Танил талаа нэмэхэд туслах 7 зуршил

11885155_856080717810564_7929071500856925782_n

Амбицтай, чадвартай, ухаантай бүсгүй чи зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэлээр, хэний ч туслалцаа дэмжлэгийг авалгүйгээр амжилтанд хүрч чадна гэж бодож байгаа бол гэнэн хонгор хэвээрээ байна.

Бизнесийн салбарт танилын хүрээ, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох чадвар гэдэг баруун, зүүн туслах л гэсэн үг. Сэргэлэн бүсгүйчүүд үргэлж илүү олон гайхалтай боломжийг түрүүлж хүртдэг гэдгийг чамд сануулах гэсэн юм.

Танилын хүрээ олонтой байх нь зүгээр ч нэг азын төдий юм биш. Үүнд ч бас идэвхтэй хөдөлмөр, цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ чи ийм л 7 зуршлыг өөрийн болгоход хангалттай:

Үнэ цэнэтэй асуулт асуу.
Ямар нэг чухал арга хэмжээнд оролцохоосоо өмнө тэнд уригдсан зочдын нэрсийн дарааллыг харж, тэдний твиттер, фэйсбүүкээр зочлон мэдээлэл цуглуулаарай. Тэгвэл тэднийг ямар сэдэвд хамгийн сонирхолтой гэдгийг нь олж мэдэж чадна. Тэдний яг одоогоор юун дээр ажиллаж байгаа, эсвэл юуны төлөө их хичээж байгаа гэдгийг нь олоод, оройн хоолны юм уу өдрийн цайны уулзалтан дээрээ түүгээр нь яриа өрнүүл. Бүсгүйчүүдийн маань яриасаг нийтэч зан үүнд маш их нэмэр болдог юм шүү.

Туслахад бэлэн бай.
Хэрэв шинээр танилцсан чухал хүнд чинь ямар нэг туслалцаа хэрэг болвол чадах чинээгээрээ тусламж санал болго. Эсвэл өөрийнхөө таньдаг хүмүүс дундаас яг тэр асуудлыг шийдэхэд нь нэмэр болох хүний холбогдох утсыг өгөх юм уу хооронд нь танилцуулсан ч болно. Тэгвэл тэр хүн чамтай танилцсанаа хэзээ ч мартахгүй.

Тэдний амжилтын түүхээс хуваалц.
Өөрийнх нь тухай яриа хүнд хамгийн сонирхолтой байдаг. Салбартаа тэргүүлэгч, өөрийн хүндэлж явдаг хүнтэй ярилцах боломж олдсон бол тэднийг өнөөдрийнхөө өндөрлөгт хэрхэн хүрсэн тухай нь асуугаад ав. Өөрийнх нь амнаас сонсох, сонингоос унших хоёр хичнээн ялгаатай гээч. Түүний сэтгэлзүйг сайн мэдэж авах тусам харилцааныхаа үнэ цэнийг нэмэгдүүлж чадна.

Ой тойнд үлдэх фактын тухай ярь.
“Чи юу хийдэг вэ?” гэж асуувал өөрийнхөө CV-г аман хэлбэрээр тоочих хэрэггүй. Чамайг хэн бэ гэдгийг илэрхийлэх хувийн мэдээллээсээ хуваалц. Магадгүй уран зурагт онцгой сонирхолтой, эсвэл хөгжим тоглох дуртай ч гэх юм уу. Энэ ч бас чиний хийдэг зүйлсийн нэг гэдгийг яриан дундаа тодотго. Иймэрхүү хувийн мэдээлэл яриаг илүү хөнгөн бөгөөд нээлттэй болгодог.

Бичиж тэмдэглэ.
Ямар нэг чухал уулзалт, оройн хоолонд орсны дараа чи юу хийдэг вэ? “Гэртээ л харьдаг” гэж хариулвал чи аливаа арга хэмжээг үр дүнтэй өнгөрүүлж чаддаггүй гэсэн үг. Тэр уулзалтан дээрээс гарсан чухал сэдвүүдийг тэмдэглэж ав. Ингэснээр чи тэнд танилцсан хүнтэйгээ дараагийн удаа тааралдахаараа эвгүй байдалд оролгүй яриа өрнүүлж чадна. Мөн тэгэхэд ярилцсан санаа чинь ажил хэрэг болохуйц чухал төсөл ч болж болно.

Жижиг амлалтуудыг өгч, түүндээ хүр.
Ирэх долоо хоногт утасдах, и-мэйл явуулах зэрэг ямар л жижиг амлалтууд өгнө түүнийгээ биелүүл. Ингэснээрээ чи тэдний итгэлийг хүлээх эхний алхамаа хийж байна гэсэн үг.

Хүчирхэг холбоогоо бэхжүүл.
Өөрийнхөө топ 10 хамтрагчийг жагсаагаад долоо хоног бүр нэгнийх нь амьдралд, юм уу бизнест ямар нэг сайхан зүйл хий. Тэдэнд хэрэгтэй номыг илгээх юм уу, өдрийн хоол товлож өөрийнхөө танилтай танилцуулж болно. Энэ зуршил нь чамайг хамгийн чухал хамтрагчидаа марталгүй тэдэнтэй байнга харилцаа холбоотой байхад сургах болно.

Фитнесст ч тэр, хөрөнгө оруулалтанд ч тэр хамгийн тууштай идэвхтэй байсан нь л хождог. Танилын сүлжээнд ч мөн адил. Танил тал гэхээр манайхан их буруу ойлголттой байдаг. Гэхдээ бид энд ямар ч авилга, арын хаалганы тухай биш адилхан зүйлийн төлөө амжилттай зүтгэж яваа хүмүүстэй танилцаж, тэдэнтэй санал бодол солилцож, бизнесийн түншлэл үүсгэж, хамтдаа гайхалтай санаануудыг хэрэгжүүлэх тухай ярьж байгаа юм шүү.


Танил талаа нэмэхэд туслах 7 зуршил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.