Б.Мөнх-Оргил хуудаснаас
Жаргана жаргана гэж эхлүүлдэг ч
Жаахан алдаа л зовлон нэмдэг юм
Эвээр эвээр гэж бууж өгдөг ч
Эцэстээ миний л буруугаар төгсдөг юм
Маргах бүртээ л чиний зөв
Магад энэ л бидний алдаа
Уураа гартал дуугаа хураачихдаг нь
Уучлахад төвөгтэй бидний л алдаа
Нимгэхэн гомдол болгоомжгүй үгээрээ
Нэвсийсэн цас шиг гуниг буулгана
Багахан тунирхал хэнэггүй зангаараа
Байшин далдрам бодлоор булна
Аргадахад хэцүү аашийг чинь олох гэж
Алиалж уурлаж янз янзаар л хичээх юм
Бүтэлгүй олон зүтгэлийн минь төгсгөлд
Бүдгэрсээр арилах ч, удаан юмаа
Шантран суухдаа өөрийгөө шоолоод
Шал дэмий гөжсөндөө баясана
Хөгжилтэй боловч гунигтай мөчүүддээ
Хүрээлэн, цэцэрлэгээр ганцаараа алхана
Хайрын дуу, шүлэг, кино
сонсоход, уншихад, үзэхэд
Хамгийн түрүүнд чи л …
бодогдоно, дүрслэгдэнэ, төсөөлөгдөнө
Тэмүүлсээр би чам руугаа л очино
Тэнгэрийн дор чи минь л минийх
Яарсаар би чам руугаа л очино
Яаж тунирхсан чи минь л хүлээдэг ээ
Хайрлана хайрлана гэж өөртөө амладаг ч
Халамж нөмрөөр дутаадагаа …
Хамтдаа хамтдаа гэж хошуугаа дэвсдэг ч
Хаяад гардагаа мөн л …
Итгэнэ итгэнэ гэж хатуу шийддэг ч
Эргэлзээ бүрээрээ гомдоодогоо мэдэрлээ
Хань минь, хань минь гэж дотроо боддог ч
Хатуу үгээр мохоодогоо ч эргэцүүллээ …
Эргээд ирэхэд чи минь үгүй бол
Энэхэн дэлхий эзгүй мэт л …
Буцаад очиход чи минь үгүй бол
Буурал орчлон төгсөх мэт ээ …
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.12.06-нд