Хүүхдээ хэрхэн НОМД ДУРЛУУЛАХ вэ?

 80

Бидний хүсээд байдаг анхаарал төвлөрөлттэй болох, “сууж сурах”, өөртөө итгэлтэй болох, хэл ярианы чадамжийг хөгжүүлэх хамгийн гол хэрэглүүр НОМ болон ТОГЛООМ билээ. Тэгэхдээ сонголт зөв байх нь маш чухал. Энэ удаа номын тухай ярилцъя.

Хүүхэд эхийн хэвлийд байх 27 долоо хоногтойгоосоо эхлэн ном унших (сонсох) боломжтой болдог. Тэр үеэс л та хэр уйгагүй хамтран уншина, төдий чинээ хүүхэд хурдан номд татагддаг, дурладаг.

2-3 насны хүүхдийн анхаарал төвлөрөлт 4-6 минут л үргэлжилдэг. Үүнийг зохион байгуулалттайгаар буюу ном унших аргаар 10-12 минут орчим болтол хөгжүүлж болно.

Харин 5-6 насны хүүхдийнх хамгийн ихдээ 15 минут орчим байдаг бөгөөд сонирхлыг нь татсан зүйлд анхаарлын тогтворжилт 21-23 минут болж чаддаг. Ингэж санамсаргүй аргаар хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулах нь хүүхдийг суралцах үйлд бэлтгэж буй туйлын зөв алхам юм.

Сонирхолтой ном унших үед хүүхэд ам нь ангайгаад нүд нь бодлогоширонгуй болчихдог. Энэ нь тархи өөрөө ангайчихсан байгаа амыг хаахаа хүртэл мартаад ном руу анхаарсан байна гэсэн үг. Тэр номоо дахин дахин уншуулах үедээ номын дундуур асуулт асуух, хуудас эргэхээс өмнө түрүүлж ярьдаг. Энэ бүрт та хүүхдийнхээ яриаг дэмжин тусалж харилцан ярилцаж байгаарай. Номоо 10-аад удаа уншуулсны дараа өөрөө танд ярьж өгөх гэж оролдоно. Энэ үед ч бас цоо шинээр сонсож байгаа мэтээр гайхан догдлон биеийн хэлэмжээрээ ч идэвхтэй сонсогч нь болоорой. Ингэж чадвал хүүхэд үнэхээр өөртөө итгэлтэй болж чаддаг.

☝️ Тэгэхээр аав ээж та хүүхдэдээ аль болох багаас нь өдөрт дунджаар 3 зурагт ном уншиж өгөөд, түүнийгээ харилцан ярилцаад дадчихвал хүүхдээсээ хүсээд байдаг хүсэл бүхэн тань биелэх боломжтой. Мөн унтахын өмнөх уншлагын цаг хүүхдийн ургуулан бодох, хийсвэрлэх сэтгэхүйг маш сайн хөгжүүлдэг.

Нэг удаа “Манай хүүхэд зурагтын өмнө тасралтгүй 3 цаг суудаг, хажуугаас нь хэн юу ч гэж байсан тоодоггүй. Энэ анхаарал төвлөрөлт биш гэж үү” гэсэн асуулт ирж байсан. Энэ анхаарал төвлөрөлт биш донтолт шүү. Хүүхэд зурагтаар гардагаас илүү тод, илүү хурдан, илүү адал явдалтай биш л бол юуг ч яаж ч анхаарахаа больчихдог маш муу гэмтэй.

Г. Төмөрзаяа

Эх Сурвалж: Зохиолч  Б.Баярхүү цахим хуудаснаас


Хүүхдээ хэрхэн НОМД ДУРЛУУЛАХ вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.