Шинэ оноо мартагдашгүй угтана гэдэг тэр жил давтагдашгүй байна гэсэн үг байх, тийм үү бүсгүйчүүдээ?
Бонустай шинэ жил
Яг нэг жилийн өмнөх 12-р сарын 31-н хэзээ ч мартагдахааргүй сайхан шинэ жил болж өнгөрч билээ. Эмээ минь байхгүй болсноос хойш тэгж их баярласан шинэ жил байгаагүй юм даг. Тэр үед манай найз залуу гадаадад сурдаг байсан. Тэгээд хэдхэн өдрийн өмнө надаас шинэ жилийн ямар бэлэг авах уу гээд сонгуулаад байхаар нь “Надад бэлэг угаасаа хэрэггүй ээ. Тэр холоос яаж ч авчрах юм” гэсэн чинь манай найз залуу нэг үнэртэй усыг сонгочих, бонустай байгаа гээд л байлаа. Тэгэхээр нь “Зооз” гээд л мессенжэрдлээ. Яг он солигдох гээд байж байтал түүний найз нь “Чамд бэлгээ яг одоо өгөөрэй гэж захисан юм, гараад ир” гэдийн. Би нээх юм бодоогүй, хаалгаа онгойлгоод л харсан чинь найз нь “Май” гээд хайрцагтай юм өгөхөөр нь “За, баярлалаа” гэж аваад л хаалгаа хаах гэсэн чинь дээд давхрын шатнаас найз залуу маань үсрээд л гараад ирсэн. Би бүр орилоод л, тэр үед ямаррр их баярласан гээч! Тэгсэн чинь “Он гарахаас өмнө онгоцноосоо буух гээд их санаа зовж байлаа. Бонус нь би, таалагдаж байна уу” гэсэн. Би бүр уйлаад, тэврээд, баярлаад юу юу ч давхцсан юм бүү мэд. Ямар ч гэсэн үнэхээр их баярлаж билээ.
Шүдний өвчинг эдгээсэн шинэ жил
Миний амьдралын хамгийн гоё шинэ жил 16-тайд минь гадаадад байдаг байхад болсон. Манайхан байрандаа нилээд хэдэн монголчуудтай, тэд нартайгаа шинэ жилээ тэмдэглэх гээд юм хумаа бэлдэж байтал гэнэт шүд бүр аймар өвдөөд, би ёстой үхтлээ уйлсан даа. Тэгээд ч тэр үед найз бандитайгаа муудалцаад, сэтгэл санааны хямралтай байсан болохоор бас сайхан уйлах шалтаг болсон. Бүх хүмүүс шинэ жилээ тэмдэглэх гээд төлөвлөсөн газрынхаа ресторан руу явахад би ганцаархнаа уйлаад үлдсэн юм. Харин он гарахад 20 минут дутуу байхад найз банди маань над дээр бэлэг барьж орж ирэд уучлал гуйсан. Гэтэл яг тэр үед миний хамаг өвчин алга болчихсон ккк. Ер нь бол шүд жаахан, сэтгэл л дэндүү их өвдөж байсан юм шиг байна лээ. Тэгээд уйлж уйлж байснаа гэнэт инээгээд тэр минь аймар гайхсан. Одоо бодохоор ичмээр ч юм шиг, дэндүү гоё байсан шүү!
Ээж ээ, охин нь сайн яваа шүү!
Миний амьдралын хамгийн гоё, дурсамж дүүрэн тэр нэгэн шинэ жил ээжтэйгээ хоёулхнаа өнгөрүүлсэн хамгийн эхний бас хамгийн сүүлийн шинэ жил. Яг одоогоос гурван жилийн өмнө бид хоёр шинэ жилээ тэмдэглээд, би гэж нэг хүн салют буудуулах гээд гадаа хоёулаа дааран байран буудуулсан юм. Тэр үед дээрээс минь жаахан оч унах шиг л болсон. Гэртээ ороод толинд харахад яагаач үгүй байсан чинь маргааш нь миний баруун нүдний сормуус, хөмсөг шатчихсан байж билээ. Тэрнээс хойш хөмсөгнөөс минь долоо хоног гаруй шатсан үнэр үнэртсэн гээч! Харин хоёр сарын дараа сормуус минь ургасан шүү. Ээж ээ, охин нь сайн яваа. Та минь бурхны орноос намайгаа хараарай. Таньдаа хайртай.
Учиртай гурван толгой
Хайрттайгаа танилцсан анхны жилээ хөдөө аймагт оноо гаргасан юм л даа. Найз залуу маань шинэ оноо хамт угтана гээд манайаас хэдхэн хашааны цаана байдаг ахындаа оччихсон байлаа. Тэгээд яг ерөнхийлөгч үг хэлж байхад гэр гэрээсээ гараад “Шинэ оны мэнд” гээд тэврэлдсэн чинь тэнгэрт салют буудахтай зэрэгцээд хайрт минь аймаар орилдог юм байна. “Хүүе яаваа” гэтэл манай нохой ирээд шилбэнээс нь хазчихсан, би ч үхтлээ инээж билээ. Намайг хашаанаасаа гарахад нохой дагаж гарж л дээ. Дараа нь найзууддаа хэлж бөөн инээдэм болсон. Тэгж д найз залуу маань тэврэлдээд, хазуулаад шинэ оноо угтсан юм даа кк.
Уут дүүрэн Hello Kitty!
Намайг бага байхад үнэхээр мартагдашгүй сайхан шинэ жил болж өнгөрч билээ. Тэр жил ээж маань Япон руу оюутан солилцооны хөтөлбөрөөр богино хугацаатай яваад, оронд нь нэг залуу ирж манайд амьдрангаа энд сурсан юм. Тэгэхэд би дөнгөж 12 юм уу 13-тай л байсан байх. Hello Kitty-д аймар дуртай, жижиг сажиг зүйлсийг нь цуглуулдаг, гэхдээ монголд нээх гоё нь байдаггүй байлаа. Шинэ жилийн өдөр ирж, ээжийн явуулсан мөнгөөр аав бид хоёр “Миний зах” орж байгаад түрдэг том тэргээр дүүрэн гоё идэх юм аваад гэртээ тэмдэглэж байтал нөгөө Япон ах орж ирээд надад Hello Kitty-гийн ягаан тор дүүрэн гоё юм бэлэглэсэн. Тэр торонд нь дандаа цүнх, сам, сойз, таавчиг, тэмдэглэлийн дэвтэр, майк гээд зөндөө хүсдэг юмнууд байж билээ. Ухаангүй орилоод л нэг нэгээр нь гаргаж байснаа тод санадаг шүү.
Санта бас цасан охинтой шинэ жил
Зурагтаар харж байхад олны танил хүмүүст сюрприз барьж, гэрт нь санта, цасан охинтойгоо явж ордог шүү дээ. Харин дүү бид хоёр гэртээ яг тэгж байсан юм хэхэ. Манайд байсан өвлийн өвгөний малгай, нүүртэйгээ цуг багийг дүү маань зүүгээд том улаан цамцан дээр тэлээ зүүгээд өвлийн өвгөн болсон. Харин би обручикаараа титэм хийж, цасан охин болоод яг он гарахын өмнөхөн гэрээсээ гарчихаад хонх дарж “Сюрпрайзз!” гэж хэлээд орж байсан. Гэрийхэн маань бүгд мэдэж байхад шүү дээ. Хамгийн инээдтэй нь манай дүү надаас насаар бага, хамаагүй жижигхэн биетэй болохоор ямар эгдүүтэй өвлийн өвгөн болсон гээч. Одоо бид хоёрын зэрэгцэж зогсоод авахуулсан зураг байдаг, ёстой хөөрхөн.
Үүрээр ирсэн шинэ жил
Манайх шинэ оноо жил бүр гэртээ тэмдэглээд л, зурагтаа үзэж өнгөрөөдөг байлаа. Харин түрүү жил арай өөр тэмдэглэх гээд, эртнээс ээждээ хэлээд зөвшөөрлөө авчихсан байсан юм. Оноо бүгдээрээ гэртээ гаргачихаад, би найзуудтайгаа уулзаж тэр үед зохиогдсон нэг парти –руу явцгаасан. Ямар парти нь гэдэг нь биш, зүгээр л бид нар хамтдаа, 2012 оныг угтаж байгаа гэдэг нь хамгийн гоё байсан. Тийшээ явахаасаа өмнө бөөнөөрөө талбай орж зургаа авахуулсан, бүгд ижилхэн подолкоороо гоёсон, тараад караокэ орж үүр цайтал үргэлжлүүлэн дуулж бүжиглэсэн гээд хэзээ ч мартагдахгүй сайхан шинэ жил болсон шүү. Дуулж дуулж байгаад гарж ирэхэд, гадаа цав цагаан, шинэ оны хэн ч гишгээгүй цас угтаж байсан. “Зүгээр л тасархай” гэдэг үгнээс өөр үг орж ирэхгүй л байна.
Уралдаж бэлгээ авдаг өглөө
Бага байхад манай аав ажлын газартаа өвлийн өвгөн болж бусад ажилчдын хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан юм. Тэгээд үлдсэн бүх бэлгээ гэртээ авчраад ширээ, сандал, шүүгээ гээд хүний нүдэнд харагдах олон газар өлгөчихнө. Өглөө сэрээд бид хоёр тэр бэлэгнүүдийг уралдаж авах гээд гүйлддэг байж билээ. Ийм сайхан дурсамж бүтээж өгсөн аавдаа маш их баярладаг. Харин энэ шинэ жилийг миний хувьд хамгийн чухал шинэ жил болно гэж бодож байгаа. Учир нь он гарахын өмнө би тухайн жилийнхээ муу муухайг уучилж, ирэх жил юу хийхээ төлөвлөж, хүслээ шивнэн бичиж тавьдаг. Энэ онд насан туршийн аз жаргал авчрах ирээдүйн тэр л хүнийг учруулахыг хүсэн хүслээ шивнэх болно. Чин сэтгэлээсээ хүсэж шивнэвэл үнэхээр биелдэг юм шүү, бүсгүйчүүд минь.
Тэр минь үүрд минийх байгаасай гэж хүсэх шинэ жил
Эмэгтэй хүн яг л нар шиг. Боломж гарсан үе бүртээ цацарч, хайртайх хүн бүхнээ гэрэлтүүлж, аз жаргал бэлэглэдэг. Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол энэ ертөнцийн цорын ганц нар, азтай нэгэн гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Амьдралын урт бөгөөд ээдрээт жимээр алхахдаа аз жаргалыг олж мэдэрсэн нь бид бүгдийн биелэгдсэн хүсэл юм шүү. Иймээс шинэ оноо угтахдаа өөрт байгаа аз жаргал бүхэндээ талархаарай. Харин би яг 31-ний орой 00:00 цагт зөвхөн тэр л хайртай хүнээ үүрд минийх байгаасай гэж залбирах болно оо. Энгийн сонсогдож байж болох ч ирээдүйн аз жаргалын цэцэгс бүр түүнээс минь үндэслэдэг учир зөвхөн минийх болсон түүнийгээ алдахгүй ээ. Амжилт, ертөнцийн цор ганц наран бүсгүйчүүд минь!
Үнэхээр л хайртай бүхэнтэйгээ хамт байна гэдэг дээдийн жаргал шүү. Яг одоо та ч гэсэн өөрт байгаа зүйлсдээ талархаж, ирэх жил үүнээс ч их аз жаргалыг хүсэн залбираарай.