Мянган цэцэгсийн шүүдэрээр угааж хэвлийдээ нууж авч ирсэн эрдэнэ минь
Марал оддын сүүн гэгээнээр үлгэр яриулж эрхэлсэн элбэрэл минь
Сэтгэлийн торгон утсан дээр буртаг суухад үргээсэн үр минь
Сэлгээ чөлөөгүй амьдралд ядархад минь сэтгэл амраах гэж ирсэн үргэлжлэл минь
Анх чамайгаа олохдоо дэндүү ихээр баярлаж Ээж нь уйлсан
Арван сар хэвлийдээ тээхдээ жижигхэн зүрхээр чинь тэжээгдэж Ээж нь амьдарсан
Амьдралд хэнийч үгээр байгаагүй эрх дураараа ээждээ
Алаг үр минь чи хайрлахын ухаан өвөртөж ирсэн бяцхан сахиус
Уйлан уйлан өрцөн цаанаас улаaн нялзрай амьтан унахад чинь
Уураг сүүгээрээ аргадан аргадан амлуулж хэвтэхдээ
Эмэгтэй хүн болж энэ хорвоод ирсэнийхээ дүүрэн жаргалыг эдэлж
Ээжийгээ намайг яаж төрүүлж байсныг чамаасаа л тэгхэд нь мэдэрсэн охин минь
Тэнтэр тунтар алхаад унахад чинь дэлхий унах мэт уулгалан сандарч
Тэнд энд гишгээд ойчиход чинь орчлон хазайх шиг барьц алдан самуурч
Өөвөн сөөвөн алхаж ядхад чинь өвгөд малгайгаар цохиж домноход
Өөрөө цохиулсан мэт өр өвдөж ээж нь чамтай хамт хөлд орж сурсан үр минь
Ээжээ гэсэн ганцхан үгээр хэлд ороход чинь баярлаж
Ээжээ гэж хэлд орсон гэж бусдад ярин бахархаж
Билүү чулуу гэж хэлийг чинь зүгшрүүлж суухдаа өөрөө чам шиг болж
Бид хоёр хамтдаа хэлд орж сурсаан охин минь
Охин минь он цаг хуучирхад намайг дуурайж үлдэх Ижий минь
Үр минь үлгэр дуусахад үргэлжлүүлж эхлүүлэл Ээж минь
Ухааны сүлжээсээ үс шигээ бүү задлаарай Ээж нь гомдоно
Уургаар тэжээгдсэн зүрхээ дандаа халуун байлгаарай Ээж нь баярлана
Охин минь орчлонгийн ганц гоёл минь
Үр минь үндэснээс минь салаалсан мөчир минь
Оддын дор ээж нь дахин залуужихгүй ч
Үр минь болсон чамаасаа залуу насаа олж харах би азтай хүн
Хиргис Цогоо Отгонбаяр