Чи ямар өнгөтэй вэ?

4talied4jhpk10oed7vilgc6ua

“Цаанаасаа гэрэл цацарсан” гэж ярьдаг даа? Тэр ч зүгээр ч нэг хий хоосон зүйрлэл биш юм шиг байгаа юм аа. Үнэхээр бидний биеэс гэрэл цацардаг бол яана? “Аура”-г зарим хүмүүс мухар сүсэг гэж ойлгодог бол, зарим нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэж оролддог. Та алинд нь ч багтаж болно. Хэдий үүнийг 100 хувь бодитой гэж баталж чадахгүй ч, Гоолингоо ид шидийн долоо хоногтоо зориулан, бодит амьдрал дээрх ид шид гэмээр “гэрлэн бүрхүүл”-ийн тухай сонирхолтой мэдээлэл олсноо хуваалцая гэж бодлоо.

Зарим хүний дэргэд байхаар нэг л дотно дулаан мэдрэмж төрөөд, сэтгэл татагдаад байдгийн учир юу вэ? Аура судлаачдын бичсэнээр бол энэ нь хүний биеийг бүрхэж байдаг нимгэхэн гэрлэн давхрагын өнгө, ялгаруулж байгаа энергээс шалтгаал байгаа гэнэ. Хүүхэлдэйн кинон дээр сахиусан тэнгэр, бурхадыг толгой дээрээ гэрэлтсэн дугариг титэмтэйгээр дүрсэлдэг. Энэ титэмийг ч бас толгой дээрээ аураг илтгэсэн цагирагтай эртний хадны сүг зургаас санаа авч зурдаг болжээ.

Аура гэж юу вэ? Хүн бүхэн ямар нэг байдлаар аураг харах чадвартай. Хорвоо ертөнц дээр оршиж байгаа бүх зүйл өөрийн гэсэн үелзэл чичиргээтэй аж. Атом электрон болгон, эд эсийн хамгийн өчүүхэн хэсэг болгон, бидний бодол санаа ч бас өөрийн гэсэн үелзэлтэй. Тиймээс аураг аливаа объектын электро-фотоник үелзэлийн хариу үр дүн гэж хэлж болно. Амьд объектуудыг хүрээлсэн /хүн, цэцэг…/ аура нь цаг хугацааны аясаар өөрчлөгддөг. Харин амьд бус объектуудыг /чулуу, ус…/ хүрээлсэн аура нь нэгэнт тогтсон байдаг боловч, хүний оролцоотойгоор өөрчлөгдөж болдог. Энэ баримтуудыг сүүлийн 50 жилий турш аураг судалж байгаа Оросын эрдэмтэд гаргажээ.

Хүний аура нь хэт улаан ба хэт ягаан туяаны бичил долгионы хоорондох электро соронзон үелзлээс бүрддэг аж. Спектрумын /биеийн дулааны/ бага давтамжтай бичил долгион нь бидний биеийн үйл ажиллагааны доод түвшинд /ДНК-ны бүтэц, бодисын солилцоо гэх мэт /хамаардаг бол, хэт ягаан туяаны өндөр давтамжтай хэсэг нь бодол санаа, хошин шогийн мэдрэмж, бүтээлч байдал, сэтгэл хөдлөл зэрэг бидний сүнслэг үйл ажиллагаанд хамаардаг юм.

Бид яагаад аураг харах хэрэгтэй вэ?
Аураны өнгө болон хүч чадал, ялангуяа толгойны дээрх нь маш онцгой утга учиртай юм. Хэн нэгний аураг харснаар тэдний бодол санааг амнаас нь сонсохоосоо өмнө нүдээрээ “унших” боломжтой. Хэрэв хүний оюун санаа өөрийнхөө хэлж байгаа зүйлтэй зөрчилдөж байвал аура нь худал хэлж байгааг нь харуулдаг. Түүнчлэн аура нь бидний сүнсний гарын үсэг юм. Хэрэв хэн нэгний аура гэрэлтэй, тунгалаг байвал тэр хүнтэй танилцаагүй байсан ч түүнийг цэвэр ариун бодолтой, сүнслэг талаараа хөгжсөн гэж дүгнэж болно. Харин хүний аура саарал бөгөөд булингартай байвал тэр хүн хичнээн царайлаг, ухаалаг байсан ч түүний оюун санаа цэвэр бус гэж үзэж болно. Хүн болгонд аура бий. Гэхдээ дэлхий дээрх ихэнх хүн сул, сулбагар ауратай байдаг. Энэ нь ихэвчлэн амьдралынхаа туршид материалист зүйлд хэт их анхаарлаа хандуулж, дотоод зүрх сэтгэл, айдас, атаархал зэргээ үл тоомсорлосноос үүдэлтэй байдаг. Ийм хандлага нь тэдний мөн чанарыг бусниулснаар аура нь ч мөн адил буснидаг гэнэ.

Хүүхэд ба аура:
5-аас доош насны хүүхдүүд байгалиасаа аураг харах чадвартай байдаг. Нярай хүүхдүүд ихэвчлэн хүний толгой руу түрүүлж хардаг. Тэдний урдаас харж байгаа хүний толгой дээрх аура нь таалагдахгүй байвал, эсвэл эцэг эхийнх нь ауранаас хэт өөр байвал тэд тэр хүнийг хармагцаа уйлж, зугатаж эхэлдэг. Хүүхдүүд томчуудаас хамаагүй цэвэрхэн, бас хүчтэй ауратай байдаг. Учир нь томчууд материалистик хэлбэр төдий зүйлд хэт боолчлогдсон байдаг юм.

Аураг хэрхэн харах вэ?
Бид өөрсдийнхөө нүдээр электрон соронзон долгионы маш бага хүрээг /0.3-0.7 микрометер/ л харж чаддаг. Зөвхөн энэ хүрээн доторх долгионы давтамж бидний нүдэнд өнгө болж харагддаг. Мэдээж хүн болгон аураг харах албагүй. Гэхдээ хэрэв оролдож үзэхийг хүсч байгаа бол үүнийг харахын тулд эхлээд юу хэрэгтэй болохыг жагсаая:
- Нүднийхээ мэдрэг чанарыг ихэсгэх
-Харагдаж байгаа гэрлийн гадуурх долгионы хэмжээг өргөсгөх
Ингэхийн тулд:
• Захын хараагаа сайжруулах дасгал хийх
• Фокусаа сайжруулах
• Харааны тусгалын тархинд өгөх дохиог нэмэгдүүлэх – баруун болон зүүн тархины холбоог бэхжүүлэх

Захын хараа
Яагаад бидэнд захын хараа хэрэгтэй гэж? Бидний нүдний торлог бүрхэвч төв хэсэгтээ хамгийн их гэмтэлтэй байдаг. Учир нь TV, компьютер зэрэг зохиомол гэрлийн нөлөөгөөр торлог бүрхэвчийн төв хэсэг нь хамгийн их өртөж, гэмтдэг юм. Мөн бид харааныхаа төв хэсгийг нэг хэв маягт оруулж сургасан байдаг. Бага насны хүүхдүүд аураг яагаад сайн харж чаддаг вэ гэвэл, тэдний төв хараа нь гэмтэж амжаагүй байдаг. Хүүхдийг сургуульд оруулмагц, тэнд төв хараагаа тодорхой аргаар ашиглахыг заалгуулж, байгалийн хараагаа гээдэг гэсэн үг.

Фокусаа сайжруулах
Яг нэг цэг дээр 30-60 секунд төвлөрснөөр фокусаа сайжруулж болно. Ингэснээр зөвхөн нэг цэгээс ялгарах гэрлийн нөлөөг тусгаж авснаар бид харааныхаа мэдрэг байдлыг дээшлүүлж чаддаг. Нэг цэг дээр төвлөрснөөр бид нүднийхээ фото мэдрэг эсүүдийг аажим аажмаар савлуулж том үелзэл рүү хувиргаснаар тархинд очих харааны долгион давтамж өндөрсдөг.

Анхаарал төвлөрүүлэх дасгал 1
Дүрсийг өөрөөсөө 1,5 метр зайд байрлуул. Зөвхөн хар цэг рүү 30 секундээс доошгүй хугацаанд хараад, захын хараагаараа өнгөт цэгнүүдийг олж хар. Өөр газар луу хараагаа алдахаас сэргийлээрэй.

Өнгөт хэсгүүд өөр өнгийн аурагаар хүрээлэгдэх мэт болж байгааг ажиглаарай. Удаан харах тусам аураны өнгө тод харагдана. Учир нь харааны чинь мэдрэг байдал төдий чинээгээр өсч байгаа юм. Энэ зургийг хэдэн цагаар ширтсэн ч юу ч олж харахгүй байж болно. Нэг цэг дээр хангалттай удаан төвлөрөх нь л гол түлхүүр нь юм. Энэ бол жинхэнэ аураг харах гэхээсээ илүү, тодорхой чадваруудаа танин мэдсэнээр хүний аураг харж болно гэдгийг мэдүүлэх зорилготой юм.

Анхаарал төвлөрүүлэх дасгал 2
Энэ дасгал нь хоёр тархины холбоог сайжрулах зорилготой ба ингэснээр аураг харахад шаардлагатай аливаа үзэгдлийг “боловсруулах хүч”-ийг нэмэгдүүлэх юм. Хоёр дох дүрсийг өөрөөсөө нэг метрийн зайд тавь. Гараа урагш сунгаж, нэг хурууныхаа өндгөөр хоёр бөмбөлөгний доохно, гол хэсэг рүү заа. Хурууныхаа өндөг рүү ширтэж байгаад хоёр бөмбөлөг рүү фокусаа шилжүүл. Энэ үед чамд 4 бөмбөлөг харагдах болно. /3-D зураг харж чаддаг бол, тэгэхэд хараагаа хэрхэн ашигладгаа санаарай/ Тэгмэгцээ 4 бөмбөлөгний голын хоёрыг дээр дээрээс нь давхарлах гэж оролд. Энэ үед хурууны чинь дээд талд, хоёр бөмбөлөгний дунд дундуураа цагаан хэрээстэй нэг бөмбөлөг харагдах ёстой. Тэр хэрээсийг харж чадаж байвал, зүүн тархи /баруун нүдтэй холбогдсон/ нь баруун тархитайгаа /зүүн нүдтэй холбогдсон/ холбогдож чадаж байна гэсэн үг.

Энэ хэрээс нь байнга хөдөлж хөвөх ба, түүнийг тогтоон харах боломжгүй. Хурууныхаа үзүүрээс нүд хүртлэх зайгаа өөрчилж, төгс хэрээсийг үүсгээрэй. 3-5 минутын турш төгс хэрээсийг үүсгэж харж чадвал маш сайн ба, энэ мэт дасгал сургуулилт хийснээр 45 минут харж чаддаг болвол сэтгэлзүйн болон аурын чадварын хувьд гайхалтай үр дүнд хүрнэ гэжээ.

Эхний удаад нэгээс хоёр минут сургуулилаад, долоо хоног бүр нэг минутаар нэмэгдүүлээрэй. Урт хугацаанд тогтворгүй хэрээс харснаас, богино хугацаанд боловч үр дүнтэй төгс хэрээсийг олж харах нь чухал. Энэ дасгалыг тогтмол хийснээр хуруугаа сунгалгүйгээр ч хэрээсийг харж чаддаг болно. Голын хэрээсийг харангаа хоёр талынх нь бөмбөлөгийг ч бас хараарай. Тэгвэл захын буюу өргөн хүрээтэй хараагаа хөгжүүлж буй нэг чухал алхам юм. Хэрээсийг харангаа, чи өнгөт бөмбөлөгний эргэн тойрон дахь аура хүрээг харах ёстой. Хэрээсийг алдалгүйгээр өргөн хүрээтэй хараагаа ашиглан бөмбөлөгнүүдийн хүрээг харж чадаж байвал, чи аура уншихад бэлэн болжээ гэсэн үг.

Анхаарал төвлөрүүлэлтийн дээд шат:
Хэрээсний нэг шугам нөгөөгийнхөө дээр гарч байгааг чи анзаарсан байх. Энэ бол чиний тархины нэг тал нөгөөгөө давамгайлж байгаагийн илрэл юм. Эрэгтэй хүн ихэвчлэн хөндлөн буюу зүүн тархины шугамаа дээгүүр нь хардаг бол эмэгтэйчүүд босоо шугамыг дээгүүр нь хардаг. Цаагуур нь ороод байгаа шугамыг аль болох наагуур нь гаргахыг эрмэлзээрэй. Анхаарал төвлөрөлтийг дээд түвшинд нь хүртэл эзэмшсэн тохиолдолд хоёр шугамын 4 жигүүр дөрвүүлээ бие биеэ сүлжсэн маягаар ижил тэнцүү давхаралдаж харагдах ёстой. Тэгвэл баруун зүүн хоёр тархиа хооронд нь дээд зэргээр холбож чадаж байна гэсэн үг юм.

Өнгө ба аура
Энэ 2 анхаарал төвлөрүүлэх дасгалын тусламжтайгаар бид бодит өнгөнүүд өөр өнгийн хүрээлэлтэй байдгийг харлаа. Улаан өнгө номин ногоон, номин ногоон өнгө улаан, улбар өнгө цэнхэр, цэнхэр өнгө улбар, шар өнгө гүн ягаан, гүн ягаан өнгө шар, ногоон өнгө ягаан, ягаан өнгө ногоон өнгийн аураг үүсгэж байдаг. Үүнийг ямар ч жаахан хүүхэд баталж чадна. Байгаль өөрөө тэр чигтээ өнгөний хүрээний хослол юм. Улаан өнгийн өдтэй ямар ч шувууны биенд номин ногоон өнгийн хэсэг байж л байгаа. Загас, эрвээхий, цэцгэн дээр ч энэ бүхэн харагдана. Хэрэв та ногоон өнгийн даашинзтай бүсгүйн гадуур ягаан аура харж байвал тэр хүний биш даашинзных нь аураг л харж байна гэсэн үг.

Аураг унших:
Энэ дасгал нь анхны удаа аура харахад зориулагдсан юм. Орчноо зөв сонгох нь маш чухал.

1. Хүнээ цулгай цагаан фонын наана суулгана. Учир нь өөр өнгөний ауратай тухайн хүний аура холилдож мэднэ.
2. Нэг цэгийг сонгож ав. Духны тэг голд харвал сайн. Энд гурав дах буюу билгийн нүд байрладаг. Сонирхуулахад Энэтхэг зэрэг зарим улсад духны голд тэмдэг тавьдаг нь аураг харах зориулалттай байсан байж мэднэ гэсэн таамаглал бий.
3. Тэр цэг рүүгээ 30-60 секунд ширт.
4. 30 секундын дараа өнөө цэгээсээ хараагаа салгалгүйгээр өргөн хүрээний хараагаараа эргэн тойрноо ажигла. Тэр хүний биетэй ойролцоох хэсгийн фон илүү гэрэлтэй бөгөөд өөр өнгөтэй болохыг харах болно. Энэ бол аура юм. Анхаарлаа удаан төвлөрүүлэх тусам, илүү тод харах болно. Нэг цэг дээр төвлөрөх нь харааны чинь мэдрэг байдлыг сайжруулж, нүдэнд чинь хүрч байгаа аураны долгионыг тодруулдаг юм.

Аурагаа хараандаа буулгаж авах:
Хангалттай удаан хугацаанд төвлөрсөнийхөө дараа нүдээ ань. Чи аураг нэгээс хоёр секунд л харах тул бэлтгэлтэй байгаарай. Нэгээс хоёр секундын дараа фото мэдрэг эсүүд чинь тархи руу харагдаж байгаа долгионыг дамжуулахаа болино. Энэ боломжийг алдах юм бол эхнээс нь дахиад л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болно. Ямар ч сүүдэргүй, зөөлөн туяатай фон байвал сайн. Цээж зураг авахад ашиглагддаг фон шиг. Өөрийн аураг харахдаа цагаан фоны наана, тольноос 1,5 метрийн зайд зогсох хэрэгтэй.

Аура болон өнгөний хоорондын холбоо
Аура бол бидний мөн чанарын тусгал юм. “Мөн чанар” гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах хэрэгтэй байх. Бидний амьдарч буй нийгэм хүмүүсийг тодорхой ёс заншил, хэв маяг, дүрэм журам, зан араншинтай байхыг шаарддаг. Бид ихэвчлэн удирдах зорилготой хүмүүсийн үзэл бодолоор хүмүүжиж, түүгээр “боловсрол” олдог. Бидний мөн чанар бол бид дүр эсгэлт, зуршил, дэг жаяг, өөртөө үүсгэсэн хуурамч зан араншингаасаа татгалзах үед цаана нь үлдсэн зүйл юм. Зарим хүн нийгмийн багийг хэт удаан зүүснээсээ болоод жинхэнэ өөрийгөө танихаа болидог. Ерөнхийдөө аура хэр өнгөлөг, цэвэрхэн, тод байна төдий чинээ тэр хүн сүнслэг тал руугаа хөгжсөн бөгөөд өөрийгөө сайн танин мэдсэн гэсэн үг. Мөн аура доторх энергийн урсгал хэдий чинээ ижил байна, тэр хүн төдий чинээ эрүүл, тэнцвэртэй байна.

Аура бүх биеийг бүрхдэг боловч, одоо тайлбарлах гэж байгаа өнгөний утга учир нь зөвхөн толгойны дээд хэсэг дэх хүрээтэй холбоотой юм. Ихэвчлэн хүний аурад нэгээс хоёр өнгө давамгайлсан байдаг. Энэ 2 өнгө нь тухайн хүний дуртай өнгө байх нь олон тохиолддог. Давамгай өнгөнөөс гадна, аура нь бодол, мэдрэмж, хүслийг илтгэдэг бөгөөд эдгээр нь ауранд анивчих, үүлших, дүрэлзэх маягаар илэрдэг.Жишээлбэл толгойны дээд хэсэгт улбар өнгө анивчих нь хүч чадал, эрх мэдэлийн төлөө шунаж буйн илрэл. Өнгө хурдан хувирч байвал бодол хурдан өөрчлөгдөж байна гэсэн үг.

Цэвэр өнгө гэж ямар өнгийг хэлэх вэ? 
(солонгын өнгө, тод, гэрэлтэй, булингаргүй):
Хөх ягаан: сүнслэг бодлуудын илрэл. Энэ өнгө удаан хугацаанд давамгайлдаггүй, зөвхөн түр зуурын үүлших, дүрэлзэх маягаар илэрдэг ба зөвхөн үнэн сүнслэг бодлын үед харагдана.
Цэнхэр: Тэнцвэртэй, амар амгалан амьдрал. Цэнхэр өнгө давамгайлсан хүмүүс тайван амгалан бясалгагч шинжтэй байдаг. Тухайн хүн мэдээлэл өгөх буюу авч байгаа тохиолдолд тод хөх өнгөөр гэрэлтдэг.
Номин ногоон: Бусдыг уриалан дуудах, аливааг боловсруулах, хүлээн авах эрч хүчийн илрэл. Номин ногоон өнгийн ауратай хүмүүс зохион байгуулах чадвар сайтай байдаг. Нэг зүйл дээр удаан төвлөрөх нь тэдний хувьд уйтгартай. Номин ногоон ауратай даргатай байх нь хүмүүст таалагддаг. Учир нь тэд зорилгоо тайлбарлаж, багаа уриалан дуудаж чаддаг.
Ногоон: Байгалиасаа эмчлэгч, тайвшруулагч шинжтэй хүн ийм өнгөтэй байдаг. Ногоон гартай, байгальд ээлтэй, түүний “гараар орсон” юм бүхэн анагаагдана.
Шар: Эрх чөлөө, зугаа цэнгэлийн өнгө. Эелдэг найрсаг зан, хөгжилтэй байдалаар дүүрэн ба аливааг хүндээр хүлээж авдаггүй.
Улабар: Урам зориг, ухаарал, хүч чадал, бусдыг удирдах хүслийн өнгө.
Улаан: Материалист, эд материаллаг бодлын өнгө. Материалист үзэлтэй хүний аурад энэ өнгө давамгайлна.
Ягаан: Сүнслэг чанараараа хайрын өнгө. Ихэвчлэн түр зуур оршдог бөгөөд ягаан давамгайлсан ауратай хүн дэлхий дээр тун цөөн. Зөвхөн дотоод болон гадаад ертөнцөө тэнцүүлж чаддаг, өөрөөр хэлвэл хөх ягаан ба улааныг хослуулсан хүн л цэвэр ягаан өнгөтэй ауратай байна.

Бохир өнгөний утга: 
(фоноосоо илүү бараан, утаат өнгөнүүд)
Бор: тогтворгүй, материалист, сатаарахдаа амархан, дотоод хүнээ үгүйсгэгч өнгө. Саарал: хар бараан бухимдаотай бодлууд, бохир хүсэл.
Гичний шаргал: уур хилэнгийн өнгө
Цагаан: согтууруулах мансууруулах бодис, өвчний өнгө.
Яагаад цагаан өнгө нь муу гэж? Цагаан өнгө бол чанга хашгирагч өнгө. Эв найрамдалтай, эвлэг өнгө биш юм. Хүн үхэхээс хэдэн цагийн өмнө аура цагаан өнгөтэй болж хүрээгээ тэлдэг. Тиймээс үхлийг хар биш цагаан өнгөөр дүрслэх нь элбэг байдаг гэжээ.

Энд бичсэнээр аура нь тийм ч далдын, ид шидийн зүйл биш аж. Харин энэ нь зөвхөн бидний биеэс ялгардаг өнгөний үелзэл ажээ. Айдас, цухал, атаархал, хардалт зэрэг бүх л муу муухай бодол бидний үелзэлийг сүйтгэдэг гэнэ. Тэгэхээр энэ бүхний цаана өнөө л үргэлж сайхан зүйлийн тухай бодож, хүнд зөвхөн сайн санаж явах тухай оршиж байгаа юм. Бидний бодол санаа биеийн эд эс бүрийг, тэднээс ялгарах долгион бүрийг удирдах чадвартай.


Чи ямар өнгөтэй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.