М.Уранцэцэг: Жүдо бөх миний амьдралын гол зорилго

712-1544485204c71115741a9c1daffefa9050051556e9
Монголын үндэсний шигшээ багийн шилдгийн нэг, дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй төсөрхөн ярилцлаа. Түүнтэй амжилтын буухиагаа эхэлж “Лондон-2012” олимпод оролцох эрхээ аваад байхад нь анх уулзаж байсансан. Тэгвэл өнөөдрийн М.Уранцэцэг зорилгынхоо оргилд хүрэх дөхсөн нэртэй тамирчин, Монголын жүдогийнхний гол найдвар гэгдэж байна.
-2018 оныг амжилтаар үдэх гэж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Миний хувьд тун өгөөж арвинтай жил байлаа. Улсын аваргад түрүүлснээс эхлээд оны сүүлчээр болсон Абу-Дабигийн “Гранпри”-д аваргаллаа. Дараа нь Японд болсон “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ.
–Японы “Их дуулга”-д олон удаа оролцсон байх шүү дээ. Өөрөө?
-Тийм ээ. Таван удаа оролцож дөрөвт нь медаль авлаа. Жүдогийн эх оронд болдог энэ тэмцээнийг “бага олимп” гэж нэрлэдэг. Аргагүй л олимпийн дайтай олон орны шилдгүүд ирдэг тэмцээн учир өрсөлдөөн их байдаг.
–Өөртэй чинь хэдэн жилийн өмнө уулзаж байхад жүдогийн төрлийг хэрхэн сонгосноо ярьж байсан даа?
-Би уг нь боксын тамирчин болох чин хүсэлтэй байсан юм л даа. Баянхонгороосоо нийслэлд шилжин ирж дунд сургуульд сурч байхдаа сав л хийвэл Спортын төв ордноор ордог. Бокс хаана нь тоглодог юм бол гэж. Ингэж явахдаа жүдогийн тамирчид бэлтгэлээ хийж байгаатай таарч нэг хэсэг сонирхлоо. Тэгээд л жүдог сонгож самбогийн дасгалжуулагч Баярсайханд саналаа хэлснээр санаа амарсан даа.
–Тэгээд жүдог сонгосноор буруудсангүй дээ тийм ээ?
-Тийм л дээ. Хоёр удаагийн олимпод зодоглолоо. Дэлхийн аварга хэмээн цоллуулдаг боллоо. Зорилгоо биелүүлж л явна.
–Одоо ямар тэмцээнд явах гэж байна вэ?
-БНХАУ-ын Гуанжоу хотноо болох дэлхийн чансааны 16-д багтах шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээнд оролцохоор мордох гэж байна. Оны сүүлчийн тэмцээн учир амжилтын буухиагаа үргэлжлүүлнэ л гэж хичээнэ дээ.
–Энэ тэмцээнд эмэгтэй гурван тамирчин явах юм гэл үү?
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, бас гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг бид гурав л даа.
–М.Уранцэцэг гэдэг жүдоч тив, дэлхийн чанартай “Гранпри”, “Их дуулга” тэмцээнээс 30 гаруй медаль хүртсэн. Түүний 10 гаруй нь алтан медаль байдаг гэж сонссон. Энэ тухайд..?
-Тэр бүхэн миний жүдод үнэнчээр 10 гаруй жил зүтгэсний минь үнэлгээ. Анх “Женко”-д тамирчин болсныхоо дараа 2009 онд үндэсний шигшээ багийн гишүүн болсон. Өмнөх жил нь жүдогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд анхны алтан медалиа хүртснээс хойш нэг мэдэхнээ тив, дэлхийн олон медаль авлаа. Энэ бол миний бахархал. Бас зөвхөн жүдо биш самбо, кураш бөхийн дэлхийн аваргын алтан медаль бас бий. Та тоо хэллээ. Би өөрөө бол медалиа тоолоод байдаггүй л дээ. Ямар ч гэсэн тууз маань медалиар дүүрсэн л дээ.
–Өөрийн чинь гол өрсөлдөгч 48 кг-д хэн бэ?
-Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг. Түүнтэй сүүлийн гурван жилд олон тэмцээний финалд учраа таарч байна даа. Бас Японы нэртэй жүдочидтой өгөө, аваатай л өдий хүрлээ.
–Цаашдын зорилго тань юу вэ?
-2020 оны Токиогийн олимпод хэн гэдгээ харуулахыг хичээнэ ээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Уранцэцэг: Жүдо бөх миний амьдралын гол зорилго
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.