Яаж өөртөө ном унших цаг гаргах вэ?

Урьд нь оюутан байхдаа мөнгө муутай болохоор шинэ гарсан гоё номнуудыг тэр болгон авч чаддаггүй байлаа. Найз нөхдөөсөө гуйж, эсвэл номын дэлгүүрт хөлөө чилтэл зогсож байж л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг байсан юм. Харин одоо уншихыг хүсч байгаа номнуудаа гэртээ давхарлаад өрчихсөн мөртлөө л завдал болж өгөхгүй, өдөрт ганц, нэгхэн хуудас уншаад л өөр юм хийх хэрэгтэй болно. Тэгээд бодлоо л доо, яаж өөртөө ном унших цаг гаргах вэ гэж.

22841

Хөнгөхөн жинтэй ном ав
Сүүлийн үеийн сонирхолтой номнуудыг ажлын цаг заваараа унших гээд цүнхэлж авч явахаар хүнддээд, маргаашнаас нь гэртээ орхиод гүйчихдэг. Тэгвэл одооноос уншихаар зэхсэн номнууддаа жингийн хяналт тогтоож эхлэ. Төө хэртэй зузаан ч, хуудаснууд нь маш хөнгөхөн гадаад ном зардаг тусгай дэлгүүр ч бий. Хэрвээ хүнд жинтэй ном зайлшгүй цүнхлэхээр болвол бусад жижиг сажиг зүйлсээ гаргаж хөнгөлөөрэй.

Төлөвлөгөөтэй бол
Аль номыг ямар үед унших вэ гэдгээ тогтоосон төлөвлөгөө гарга. Ялангуяа олон номыг ойрын хугацаанд уншиж дуусгах шаардлагатай бол шүү дээ. Хэлний мэдлэгээ сайжруулах дасгалтай номоо өдрийн цайны цагаар хараад, нөгөө зузаан уран зохиолын номоо орой бууз жигнэх хоорондоо уншина гэх мэтчилэн богино гэлтгүй цаг гарах тохиол бүрийг ашиглаж сураарай. Бага багаар ахисаар, нэг л мэдэхэд дуусчихсан байх вий.

Унших хүслийг чинь улам бадраах номыг л унш
Зарим номыг гоё гэж бодоод уншиж эхлэхээр санасанд хүрэхгүй байх тохиолдол олон бий. Тиймээс хуудас эргүүлэх бүрт улам унших хүсэл төрүүлэхүйц сайхан номнуудыг л сонгож унш. Яаж мэдэх вэ гэж үү? Олон нийтийн цахим сүлжээний аль нэг номны группээс л ямар ном хүмүүсийг хамгийн их шууруулж байгааг амархан мэдэж болно.

Хараанд өртөхүйц газруудыг сонго
Булангийн жижиг тавиурууд, тольны урд талын хэсэг, гал тогооны сувинерийн тавиур зэрэг байнга хүрдэг, тэндээс ямар нэгэн зүйл авах гэж очдог газрууддаа номоо байршуулчих. Харах бүрдээ л барьж авч уншаад байна гэсэн үг шүү дээ.

Технологийн дэвшлийг ашигла
Ухаалаг гар утас, таблетүүд зөвхөн харагдах байдлаасаа ч гоё юм биш. Тэд өдөр тутмын ажлыг хөнгөвчлөн, цаг хэмнэх асар их ач тустай. Гар утсандаа уншихыг хүсдэг ном, сэтгүүлүүдээ татаж аваад дуртай үедээ уншиж болно. Таксинд бөглөрөөд зогсож байхдаа, албан газар хүн хүлээгээд сууж байхдаа зузаан ном гаргаж ирэхийн оронд утастайгаа нөхөрлөөд байж байя л даа?

Ном уншихгүй амьдрана гэдэг хамгийн утгагүй зүйл. Түүнд заавал цаг гаргаж байх хэрэгтэй. Харин өнөөгийн завгүй амьдралын хэв маяганд “ заавал байх ёстой” номын цагаа хавчуулж сурах нь нэг ёсондоо бүсгүйчүүд бидний овсгоог шалгаж буй хэрэг юм. Учир нь номноос авах үнэ цэнэ хэзээ ч бууж байгаагүй, буух ч үгүй.


Яаж өөртөө ном унших цаг гаргах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.