Гурвуулаа болоход бэлэн үү?

Adidas NEO Summer 9

Үеийн найзууд чинь бүгд гэрлээд хүүхэдтэй болсон байхад та хоёр л бурхан хэзээ сахиусан тэнгэрээ илгээх юм бол хэмээн хүлээж суугаа юу?

Магадгүй та хоёрын хоёулхнаа байх цагийг чинь хангалттай байлгахын тулд, гэр бүлийн маргааныг чинь шийдүүлэхийн тулд, хүүхэдгүй үед ч хэрхэн аз жаргалтай байхыг сурахыг чинь хүлээгээд, ирэхгүй удаж ч байж болох юм. Хэрэв дараах шинжүүд нэгэнт цогцолсон бол тун удахгүй та хоёрт хайрын бяцхан нахиа ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүүхэдтэй болохыг хоёулаа хүсэх
Хажуугаар чинь нялх хүүхэдтэй хүн эсвэл том гэдэстэй жирэмсэн эмэгтэй өнгөрөхөд нүдээ ч салгаж чадахгүй байх үе. Та хоёрын нүд яг адилхан гэрэлтэж, өөрсдөө ч гэсэн хурдхан шиг хүүхдээ хөтлөөд явахын хүслэн болж байгаа биз дээ. Тэнтэр тунтар алхалж байгаа жаахан хүүхдийг нөхөр чинь хараад холоос өхөөрдөж, унах шинжтэй болонгуут нь ухасхийж гүйж очоод тэвэрч байна уу? За тэгвэл бүсгүй минь, чи ч түүнд өөрийг нь дуурайсан царайлаг “ханхүү” – г нь хурдхан гаргаж өгөх хэрэгтэй болох нь дээ. Яагаад гэвэл зарим хүмүүст тээртэй санагддаг шөнө нойроо хугаслах, живх солих, хар мянга есөн зуун ерөн өсөн даавуу угаах ажлыг ганц удаа хүүхдээ үнэрлэчихээд л хийж чадах эрч хүч нэгэнт та хоёр бий болсон байна.

Санхүүгийн баталгаатай байдал
Хүүхэд өөрөө бүх юмаа бэлдэж ирдэг гэлцдэг л дээ. Харин та хоёр “Бүх зүйлтэйгээ ирэх хүүхдээ” ирүүлэхийн тулд эхлээд санхүүгийн бат бөх байдлаа бүрдүүлсэн байх хэрэгтэй. Мэдээж хүүхэдтэй болохын тулд саятан байх шаардлагагүй л дээ. Гэхдээ л өдөр хоногоо дөнгөн данган өнгөрөөж байгаа ч юм уу эсвэл өрөнд орсон байгаа үедээ хүүхэдтэй болох нь тийм ч сайхан санаа биш болов уу. Хүүхэд төрөхөөр хүүхдийн живх, нэмэлт тэжээл, хувцас хэрэгсэл, эмнэлгийн зардал гээд мөнгөний хэрэгцээ асар их бий. Тиймээс бяцхан үрээ хүлээж авахаасаа өмнө санхүүгийн асуудлаа шийдэж, ар талаа найдвартай болгон түүндээ аз жаргал бэлэглэх эцэг эх болоорой.

Бүгдийг амжуулах чадвар
Санхүүгээс гадна зайлшгүй та хоёрт байх ёстой зүйл бол бүх зүйлсд зэрэг анхаарал хандуулах чадвар юм. Хүүхэд гарсны дараах эхний саруудад өдрийн бүх ажлаа амжуулахад 24 цаг ч багадаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Өдөржингөө хүүхдээ тэвэрч, бүүвэйлж унтуулж, унтуулсан хойноо даавуунуудыг нь угааж, сэрэхээр нь хооллож, давхар гэрийн ажлаа хийх гээд маш олон зүйлс ээжийг тойрон бий болно. Харин аав орой ажлаасаа ирээд гэр нь яаж ийм тохь тухтай, халуун хоолтой, хүүхэд нь амгалан тайван унтаж байгааг гадарладаг ч үгүй юм шүү. Хүүхэд төрсний дараах стресст аль аль нь орохгүйн тулд та хоёр одооноос нарийн төлөвлөгөө гаргаж эхлээрэй. Ялангуяа ээж нь ажилдаа буцаж орох бол хүүхдээ төрүүлснээс хэдэн сарын дараа эргэн орох, хэнд харуулах, аль цэцэрлэгт өгөх зэргийг тооцоолох хэрэгтэй.

Хайрандаа сэтгэл хангалуун байх
Зөвхөн гэрлээд л хос хоёрын хайр сэтгэл дээд оргилдоо хүрчихлээ гэж андуурч болохгүй. Та хоёрын гэрлэлт бат бөх байхаас гадна хоёулхнаа цагийг хангалттай өнгөрөөж үзсэн байх хэрэгтэй. Маш олон хосууд үргэлж хэрэлдэж, санал зөрөлдөж байдгаасаа болоод хүүхэдтэй болох ирээдүйгээ хойшлуулж байдаг. Тиймээс хоёулхнаа байх цагийг зориуд гаргаж, бал сараар аялаж үзээгүй бол хамтдаа заавал яваарай. Зарим хүмүүс хүүхэдтэй болвол гэрлэлт аз жаргалтай болно гэж боддог ч аз жаргалтай өнөр өтгөн гэр бүл болохын тулд эхлээд та хоёр хоёулхнаа байхдаа жаргалтай байж сурах хэрэгтэй юм.

Эрүүл байх
Хүүхдийн аав ээж хоёулаа ямар нэгэн өвчин эмгэгтэй байж болохгүй. Ялангуяа бэлгийн замын өвчин, савны доргилт, таргалалт, чихрийн шижин зэрэг хүүхэдтэй болоход саад болох хүчин зүйлүүдийг нэн даруй эдгээх арга замыг эрэлхийлээрэй. Та хоёр эрүүл байж л, бяцхан сахиусан тэнгэр чинь цоо эрүүл гарч ирнэ шүү дээ.

Сэтгэл санааны бэлтгэлтэй байх
Найзуудтайгаа шөнөжин наргиж, юунд ч санаа зовохгүй хөгжилдөх тухай нэг хэсэгтээ л мартах хэрэгтэй. Хэдийгээр хүүхэд гараагүй үед эдгээр зүйлсийг амархан орхиж чадахаар санагддаг боловч олон сар нэгэн хэвийн амьдралаар амьдраад ирэхээр эрхгүй өөр орчин нөхцлийг хүсэж эхэлдэг. Тиймээс та хоёр, хэн хэн нь хүүхдээ нэгдүгээрт тавьж, өөрсдийгөө хоёрдугаарт л тавих болно гэдэгтээ сэтгэл санаагаа бэлтгээрэй.

Хүүхдийн өсгөх талаар ижилхэн бодолтой байх
Зөвхөн та хоёр ч биш эцэг эх, хадмуудтайгаа хүүхдийн талаар ижилхэн бодолтой байх хэрэгтэй. Энэ боломжгүй гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ 100 хувь биш. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр ижилхэн байр суурь, зарчим баримталдгүйгээс болж гэр бүлийн дотор байнгын зөрчил үүсдэг. Тиймээс ирээдүйд том асуудал болгон ярихаас өмнө хүүхдээ яаж өсгөх, тусгай сургуульд сургах эсэхээ төсөөлөн ярилцаж байгаарай.


Гурвуулаа болоход бэлэн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.