Ц.Цогзолмаа сайд болсон хэргээ бүтээгээд засгаас урвасан уу

tsogzolmaa

“Ардчилсан холбоо эвсэл” яг өнөөдрийн МАН шиг УИХ-д дийлэнх олонхийг бүрдүүлж байсан 1996-2000 оны дөрөвхөн жилийн хугацаанд Засгийн газраа 4 удаа огцруулж асан түүх одоо бас давтагдах гэж байна. 1996-1998 онд М.Энхсайханын Засгийн газрыг АХЭ дэх нам, бүлэглэлүүд унагаж байсан бол 1998.04-1998.07 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газар АХЭ доторхи “Элсний 13”гэх фракц огцруулж 1998.12 сард Ж.Наранцацралтын Засгийн газрыг байгуулж байсан түүхтэй.

Гэвч долоохон сарын дараа Засгийн газрын танхимынх нь сайд нар Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахгүй гэж гарын үсэг зурснаар АХЭ эвсэл 3 дахь Засгийн газраа огцруулж байлаа. Тэр үед Л.Цог ганцаараа Ерөнхи сайдаа хамгаалан хамтдаа огцорч байсан бол Ерөнхий сайдаасаа урвасан бусад нь гарын үсгээ сайдынхаа суудлаар барьцаалан Р.Амаржаргалын Засгийн газарт сайдаараа үлдэж байсан билээ. Энэ түүх яг 24 жилийн дараа МАН-ын үед давтагдаж эхэллээ.

2016-2017 оны Э.Эрдэнэбатын Засгийн газрыг яг АХЭ шиг нам дотроосоо унагасан бол одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “60 тэрбумынхан”, “ЖДҮ-чин”, “Нүүрсчид”, “Концесчид” зэрэг нам доторх ашиг сонирхол нь хөндөгдөж, хариуцлагаас зугатсан бүлэглэлийнхэн “Элсний 13” шиг бүлэглэн нэгдэж гарын үсэг зураад байгаа. Хамгийн эмгэнэлтэй нь ганц сайд Засгаа огцруулахаар “унаган” бүлэглэлдээ нэгдэж, Засгаасаа урвасан нь Ц.Цогзолмаа юм. Тэр яагаад юуны төлөө хамтарч байгуулсан Засгийн газраасаа урвав?

Ханилж яваад нөхрөө унаж яваад морио гэдэг шиг ажиллаж байгаа Засгаа огцруулья гэж байгаа Ц.Цогзолмаа гэж хэн бэ. Энэ хүн БСШУ-ны сайдын албан тушаалд яаж хүрсэн бэ?. Ер нь Цогзолмаа гэх энэ хүний гэр бүлийнхний талаар сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллүүд тухайлбал, нөхөр хүүхдүүд нь бүгд төрийн албанд даргын албан тушаалаар хаших хэмжээний мэдлэг, туршлагатай хүмүүс мөн үү гээд олон асуултын хариу энэ Цогзолмааг хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд таниулна.

Нөхөргүй, хэдэн хүүхдээ өсгөх гэж хар бор бүхий л ажлыг хийн ядруухан амьдарч байсан энэ эмэгтэй олон жилийн өмнө М.Энхболд гэх хүний ивээлд багтсанаар гэрлийн хурдаар амьдрал нь сайжирсан талаар Ховдынхон нь өнөөдрийг хүртэл ярьдаг. Зүдрүүхэн амьдралыг нь зүүд мэт болгож ажил, албан тушаал ер нь юу хүссэнийг нь гүйцээж өгсөн болохоор Цогзолмаа түүнд насны өртэй хэмээн найз нөхөддөө ярьдаг гэсэн.
М.Энхболдын баруун гар, бараг хамаатан садан, төрөл ч хэмээн хэвлэлээр бичигддэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа М.Энхболд МАН-ын даргынхаа хувьд У.Хүрэлсүхтэй ганцхан л тохироо хийсэн гэдэг. Тэр нь Засгийн газарт өөрийн хүнийг сайд болгох. Тэр 4-ийн нэг нь Цогзолмаа байсан бөгөөд У.Хүрэлсүх Засгаа байгуулах, эв нэгдлээ хангахын тулд үүнийг хүлээн авахаас өөр ямар ч сонголт үлдээгээгүй гэдэг. Мэдлэг, чадвар, ёс зүй болон сайд хийх улс төрийн болоод мэргэжлийн туршлага гээд ямар ч шалгуургүйгээр ганц М.Энхболдын шахалт тулгалтаар Ц.Цогзолмаа сайдын суудалд хүрсэн түүхийг намынхан нь ярьдаг.

Ц.Цогзолмаа гэдэг хүн сайд болоод боловсрол шинжлэх ухааны салбарт юу хийв. Яах гэж сайд болов?
Хамаатан садан,найз нөхөд гээд яамны хамаг гол чухал албан тушаалууд дээр тэрбээр өөрийнхөө хүмүүсийг байршуулсан гээд хувийн ашиг сонирхлоо л нэлээд сайн гүйцэлдүүлсэн хэмээн яамныхан нь ярьж байна. Мөн тэрбээр Засагт орсноор өөрийн нэр нөлөөгөөрөө нөхөр болон охин, хүүгээ төрийн албанд даргын албан тушаалд томилуулахад нөлөөлсөн хэмээн олон нийт харддаг. Энэ нь зарим баримтаар илчлэгдээд байгаа аж. Тиймээс л тэрбээр ЖДҮ-чид болон албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж буй албан тушаалтнуудтай хариуцлага тооцож эхэлсэн У.Хүрэлсүхийн “сэлэмнээс” зугатан, урвагч хэмээн цоллогдон байж М.Энхболдод гарын үсгээ барьцаалан, хариуцлага хүлээлгүй үлдэхийг санаархаж буй бололтой.

Ц.Цогзолмаа сайдын нөхөр Саранжавыг “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилоод удаагүй байгаа. Мөн охин нь БОАЖЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад удаагүй.
УИХ, Засгийн газрын гишүүний нөхөр, хүүхэд төрийн өндөр албан тушаалд ямар сонгон шалгаруулалт, шалгуураар томилогдов гэдгийг олон нийт Ц.Цогзолмаагаас нэхсэн. Гэвч “Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг” гэснээс өөр хариулт өгч чадахгүй байгаа билээ.

Гэтэл ийм баримт байдаг аж. 2018 оны долоодугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд ийм нэгэн албан бичгийг явуулж байжээ. Тус албан бичигт бичсэнээр, “БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн 03/4587 тоот албан бичигтэй танилцлаа. УИХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамын 9-дүгээр зүйлийн “б”, 14 дүгээр зүйлд тус тус зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Томилох эрх бүхий этгээдээс ирүүүлсэн хүсэлт, захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулж, дүгнэлт гаргадаг эрх зүйн зохицуулалттай. Гэтэл тус яамны 03/4587 тоот албан бичгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ирүүлсэн, мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалын “Ажлын байрны тодорхойлолт”-д тавигдсан ажилласан жилийн шалгуур яамны газрын дарга гэхэд хэт бага байх тул Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалд нэр дэвшигчид дүгнэлт гаргах боломжгүй байна. Ирүүлсэн материалуудыг буцаан хүргүүлэв. Дарга Б.Цогоо” гэсэн хариуг өгч байжээ.

Өөрөөр рэлбэл Ц.Цогзолмаа сайдын охин нь БОАЖЯ-н Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй атлаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болж таарч байна. Ганц энэ баримтаас харахад л Ц.Цогзолмаа болон түүний гэр бүлийнхэн үнэхээр мэдлэг чадвараараа төрийн албан дарга, сайдаар ажиллаж чадаж байна гэдгийг харж болохоор байна.

http://undesten.mn/75276.html


Ц.Цогзолмаа сайд болсон хэргээ бүтээгээд засгаас урвасан уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.