788477512631_183368242313112543_n

Хүн бүр бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэй. Энэ бол шинэ эрх биш. Харин иргэн бүр төдийлөн анзаарч, анхаарал хандуулдаггүй эрх гэж хэлж болно. Учир нь гэр бүл зохиож амжаагүй найзаасаа “Хөгширлөө шүү дээ, хүүхэд гаргаач” хэмээн шахаж шаардаж, тоглоом шоглоомын хооронд асуух нь олонтаа. Тэгвэл энэ асуултаараа найзынхаа нөхөн үржихүйн эрхэнд бүдүүлгээр халдаж буйгаа мэддэггүй.

Эмэгтэй хүн хэнтэй, хэзээ, хэрхэн бэлгийн харилцаанд орох вэ гэдэг хувь хүний бэлгийн эрх. Дараа нь хэзээ төрж, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл өнөөдөр нөхрийн эсвэл хадмын, эцэг эхийн хүслээр энэ эрхээ гүйцэлдүүлж чадахгүй байгаа маш олон хүн бий.

Эцэг эх нь “Чи амьдралаа авч явж чадахгүй юм чинь нэг л хүүхэд төрүүлэхэд хангалттай”, найз нөхөд нь “Чи дөрөв дэх хүүхдээ төрүүлж одон ав”, нөхөр нь “Яаж ийж байгаад л хүү төрүүл” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халдах явдал цөөнгүй. Гэтэл үнэн хэрэгтээ хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх эрх эмэгтэй хүнд л байх ёстой аж.

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд багадаа хоёр жилийн хугацаанд гэртээ суудаг. Энэ хугацаанд тухайн эмэгтэйгийн хөгжих, боловсрох ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд оролцох эрх шууд хаагдчихдаг. Эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө боломжийг ийн хязгаарлуулахдаа нөхрийн эсвэл хадмын хүслээр шийдвэр гаргана гэдэг хүний эрхийн зөрчил.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын референт, багш Г.Золзаяа “Ажлын амжилт, дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж анхны хүүхдээ 33-35 настайдаа гаргахыг хүсч байж болно. Гэтэл найз нөхөд, гэр бүлийнхэн нь “Хэзээ хүүхэдтэй болох вэ, хөгширлөө” хэмээн асууж санаатай болон санамсаргүйгээр хүний эрхэд маш бүдүүлгээр халддаг. Энэ бол хүмүүсийн тогтчихсон хандлага. Гэтэл хүний хувийн эрх чөлөөнд халдаад байгаагаа ухамсарладаггүй. Мөн л эмэгтэй хүн хэзээ хүүхэд төрүүлэх нь зөвхөн өөрийнх нь л сонголт. Танил, найз нөхдөөс гадна манай монголын эмэгтэйчүүдийн эмч нар маш бүдүүлгээр эмэгтэйчүүдийн эрхэнд халддаг” хэмээсэн юм.

Тухайлбал 30 настай эмэгтэй анхлан жирэмслээд эмчид очиж үзүүлэхэд “Төрөхгүй хаагуур юу хийж явсан юм, асуудалтай юм уу” гэх зэргээр загнаж, доромжлох нь байдаг л үзэгдэл болсон. Улмаар зарим эмэгтэйчүүд эмч нарын дарамтаас айгаад хяналтандаа орж чадахгүй явсаар амаржих ч тохиолдол бий.

Эрүүл мэнд, эдийн засаг зэрэг аль нэг шалтгааны улмаас төрөлтөө хойшлуулсан байж болно. Европын улс орнуудад төрөлт хожуу. 35 настай анхлан төрөгч ч байдаг. Тэднийг эмч нар нь загнаж, доромжлоод байдаггүй. Анхны хүүхдээ хэзээ төрүүлэх нь хувь хүний, хосуудын л шийдэх асуудал.

Гэхдээ бас хариуцлага байх ёстой. Би эрхтэй, хэзээ төрөхөө өөрөө мэднэ гээд 10 настай охин амаржиж болохгүй. Тэжээн, тэтгэх боломжгүй хэр нь тав, зургаан хүүхэд төрүүлэх нь зохимжгүй. Төрүүлсэн хүүхдээ боловсрол эзэмшүүлж, эрүүл байлгаж, хоол хүнсээр дутаахгүй, хүүхдийн эрхийг зөрчихгүйгээ хүн болгож чадах хариуцлагаа ухамсарлах ёстой. Ингэж чадвал хэзээ төрөх, хэдэн хүүхэдтэй байх нь тухайн хүний л асуудал.

Төрөлтийг дэмжих үгс Монголд олон. Тухайлбал “Монголын үрс маш олон болтугай” гэдэг. Аймгийн засаг даргын баталсан хөтөлбөрт ч төрөлтийг дэмжинэ гэсэн байдаг. Гэтэл үнэндээ хэрхэн, яаж гэдэг нь огт тодорхойгүй. Адаглаад л төрөх гээд очиход эмнэлгийн коридорт ороо засаад хэвтэх л орчин нөхцөл угтдаг. Төрөлтийг дэмжинэ л гэдэг, төрөх эмнэлэг нь хүрэлцээгүй, нөхөн үржихүйн эрх, хэрэгцээг нь хангаж өгч байгаа төрийн зохицуулалт маш хангалтгүй байна. Энэ бүхэн мөн л нөхөн үржихүйн эрхийн асуудал.

Г.Сүрэн

Shuud.mn


“Хөгширлөө, хүүхэд гаргаач” гэж хүний эрхэнд халдахаа больё
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.